Кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч, хэзээ ч өртөх эрсдэлтэй. “Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо”, “Гаалийн хураамж төлөөгүй тул таны илгээмжийг илгээх боломжгүй байна”, эсвэл гадаадад байдаг хамаатан садны нэрийг барин мөнгө нэхэх зэрэг үйлдлүүд нь Кибер халдлагын фишинг төрлийн нэг хэлбэр юм. Таны утсанд дээрх байдлаар мессеж ирэх, цахим шуудангаар мэдэгдэл илгээх, линк явуулах, эсвэл сүрдүүлэх айлгах тактикийг хакерууд ашигладаг.
Жишээлбэл, тухайн илгээсэн линк рүү дараад орсон тохиолдолд таны мэдээллийг бүрэн авах боломжтой гэдгийг анхаараарай. Зөвхөн линк дээр л дарсан хэмээн бодож болохгүй үүнийг дагаад нэр, овог, утасны дугаар, регистрийн дугаарыг тань мэдээд авчихна. Улмаар дээрх мессежинд итгэн, картын дугаар, нууцлалын 3 оронтой тоогоо өгсөн тохиолдолд таны дансанд мөнгөө бүгдийг авах боломжийг халдлага үйлдэгч этгээдэд олгож байна гэсэн үг.
Кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн статистик 2019-2023 он
Кибер халдлагад өртөх эсэх нь таниас 95 хувь хамаардаг
“Кибер аюулгүй байдлын тухай хуульд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх ёстой гэж заасан байдаг. Аудитыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж хийх ёстой. Одоогоор 33 аж ахуй нэгж бий. Байгууллагууд тэдгээр 33 аж ахуй нэгжийн мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны вэбсайт дээрээс авч болно. Байгууллагууд тэдгээр аж ахуй нэгжүүдээс сонгон аудитаа хийлгэх боломжтой. Мөн олон улсын аудит хийлгэж болно. Олон улсын аудитыг хүчин төгөлдөрт тооцно.
Засгийн газраас онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг баталдаг. Энэхүү жагсаалтад орсон байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудитыг хийлгэх үүрэгтэй. Эдгээрт төрийн байгууллага ч бий, хувийн хэвшил ч байгаа. Нийт 252 байгууллага байдгаас 85 нь хувийн хэвшлийн байгууллага бий.
Салбараар нь ангилаад үзвэл банк санхүү, тээвэр шатахуун, эрчим хүч, эрүүл мэнд, үүрэн сүлжээ, цахилгаа холбооны байгууллагууд багтдаг. Мөн иргэдийн хувийн мэдээллийг хуримтлуулдаг, ашигладаг байгууллагууд багтана.”
Техник технологийн эрин үед кибер халдлагад орон зай үл хамааран хэн ч хэзээ ч өртөх эрсдэлтэй юм. Дэлхий дээр энэхүү аюулаас 100 хувь хамгаалсан улс гэж үгүй. Тиймээс халдлагаас зөвхөн вирусийн программ суулгаснаар 100 хувь хамгаалагдана гэсэн үг биш. Иргэн таны оролцоо, идэвх чармайлт 95 хувийг бүрдүүлнэ гэдгийг санаарай.
Одоогийн байдлаар Монголд 12 төрлийн кибер халдлага бүртгэгдээд байна. Үүнээс хувь хүн рүү чиглэсэн фишинг, албан байгууллага руу чиглэсэн рансомвэйр халдлага түгээмэл байна. Мөн Botnet халдлага ч бий. “Интермэд” эмнэлэг рүү халдсан тохиолдол нь рансомвэйр халдлага юм. Энэ нь тухайн байгууллагын мэдээллийг барьцаалж, мөнгө нэхдэг байна. Ийм төрлийн халдлага дэлхийн 150 гаруй улсад бүртгэгджээ. Харин фишинг халдлага гэдэг иргэдийн амархан мөнгөтэй болох, азтан болох сэтгэлгээ дээр тоглолт хийн, линкээр өгөөш өгч мэдээлэл авахыг хэлнэ. Botnet гэдэг нь төв компьютероос команд өгч, вирус нэмж суулгах үйлдлийг хэлнэ.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал С.Жавхлан:
“Хувь хүний нууцыг алдаж байна гэдэг тэр чигээрээ эрсдэл. Эхний ээлжид санхүүгийн эрсдэлд орж байгаа байх. Эрүүл мэнд, нэр хүнд гээд асар олон төрлийн эрсдэл дагуулна. Тухайн эмнэлэг ч гэсэн эрсдэлд орж байгаа байх. Нөгөө талаасаа “Интермед” эмнэлэг хохирогч юм. Кибер аюулгүй байдал улс орны хэмжээнд ч эрсдэл үүсгэх боломжтой. Энэ ч утгаараа кибер аюулгүй байдал үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг байдаг.
Бид халдлага байж болзошгүй талаар тус эмнэлэгт мэдэгдсэн. Зохих ёсны арга хэмжээг ч тухайн эмнэлэг аваад явж байсан. Ер нь байгууллагууд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байх ёстой. Хуулиараа ч тийм үүрэг хүлээдэг. Мөн нэгэнт халдлага үйлдэгдэж байх юм бол ямар хариу үйлдэл үзүүлэх юм, халдлага үйлдэгдчихсэн байх юм бол хэрхэн хохирол багатайгаар даван туулж, нөхөн сэргээх юм гэдэг үндсэн гурван хэсэг байгаа. Урьдчилсан сэргийлэх дээр илүү анхаарах хэрэгтэй.
Кибер халдлага, зөрчлийг түрүүлж мэдэх боломж байгаа ч бид Монгол Улсын хэмжээнд хянах боломжгүй. Манай байгууллага гэхэд өнөөдрийн байдлаар 145 байгууллага руу “Танайд ийм эрсдэл байна шүү” гэдгийг урьдчилсан сэргийлэх байдлаар мэдэгдээд ажиллаж байна.”
Монгол Улс Кибер аюулгүй байдлын индексээр Кибер халдлагад хариу үзүүлэх төвтэй 194 орноос 134-т эрэмбэлэгдэж байна.