
Цахилгааны үнэ тариф өчигдөр буюу Арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн нэмэгдсэн. Ингэхдээ доорх 3 шатлалаар нэмж байгаа юм. Энэ шатлал нь цахилгааны сарын хэрэглээ нь их бол их төлбөр, бага бол бага төлбөр төлнө гэсэн зохицуулалт билээ.
- 150 кВ.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөг
- 150-300 кВ.ц хэрэглээг 256 төгрөг
- 300 кВ.ц-аас дээш хэрэглээг 285 төгрөг
Манай улсын хэмжээнд 788 мянган ахуйн хэрэглэгч байдаг. Үүний 45 хувийг 150 кВт.ц хүртэл, 40 хувийг 150-300 кВт.ц, 15хувийг 300 кВт.ц-аас дээш цахилгаан хэрэглэгчид эзэлж байна. Энэ зохицуулалтын цаана нэгэнт эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай, цахилгаан станцууд ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн өнөөгийн нөхцөлд иргэдийг хэрэглээгээ хэмнэдэг болгох зорилго бий гэж албаныхан хэлээд буй. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчээ хэмнэх энгийн дадлуудыг хуваалцаж байна.

ГЭРЛЭЭ УНТРААЖ ХЭВШИХ
Өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж сурах хэрэгтэй. Статистик мэдээнээс үзвэл өрхийн эрчим хүчний 30 хүртэлх хувийг хүнгүй, хоосон өрөө гэрэлтүүлэхэд зарцуулдаг. Тэгэхээр хүнгүй өрөөний гэрлийг унтрааснаар ямар их хэмжээний мөнгө хэмнэж болох нь ойлгомжтой.
ЗАЛГУУРААР НЬ САЛГАХ
Бид цахилгаан хэрэгслүүдийнхээ залгуурыг төдийлөн салгаад байдаггүй. Тэгвэл салгаагүй үлдээсэн зурагт, угаалгын машин, хатаагч, богино долгионы зуух, цэнэглэгч гэх мэт зүйл бага багаар цахилгаан идсээр байдаг. Цахилгаан юу л идэж шалив гэж бодож болох ч өдөржин шөнөжин залгаатай байгаа цэнэглэгч бага багаар идэж байдаг. Өнөөдөр интернэт модем, IP телевиз гэх мэт зүйлс, айл болгонд шахуу байгаа. Иймд гэрээс гарах, удаан хугацаанд эзэнгүй үлдээх бол тэр болгоны цахилгаан модем, дамжуулагч төхөөрөмжүүдийг гүйцэд унтрааж байх хэрэгтэй.


ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЧИЙДЭН АШИГЛАХ
Хуучны тунгалаг шилтэй уламжлалт чийдэн хэрэглэхээс татгалзаад эрчим хүч хэмнэгч чийдэн хэрэглэдэг болох хэрэгтэй. Гол нь эрчим хүч хэмнэгч жинхэнэ гэрэл хэрэглэх шаардлагатай шүү. Манайхны ярьж сурснаар “ориг” эрчим хүч хэмнэдэг чийдэн нь ердийн гэрлээс нэлээд үнэтэй байдаг ч шаталгүйгээр 6-8 дахин удаан хугацаагаар асах чадвартай, цахилгааныг гурав дахин бага хэрэглэдэг. Жилдээ ердийнхтэй харьцуулахад 170 кВт цаг хүртэл цахилгаан хэмнэх боломжтой.
ТЕХНИКИЙН ХЭРЭГЛЭЭГ ЦӨӨЛӨХ
Угаалгын машинаар долоо хоногт хоёр эсвэл гурван удаа бус харин ганц удаа хувцас угаах. Хүчин чадлыг бүрэн ашигла. Тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байх. Учир нь, дүүрэн ууттай үед тоос сорогч цахилгаан эрчим хүчийг илүү “иддэг”. Индүү дулаанаа сайн хадгалдаг болохоор зарим үед индүүдэж дуусахын өмнө салгачихаж болно.


ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦАХИЛГААН БАРАА АВАХ
Орчин үеийн техникийн дэвшил дээр эрчим хүч хэмнэлтийн зэрэглэлийг заавал тэмдэглэсэн байх ёстой болсон. Тиймээс цахилгаанаар ажилладаг эд зүйл авахын өмнө энэхүү зэрэглэлийг нь сонирхож үзэхэд илүүдэхгүй. Зэрэглэл нь A,B,C,D,E,F,G гэсэн байдалтай байна. Цахилгаан хамгийн их хэрэглэдэг нь “G” зэрэглэлтэй, “А” эсвэл “А++” зэрэглэл нь хамгийн хэмнэлттэй. Өөрөөр хайгаад олохгүй бол худалдагчаас нь асууж лавлахаас зовох зүйлгүй.
ХЭМНЭЛТИЙН ГОРИМООС ТАТГАЛЗАХ
Зурагтыг хүмүүс гол төлөв удирдлагаар унтраан хүлээлтийн горимд үлдээдэг. Ингэхэд асаалттай байснаас бага ч гэлээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн хэвээр байдаг. Компьютерийн дэлгэц ч мөн адил хүлээлтийн, эрчим хүч хэмнэх горимтой. Энэ горимд байхдаа ч цахилгаан хүч бага ч гэлээ хэрэглэсээр байдаг. Тиймээс гэрээс удаан хугацаагаар гарах гэж байгаа бол зурагтаа ерөнхий унтраалгаар нь унтрааж байх. Компьютерээс удаан хугацаагаар холдох бол дэлгэцээ унтраалгаар нь унтрааж байх хэрэгтэй.
ХУВЦСАА ХҮЙТЭН УСАНД УГААХ
Хувцсаа хүйтэн усанд угааснаар ус халаахад зарцуулдаг эрчим хүчээ хэмнэнэ. Тиймээс 30-35 градусын усаар хувцсаа угааж байгаарай. Ийм ус угаалгын машинд сайнаас гадна хувцасны хир толбыг сайн арилгадаг байна.