Сэтгүүлч хүн мэдээ, сурвалжилга, нийтлэлээ иргэдийн мэдэх эрхийн төлөө бэлтгэн нийтэлдэг. Гэвч энэ явцдаа санамсаргүйгээр хүний эрхэд халдах, мөн өөрийнхөө эрхийг зөрчүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ нь ихэвчлэн сэтгүүлч өөрөө хүний эрхийн талаар мэдээлэл дутмагаас болдог талтай. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг ч мөн эл явдлын жишээ юм. Дээрх агуулгаар Хүний эрхийн зүтгэлтэн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.Тэрбээр өнөөгийн нийгэмд сэтгүүлч бүр хүний эрхийн талаар өргөн мэдлэгтэй байж байж л иргэдийн болоод өөрийнхөө эрхийг хамгаалж үлдэж чадна хэмээн онцолж байв.
СЭТГҮҮЛЧИД ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГТЭЙ БАЙСНААР НИЙГЭМ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ
Сэтгүүл зүйн салбар тэр чигээрээ хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Сэтгүүлчийн мэдээллийг авч байгаа иргэн хүний эрхийн мэдрэмжтэй зүйлийг уншиж байх ёстой. Тэгж байж бид уг мухраараа эрхээ хамгаалж чадна. Бид бүх нийтээрээ эрхээ эдлэх чадвараа сайжруулахгүй бол төрийн албан хаагчийн амнаас гарч байгаа үг, төрөөс яллаж байгаа яллагчийн дүгнэлтийг шүүгч нар 75 хувиар авч үзээд иргэний, хохирогчийн үгийг 25 хувиар авч үзэж байна. Ирээдүйн шүүгч болох хүн өнөөдөр оюутны танхимд сонин уншаад телевиз үзээд сууж байгаа. Тэр хүнд анхнаас нь хүний эрх болон төр гэдэг хоёр зүйл эн тэнцүү нөлөө оролцоотой юм шүү. Уг тэнцүү оролцоо дундаас бид шийдвэрээ гаргаж байх ёстой юм байна гэдэг энэ тэнцвэрт ухамсрыг суулгах хэрэгтэй. Үүнийг суулгадаг хүн хорвоо дээр ганцхан байдаг. Тэр бол сэтгүүлч гэдэг хүн. Тэр ч утгаараа би сэтгүүлч бүрийг хүний эрхийн зүтгэлтэн болоосой гэж хүсдэг. Хэвлэл мэдээллийг уншиж,сонсож, үзэж байгаа хүн бүр та бүхний мэдрэмжтэй бичсэн зүйлээс хүний эрхийн мэдрэмжтэй иргэн болж төлөвшөөсэй. Ирээдүйн шүүгч нар өчигдрийн болон өнөөдрийн шүүгчээс хамаагүй илүү хүний эрхийн мэдрэмжтэй болоосой гэж хүсэж байна.
СЭТГҮҮЛЧДЭД ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Би 2000-2003 оны хооронд тухайн үеийн Монголын сэтгүүлчдэд хүний эрхийн хичээлийг заадаг байсан. Та нарын өмнөх үеийн сэтгүүлчдийг тухайн үеийн дарангуйлж байсан төр засгаас өөрөө өөрийгөө яаж өмгөөлж хамгаалах вэ, хэрхэн хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэх вэ гэдгийг заадаг байсан гэх юм уу даа. Үүний үр дүнд маш цөөхөн сэтгүүлч, маш цөөхөн асуудалд орж ямар ч байсан өөрөө өөрийгөө Монголын сэтгүүл зүй хамгаалж чадаж байсан. Нэг мэдсэн үе солигдчихож гэтэл Өнөрцэцэгээс авхуулаад та нарт хэн нэгэн хүний эрхийн хичээлийг бодит кейс дээр нь ярилцаад заагаагүй юм байна. 2000-2003 онд МАН мөн л үнэмлэхүй олны засагтай байсан. Тэд нар одоогийнх шиг дарангуйлаад л сууж байсан. Тэгэхээр тэр дарангуйлал дундаас өндийгөөд гараад ирсэн чөлөөт сэтгүүлчдийн маань нууц ньхүний эрхийн боловсрол байсан юм байна. Би хүний эрхийн зүтгэлтнийхээ хувьд “Нутгийн шийдэл” ТББ-тай хамтраад албан ёсоор төсөл эхлүүлж байна. Бид нар энэ төслөө “Хүний эрхийн клуб” гэж нэрлэсэн. Уг сургалтад сэтгүүлчид үнэ төлбөргүй суухаас гадна өөрсдийн боломжтой үедээ тааваараа оролцох юм. 6 сарын хугацаанд сэтгүүлчдэд хүний эрхийн кейсүүдийг дурдан хэрхэн эрхээ хамгаалах, ял шийтгэлээс сэргийлэх, өөрийгөө өмгөөлөх талаар заана. Үүнээс гадна сэтгүүл зүйн бүтээлдээ хүний эрхийн мэдрэмжийг хэрхэн тусгах, мөн ямар алдаа нь хүний эрхийг зөрчсөн болдог талаар хэлэлцүүлэг хичээлүүдийг орох юм.