Ажлын байран дээр гараад удаагүй залуусын хувьд өглөө хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд ажилдаа цагтаа ирэх, орой хүүхдээ цагт нь авах гэдэг бэрх зүйл. Залуус нэг бол аав ээж, ах дүүгээ дайчилна. Эсвэл аль нэг нь ар гэрийн ажлуудаа харгалзан үлдэж нийтийн хэлдгээр гэртээ сууна. Энэ мэтээр нийгмийн буруу тогтолцооноос үүдэн хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаа залуус ч цөөнгүй байна.
ЭХНЭР АЖИЛДАА ЯВАЛГҮЙ ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ НЬ ЗӨӨЖ,АСАРДАГ
Намайг Д.Мягмарсүрэн гэдэг. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Хүүгээ 2 нас хүргээд эхнэр маань ажилдаа орсон боловч ойр ойр ханиад хүрч хоёр зэрэг ажлаа цалгардуулах болсон. Аав ээж нар маань өөрсдийн ажлаа хийгээд харж өгөх боломжгүй учир хоёулаа ярилцаад эхнэр ажлаасаа гарсан юм. Одоо хүү маань гурван настай. Эхнэр гэрээрээ онлайн шоп ажиллуулдаг. Гэхдээ хүү маань ханиад хүрэх, өвдөх үедээ 1 сар хэртэй цэцэрлэгээсээ чөлөө авч таардаг. Эдгээд хэсэг явна. Удалгүй ханиад хүрээд буцаад завсардана. Энэ мэтээр л цэцэрлэгт явсан болж байна даа.
ХОТОД ХЭЦҮҮ БАЙСАН УЧИР ХҮҮХДЭЭ ХӨДӨӨ ААВ ЭЭЖДЭЭ ҮЛДЭЭСЭН
Өмнө жил хүүгээ цэцэрлэгт өгөөд хоёулаа ажил хийж үзсэн. Бид хоёрын ажил гэрээс зайтай. Орой цагт нь авч байхын тулд ажилтайгаа ойр цэцэрлэгт өгсөн юм. Гэвч хүү маань өглөө оройдоо замд маш их ядрах болсон. Ойр ойрхон ханиад хүрээд л тэр бүрд ээлжилж чөлөө авсаар өрхийн орлого маань ч багасаж байгаа юм. Тэгээд л энэ жилээс хөдөө аав ээждээ үлдээж тэнд нь цэцэрлэгт явуулах болсон доо. Хүүхдээсээ хол байх хэцүү л байна. Гэхдээ хүү маань өвдөж хавдаад ядраад байхгүй сэтгэлд илүү амар байгаа. Аль болох амралтын өдөр бүрээр хүү дээрээ очихыг хичээдэг.
ЭЭЖ МААНЬ ХОЁР ДАХ ЖИЛДЭЭ ХҮҮХДҮҮДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ НЬ ЗӨӨЖ БАЙНА
Манайх тэрсхэн 2 хүүхэдтэй. Бүхий л зүйлээ эхнээс нь босгож байгаа залуу гэр бүл учир хоёр зэрэг ажиллахгүй л бол нэг хүний цалин сарын зардалдаа ч хүрэлцдэггүй. Тиймээс ээжийгээ нутгаас нь авчраад хүүхдүүдээ харуулж эхнэр маань санаа амар ажлаа хийж байна. Өөрийгөө өсгүүлчхээд ачийг нь хариулна гэж том том зүйл ярьж явсан хүн одоо ачийг нь харуулаад л амьдруулж байна даа. Залуус бие даагаад хоёр зэрэг ажлаа хийгээд хүүхдээ цэцэрлэгт нь зөөгөөд ээж аавдаа дараа болохгүй амьдрах боломж Улаанбаатар хотын нөхцөлд боломжгүй зүйл болсон.
Залуу эцэг эхчүүд энэ мэт асуудлуудыг дурдаж байна. Харин нөгөө талд цэцэрлэгийн багш нар өглөө 8-аас оройны 18 цаг хүртэл ажиллах цагийн хуваарьтай боловч 7 цагаас 19 цаг хүртэл бүтэн 12 цаг ажиллаж байгаа талаараа ярьсан юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгийн эрхлэгч
Манай цэцэрлэг хотын төвдөө байршилтай. Ихэвчлэн энэ хавийн төрийн албанд ажилладаг эцэг эхчүүд хүүхдээ өгдөг юм. Тиймээс өглөө 7 цагаас үүд хаалгаа нээдэг. Орой эцэг эхчүүд маань хүүхдээ увж цуван авсаар хамгийн сүүлийн хүүхдийг 7-7.30 минутын орчимд л өгч явуулдаг даа. Төвд байршилтай цэцэрлэг байж энэ мэтээр сунаж ажиллаж байхад хотын захын цэцэрлэгүүд хэд хүртэл ажилладаг бол гэж бодох үе байдаг шүү. Эцэг эхчүүд маань аль чадахаараа л эрт авахаар яаран гүйж ирдэг. Гэхдээ л энэ хотод хэчнээн хичээсэн ч цагт нь авах боломж байхгүй байна шүү дээ.
Боловсролын ерөнхий газраас авсан мэдээллээр цэцэрлэгт бүртгэлтэй 285 мянга орчим хүүхэд байна. Тэр дундаа Улаанбаатар хотод амьдарч байгаа залууст хүүхдээ цэцэрлэг, сургуульд зөөх гэдэг бэрх ажил. Угтаа энэ нь өдөр тутмын энгийн ажил үүрэг хэдий ч нийслэл хотын нөхцөл байдал эцэг эхчүүдийн хөдөлмөрлөх, үр хүүхдийн суралцах эрхийг ноцтой зөрчсөөр байна.