Аавтайгаа илүү дотно, бат бэх харилцаа үүсгэсэн охидын хувьд өсвөр насандаа жирэмслэх, эрт бэлгийн харьцаанд орох эрсдэл нь илүү бага байдаг талаар сэтгэл зүйч Б.Батчимэг хэллээ. Мөн аавтайгаа сайн харилцаатай хүмүүс сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгт өртөх нь бага тухай судалгаа бийг тэр онцолсон юм.
Энэ талаар сэтгэл зүйч Б.Батчимэг үргэлжлүүлэн ярихдаа, “Аав гэдэг хүн зөвхөн хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангагч биш. Хүүхдийнхээ дэргэд хамт байж, ярилцах, сонирхолтой зүйлс хийн, цагийг өнгөрөөх найз нь байх хэрэгтэй. Ингэснээр, хүүхдийнхээ тэр тусмаа охиныхоо ирээдүйд маш том нөлөө үзүүлдэг.
ААВТАЙГАА ДОТНО ОХИД, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ХАМГААЛАГДСАН МЭДРЭМЖЭЭР ДҮҮРЭН БАЙДАГ
Охидын хувьд эрэгтэй хүний хамгийн анхны төсөөлөл, анхны дүр нь аав байдаг. Аав хүн охиддоо, “эрэгтэй хүн ийм байдаг юм байна. Эрэгтэй хүнтэй ингэж харьцах хэрэгтэй юм байна” гэх мэдрэмжийг төрүүлдэг гэсэн үг. Өсвөр насны охидод ихэвчлэн гадаад үзэмждээ сэтгэл дундуур байх, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь доогуур байх шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үед аавууд охиддоо тусалж чадна. Охиныхоо хийж үзэж байгаагүй тэр зүйлүүдэд нь зоригжуулж, урамшуулах хэрэгтэй. Тэр нь эргээд охидын өөртөө итгэх итгэл, үнэлэмж нь дээгүүр байхад эергээр нөлөөлдөг гэсэн үг.
Харин аавтайгаа харилцаагүй, хол хөндий байдаг охидын хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж маш бага болчихдог. Өөрийнхөө үнэ цэнийг хангалттай сайн мэдрэхгүй, цаашлаад ирээдүйд эрэгтэй хүнийг сонгохдоо алдах эрсдэлтэй. Өөрт нь зөвхөн гоё сайхан үг хэлсэн хүнийг ч сонгох магадлалтай. Ирээдүйн ханиа сонгоно гэдэг амьдралын маш чухал сонголт шүү дээ. Түүнд хүртэл нөлөөлдөг. Аав нь охиныхоо бага насанд хэрхэн анхаарч, юу зориулж байна, тэрийг л эрэгтэй хүнээс хүлээдэг юм.
ШИЛЖИЛТИЙН НАСАНД ХҮҮХДҮҮД ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНААС ИЛҮҮ, НАЙЗ НӨХДИЙН ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭДЭГ
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ганцаарчилж ярилцахдаа, хүүхдийнхээ үзэл бодол, сэтгэл санаанд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ихэвчлэн эцэг эхчүүд л яриад байдаг шүү дээ. Ярилцъя гэчхээд, өөрөө л яриад байдаг нь олон. Тэгэхгүйгээр хүүхдээ сонсоод, та илүү бага ярих хэрэгтэй. Нөгөө талаас шилжилтийн насанд хүүхдүүд гэр бүлийн харилцаанаас илүү, найз нөхдийн харилцааг эрхэмлэдэг учраас, найз нөхөдтэй нь холбоотой байж, тэднийг нь асууж ярилцаад, найзуудыг нь таньж, мэдэх нь чухал. Ингэснээр хүүхдүүдтэйгээ ойлголцоход хялбар болох боломжтой” гэлээ.