
Бид хотын A зэрэглэлийн бүс /тэр бүү хэл орон сууц зардаг агентууд AAA зэрэглэл/ гэх мэтээр ярьдаг ч угтаа хотын маань аль ч хэсэгт очсон хогийн чингэлгээр сагасан хог, нүд халтирам золбин ноходтой таарах нь ёс юм. Өсгийтэй гутал өмсөөд итгэл дүүрэн алхах явган хүний замыг охид эмэгтэйчүүд бид мөрөөдөөд ч хэрэггүй. Хотынхоо AAA зэрэглэлийн бүсэд ч энхэл донхолгүй замтай таарна гэдэг нүдний гэм.
Энэ л бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар хотын төв талбайгаас 6км зайд байрлах 40 гаруй блок барилгатай томоохон хорооллыг зорьсон юм. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан Баганат хороолол хугацаандаа ашиглалтад ордог бас ч чанартай барилгатай гэдгээрээ захиалагч олонтой. Гэвч хороолол дундах нөхцөл байдал нөгөө л хүний суурь хэрэгцээг огтхон ч хангаагүй. 451-р байрны тухайд гэхэд л орц гарц нь шороон замтай түүн дээрээ огт гэрэлтүүлэггүй аж. Яг дэргэдээ цэцэрлэгтэй, гадуур нь золбин ноход олноор эргэлдэнэ. Цэцэрлэг болон хажууханд нь тавьсан төмөр чингэлгүүдийн булан тохой бүрд овоолсон хог, хогийг дагаж нохой шувуу тэр бүү хэл орон гэргүй хүн ч эргэлддэг талаар тус байрныхан хэлж байв.
451-р байрны оршин суугч Д.Намуун: Байрны маань орц гарцын хэсэгт гэрэлтүүлэг огт байхгүй. Тиймээс орой үдэш гэртээ ирэхдээ байр луугаа орж ирэх энэ хэсгээс их айдаг юм. Төмөр чингэлгийн булан тохойгоос хүн эсвэл нохой гарч ирдэг. Тэгээд л гэр лүүгээ ойртож ирээд такси барьж яг байрныхаа орцны хаалган дээр буудаг. Энэ мэтээр байрны орц гарцын энэ богинохон шороон зам л амьдралын маань чанарт нөлөө үзүүлж байх жишээтэй.
451-р байрны оршин суугч Ө.Төрбат: Золбин нохой байрны гадуур их бий. Үе үе хүүхэд хазуулсан гэж дуулддаг юм. Хүүхэд эмэгтэйчүүд гэлтгүй би ч орой үдэш хогоо хаяхдаа айдаг. Байрны урьдчилгаагаа хийх гэж махийтал зүтгэсэн. Одоо байрны зээлээ төлөх гэж 2 ажил хийгээд байдаг чадлаараа л зүтгэж байна. Гэтэл ийм орчин нөхцөлд амьдарч байх ч гэж дээ гээд халаглах үе байдаг шүү. Хариуцдаг компанидаа шаардлага тавина аа гэхдээ ямар ч үр дүнд хүрэхгүй л байна. Сардаа 40-50 мянган төгрөг айл бүр СӨХ-нд төлж байгаа шүү дээ ядаж энэ хавиарах хогоо бүрэн бүтэн ачуулаад байж болмоор л санагдах юм. Бас энэ орц гарцын шороон замаа засдаггүй юм аа гэхэд ганц гэрэлтэй шон авчраад зоож болмоор доо.
451-р байр ашиглалтад ороод 8 сар болж байгаа гэнэ. Захиалагч болон гүйцэтгэгч компаниуд нь амласан хугацаандаа ашиглалтад оруулаад өглөө болоо биш үү гэсэн янзтай орц гарцын хэсгээ ч засаж янзалж гэрэл, гэрэлтүүлэг тавилгүй орхижээ. Мөн оршин суугчид нь “Баганат харш” гэх хариуцсан СӨХ нь муу ажилладгаас үүдэн гадаа орчин нь хог новш, нохой шувуундаа дарагдсан хүндхэн нөхцөлтэй байгаа талаар дурдаж байв.
Дээрх асуудалтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхантай ярилцлаа. Тэрээр “Аж ахуй нэгж байгууллага орчныхоо 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах хуулийн үүрэгтэй. Аливаа бизнес, хувийн хэвшлийг дэмжих бодлоготой холбоотойгоор бид тухайн байгууллагад хариуцлага тооцох ямар ч боломжгүй болсон. Харин ажлын багийнхан маань ярилцаад нэг шийдэлд хүрсэн нь үнэхээр цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтын ажлаа хийхгүй байгаа байгууллагад тусгай зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээ юм. Үүнд дэлгүүр, бар, ресторан,согтууруулах ундаа зэргийн зөвшөөрөл орно. Эдгээр зөвшөөрөл дүүргээс гардаг болсон. Энэ нь зөвхөн Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй ажил юм. Дүүргийн хог тээвэрлэлтийн тухайд үйл ажиллагаа зун 7,8 сард доголдсон. Одоо бол дүүргийн хэмжээний хог тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Нохой муур устгалын тухайд манай дүүрэг хамгийн өндөр үзүүлэлттэй. Одоогоор “Базальт нэгдэл” гэж компани нохой муур устгалын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Одоо орооны үе учир нэмэлтээр нэг компанитай гэрээ байгуулаад нохой муур устгалыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа” гэв.