Иргэд шүүх болон шүүгчийн тухай өргөдөл,гомдол гаргаж тулгарсан асуудлаа шийдвэрлүүлж болдог талаар тийм ч сайн мэддэггүй. Шүүгч л зөвхөн биднийг шүүхээс биш бид тэр хүнд шаардлага тавьж түүнийг дэнслэх эрхгүй гэсэн баригдмал ойлголттой явдаг байна.
Шүүгч гэж шударга ёсыг тогтоох замаар хэнээс ч хараат бусаар, зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргах үүрэг хүлээсэн хүн юм. Гэвч шүүгч хуулиар хориглосон зүйлс болон мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн тохиолдолд энэ нь сахилгын зөрчил болдог байна. Энэ зөрчилд шүүх хурлын үеэр шүүгч утсаар ярих, хэргийг шийдвэрлэхгүй удах, хэн нэгний талд илт давуу үйлчлэх гэх мэт жижиг том гэлтгүй бүхий л асуудал багтана.
Энэ мэт шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой асуудал иргэн танд тулгарвал ямар байгууллагад хандах вэ?
Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Шүүхийн сахилгын хороонд та өргөдөл мэдээллээ гаргах эрхтэй. Энэ байгууллага нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий байгууллага юм. Харин шүүхийн шийдвэрт нөлөөлж эсвэл гаргасан шийдвэрийг шалгах үүрэгтэй байгууллага биш.
Хэрэв та тухайн шүүгчийг зөрчил гаргасан гэж үзвэл Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гомдлоо доорх хэлбэрүүдээр өгөх боломжтой.
- Бичгээр
- Амаар болон утсаар
- Цахимаар, шуудангаар
- Биечлэн