Чингэлтэй дүүргийн засаг дарга Б.Мөнхбаттай тус дүүрэгт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхээр санаачилж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар хэсэг хором ярилцлаа.
-Та Чингэлтэй дүүрэгтэй ажил, амьдралаа холбоод хэр удаж байна?
-Би анх 2002 онд МУБИС-ийг физикийн багш мэргэжлээр төгсөөд дүүргийнхээ 23 дугаар сургуульд багшаар ажилд орсон. Хоёр жил ажиллаад 2004 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн болсон. Ингээд 2004 оноос хойш Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Боловсролын хэлтсийн дарга, Тамгын газрын дарга, орлогч дарга, Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Ингэхээр би Чингэлтэй дүүрэгтээ 22 дахь жилдээ ажиллаж байгаа.
– 22 жил энэ дүүрэгт боловсрол хариуцсан мэргэжилтнээс засаг дарга хүртлээ өсөж дэвжин тууштай ажилласан байна. Энэ дүүргийн талаар нэгд нэгэнгүй мэдэх цөөн хүмүүсийн нэг гэсэн үг. Чингэлтэй дүүргийн бусад дүүргээс ялгарах онцлог юу вэ?
– Манай дүүрэг 140 гаруй мянган иргэнтэй. Засаг захиргааны нэгжээр 24 хороотой. Үүний зургаан хороо нь байшин хороолол 18 нь гэр хороолол. Тэгэхээр нийт хүн амын маань 70 хувь нь гэр хороололд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам нэмэгдээд байхад манай дүүргийн хүн ам буурч байгаа. Дүүрэгт маань шинэ орон сууц бараг л баригддаггүй. 40, 50 мянгат, Бага тойрог хавийн далаад оны барилгууд л дийлэнхийг эзэлж байна. Тиймээс гэр хорооллын иргэдийн амьдрал ахуй дээшлэхэд өөр дүүрэгт орон сууц руу шилжин нүүж, хуучин хашаа байшинд нь түр оршин суугчид амьдардаг ийм суурьшлын бүс болоод байна.
“Сэлбэ дэд төв”-ийн хүрээнд баригдах орон сууцаас нэгийг ч зарж борлуулахгүй
– Та Чингэлтэй дүүргийг бусад дүүргээс хөгжлөөрөө хоцрогдсон гэж үндсэндээ хэллээ. Хүн ам цөөрөхийн хэрээр дүүргийн эдийн засаг мөнгөний урсгал дагаад буурч байгаа нь ойлгомжтой. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
– Шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах байсан. Бид дүүргийнхээ 14,18-р хорооны гэр хорооллоо орон сууцжуулахаар төсөл санаачилсан. Энэ нь цаашлаад “Хорин минутын хот” бодлогын үндэс суурь болоод өргөжөөд явж байна. Тус бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Манай дүүргийн 14,18-р хороо болон Сүхбаатар дүүргийн 15,14-р хороог хамарсан 158 га газрыг барилгажуулах юм. Нийт 2,206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1,500 орчим айлын газрыг мөнгөөр үнэлж авах замаар чөлөөлөөд байна. Чөлөөлөгдсөн 13 га газар дээр нийт 20 блок орон сууц барихаар тендер зарлагдсан. Үүнээс нэг ч байрыг иргэдэд зарахгүй. Бусад хороодын хашаанд амьдарч байгаа иргэдийн өмчийг үнэлж үнийн дүнд нь тохирсон байраар солих юм. Энэ мэтчилэн Чингэлтэй дүүргийн гэр хорооллыг 2027 оны IV улиралд багтаан орон сууцжуулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь зөвхөн орон сууц биш цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламжийг цогцоор нь барих юм . Мөн нийт талбайн 40 хувийг ногоон байгууламж байхаар төлөвлөсөн.
2025 ондоо багтааж хороолол, хотхон болгонд ухаалаг хогийн сав байршуулна
– Аль ч дүүрэгт хог хаягдлын асуудал хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Танай дүүргийн хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Ямар санал санаачилга гаргаж хэрэгжүүлж байна вэ?
– Дүүрэгт хэд хэдэн зайлшгүй шийдвэрлэх асуудлууд байгаа.Үүний нэг нь мэдээж хог хаягдлын асуудал гэр хороолол болон орон сууц дундах задгай хогийн цэгүүд иргэдийг ая тухтай амьдрахад сөргөөр нөлөөлдөг. Үүний шийдэл болгож ухаалаг хогийн сав буюу далд хогийн савыг санаачилж дүүргийнхээ хоёр хороонд байршуулаад байна. Тухайлбал: гэр хороолол бүхий 21 хороо, орон сууц бүхий 18 хороо ухаалаг хогийн савтай болоод болсон. Орон сууцны хороололд байршуулсан хог хүлээн авах сав нь чипээр онгойно. Хог нь газрын гүнд суулгасан 2 тонн саванд хураагдана. Хог дүүрсэн тохиолдолд хогийн сав түгжигдэж мэдээлэл нь дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид очно. Харин гэр хороололд байршуулсан ухаалаг хогийн савны тэвш нь газар дээр байрлана. Гэр хорооллоос өвлийн улиралд үнс нурам гэх мэт хаягдал их гардаг учир гал түймрээс сэргийлж ийнхүү газар дээр байхаар шийдсэн. Туршилтаар 2 газар байрлуулахад үр дүн сайтай байна. Иргэд энэ шийдлийг дэмжиж хэзээ манай ойр хавьд ухаалаг хогийн саваа тавих вэ? гэж асууж байна. 2025 ондоо багтааж хороолол, хотхон болгонд энэ хогийн саваа байршуулахаар төлөвлөсөн.