Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, холбогдох ажиллагаа хийж, хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагт эхлэн явуулахаар товлосон.
Анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэрэгт 4 жил 9 сарын ял оноосон бөгөөд Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтээ холбогдох байгууллагуудад өмгөөлөгчдөөрөө дамжуулан гаргаж, өөрөө хоригдож буй өрөөндөө өлсгөлөн зарлаж эхэлсэн.
Уг асуудлаар хүний эрхийн зүтгэлтнүүд, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид, сэтгүүл зүйн салбарын төлөөллүүдийг оролцуулсан “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг НЭЭЛТТЭЙ ШҮҮЕ” хэлэлцүүлэг хоёрдахь удаагаа боллоо.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хүний эрхийн зүтгэлтэн Ц.Оюунгэрэл, Сэтгүүлч Т.Оюумаа, Өмгөөлөгч М.Хандармаа, Н.Ариунболд нар оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдын ОНЦЛОХ байр суурийг тоймлон хүргэе.
Шүүхийн нэр хүндийг бодох юм бол боломжийн хэрээр нээлттэй явагдах боломжтой
Хүний эрхийн зүтгэлтэн Ц.Оюунгэрэл: Өндөр хөгжилтэй улс, орнуудад олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийг ямар үед нээлттэй, ямар үед хаалттай шүүж байна гэхээр шүүхийн нэр хүндийг өндөр байлгах үүднээс нээлттэй шүүдэг. Хэдийгээр хувь хүний нууц, нэр хүндтэй холбоотой ч нээлттэй хийдэг. Учир нь хөдөлбөргүй нотлох баримтаар нотолсон учраас нээлттэй хийж, иргэдийн итгэлийг бий болгож байдаг. Н.Өнөрцэцэгтэй холбоотой асар их эргэлзээ бидэнд байна. Улс төрийн золиос болгох гээд байна уу? Сэтгүүлчийн амыг хаах гэж байна уу? Өмгөөлөгчгүй яллаж хүний эрхийнх нь хувьд хохироож байна уу гэх мэтээр ард түмэн их эргэлзээтэй байна. Тиймээс шүүхийн нэр хүндийг бодох юм бол боломжийн хэрээр нээлттэй явагдах боломжтой.
Хуулийн хүрээнд хаалттай хэргийг хаалттай, бусад төрийн нууцад хамаарахгүй хэргийг нээлттэй явуулахгүй бол хуулийн зөрчил үүсгэнэ
Өмгөөлөгч Н.Ариунболд: Эрүүгийн хуульд төрийн нууцад хамаарах хэргийг хаалттай явуулна гэж заасан. Энэ нь тухайн хэрэг төрийн нууцад л хамааралтай бол хаалттай. Түүнээс биш бусад хэргийг нь хамтатгаад хаалттай болгох ёсгүй. Хуулийн хүрээнд хаалттай хэргийг хаалттай, бусад төрийн нууцад хамаарахгүй хэргийг нээлттэй явуулахгүй бол хуулийн зөрчил үүсгэж байна.
Төрийн нууцыг сэтгүүлч хадгалж хамгаалах үүрэггүй
Сэтгүүлч Т.Оюумаа: Төрийн нууцыг сэтгүүлч хадгалж хамгаалах үүрэггүй. Тэрийг хадгалах ёстой субъект нь төрийн өндөр албан тушаалтан болон нууцыг хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан этгээд юм.
шүүгдэгчийг шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцуулах нь хүний эрхийн маш ноцтой зөрчил
Өмгөөлөгч М.Хандармаа: Шүүгдэгчийг яагаад ч өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулах ёсгүй. Өмгөөлөгчгүй оролцуулна гэдэг нь тухайн хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл юм.
“Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг НЭЭЛТТЭЙ ШҮҮЕ” хэлэлцүүлгийг бүтнээр ЭНД дарж үзнэ үү!