Гашуун яриа нэвтрүүлгийн ээлжит дугаарт сэтгэл зүйч Ж.Үйлстийг урьж, өөрийгөө хайрлах тухай ярилцлаа. Өөрийгөө хайрлах нь үнэтэй брэндээр гангарч, гоёж гоодох төдийхнөөр хязгаарлагдахгүйг тэр онцолж, өөрийн хил хязгаарыг тогтоох чухал тухай хэлсэн юм.
-Сэтгэл зүйч мэргэжлээр хэр удаан ажиллаж байгаа вэ?
-Би мэргэжлээрээ есөн жил ажиллаж байна. Өөрийгөө хайрлах тухай, өөрийгөө танин мэдэх тухай, хэрвээ маш хүнд асуудлуудыг тээж явж байгаа бол түүнийгээ хэрхэн анагаах тухай хүмүүст хүргэхийг зорьж байгаа.
ХЭРВЭЭ ӨӨРӨӨР БОДОЖ БАЙГАА БОЛ ТЭР ЧИНЬ ЧИНИЙ БОДОЛ…
-Сүүлийн үед сошиалдаа идэвхтэй болж байгаа харагдсан. Хүмүүст түгээхийг, ойлгуулахыг хүсэж байгаа сэдвийнхээ тухай ярьж эхлэе?
-Хүмүүс сэтгэл зүйчийг бодохдоо, ямар ч асуудалд ордоггүй, эмч өвддөггүй байх гэж боддогтой адил сэтгэдэг. Сэтгэл зүйчээс хүлээж буй хүлээлт нь бараг бурхан шиг байх ёстой юм шиг. Бүх зүйлийг мэддэг, чаддаг, ямар ч өө сэвгүй байх ёстой юм шиг хандлагууд байдаг. Энэ нь олон жилийн турш давтагдаад ирэнгүүт би нэг хайрцагт орчихсон байсан. Бусад хүмүүс намайг ямар хайрцагт байлгахыг хүсэж байгаа вэ гэдэг тэр хайрцагт ороод, өдийг хүртэл бүтээсэн өөрийгөө алдчихсан байсан. Юу ч болохгүй байгаа юм шиг сэтгэлд нийцэхээ больчихдог. Юу ч таалагдахаа больж, өмнө нь сонирхдог байсан зүйлсээ хүртэл сонирхохоо больдог. Дээрээс нь өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл буурна. Энэ хямрал анх хэзээ бий болсон гэхээр, хоёр дахь хүүхдээ төрүүлээд, төрсний дараах сэтгэл гутралд ороод, тэр үед анх авч байсан юм. Усанд живж байгаа мэт мэдрэмж төрдөг байсан. Маш удаанаар живж байгаа мэт мэдрэмж. Тэрийг нөхөр яаж хүлээж авсан гэхээр, намайг голоод байгаа юм байна. Намайг чадахгүй байна гэж бодоод байгаа юм байна. Би л чадахгүй байгаа юм байна гээд өөр дээрээ субъектив байдлаар тусгаж аваад, сүүлдээ миний ярианаас залхах, зайлсхийх хандлагуудыг гаргаж ирсэн юм.
-Ингээд юу болсон бэ?
Тэр үед нэг зүйлийг олж харсан нь, би наймдугаар ангидаа хүсэж мөрөөдөж байсан тэр зорилгодоо хүрчихсэн. Тэрнээс хойш миний зорилго шинэчлэгдээгүй. Одоо яах вэ гэж ирээдүй рүү харах зүйл байхгүй болчихсон байгаа юм. Миний сэтгэл зүй дотор юу болоод байгаа юм. Би сэтгэл зүйн ямар таагүй харилцаан дунд байгаа вэ, хүмүүс миний хил хязгаарыг яаж зөрчиж байгаа вэ гэдэг рүү огт хараагүй. Өөртөө байгаа зүйлийг асуудал болгон дэвшүүлж, шийдэх гэж оролдоогүй байгаа юм. Үүнийг ойлгоод хил хязгаараа зурж эхэлж байгаа юм. Өөрийнхөө тойргийг зураад надтай ингэж харьцаж болно. Ингэж харьцаж болохгүй. Би ингэж бодож байна. Хэрвээ өөрөөр бодож байгаа бол тэр чинь чиний бодол.
БИДНИЙ НЭГ СУЛ ТАЛ БОЛ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ, ӨӨРИЙНХӨӨ ДОТОР ЛУУ ЧИМЭЭЛЭХ ТАЛАА ХӨГЖҮҮЛДЭГГҮЙ
-Өөрийгөө хайрлаж чадаж байгаа эсэхээс гэр бүлийн хүчирхийлэл шууд хамаардаг уу?
-Нийтлэг сэтгэл зүйн хүчирхийлэлд байгаа эмэгтэйчүүд олон байдаг. “Тэр хүнээсээ больчих л доо. Яагаад чадахгүй байгаа юм” гэдэг асуудал маш түгээмэл байдаг шүү дээ. Гэтэл тэр хүмүүсийн нинжин сэтгэлийг хэмжиж болдог бол хамгийн дээд цэгтээ хөгжчихсөн. Монголчуудын потенциал маш өндөр. Гэвч нэг асуудал нь өөрийгөө хайрлаж, өөрийнхөө дотор луу чимээлэх талаа хөгжүүлдэггүй. Үүнийг анхаардаггүй нь маш том сул тал болдог. Өөрийгөө хайрлана гэдэг нь тэр мэдрэмжүүдээ ойлгохоос эхэлдэг. Кинон дээр гардаг шүү дээ. Нэг мангас байгаад л, тэр нь хүний биед оронгуутаа тэр хүн нь ажиллахаа болиод мангас дотор нь ажиллаж эхэлдэг шүү дээ. Яг үүнтэй адил сэтгэл зүйн бүх төрлийн асуудлууд бас нэг төрлийн асуудлаар хооллодог юм. Тэр сул дорой, итгэлгүй, өөрийгөө хайрлахгүй байгаа байдлаар хүчирхийлэгчид хооллож байдаг. Хоол нь биш болоод, өөрийгөө хамгаалаад, өөрийнхөө талд зогсоод, мэдрэмжээ илэрхийлээд эхлэнгүүт энэ зүйл бодитой юм байна гээд харилцаанууд нурж эхэлж байдаг. Нөхцөл байдал бужигнаад л байдаг. Магадгүй эхнэр нөхөр хоёр салах хэмжээний асуудлууд үүснэ. Ингээд бужигнаад байгаа ч тэр хүний дотоод сэтгэл маш амар тайван байдаг. Хэрвээ чи өөрийгөө хайрлахгүй бол бусад хүн чамайг хайрлахгүй. Хэрвээ чи өөрийгөө хамгаалахгүй бол бусад хүмүүс чамайг хамгаалахгүй. Яагаад гэвэл тэр хүнд бас өөрийгөө хамгаалах үүрэг байгаа шүү дээ.
БИДНИЙ ТУУЛЖ БАЙГАА НИЙГЭМ БОЛ ЭМЭГТЭЙ ХҮНД МАШ ХАТУУ
-Хүн үнэ цэнээ юугаар тодорхойлох ёстой юм бол?
-Би гурван удаа төрсөн. Төрөлт бүр дээрээ 20-25 кг нэмдэг. Хүмүүс жин нэмэхдээ, харагдах байдлаасаа болоод сэтгэлээр маш их унадаг. Яагаад гэвэл тэр хүн харагдах байдлаараа өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлж байгаа гэсэн үг.
Бидний туулж байгаа нийгэм бол эмэгтэй хүнд маш хатуу. Ази, тэр дундаа монгол эмэгтэйчүүд үүнийг мэдэрч байгаа. Хүчирхийлэлтэй зан харилцаанд бусдыг сэтгэл зүйгээр дарамтлах нь хэвийн зүйл болчихсон нийгэмд амьдраад байгаа юм. Эмэгтэйчүүдийг хатан ухаантай байх ёстой, бүх зүйлийг тэвчих ёстой. Хосын хооронд асуудал үүсэх юм бол хадмууд нь найзууд нь, төрсөн ээж аав нь хүртэл, “Чи л тэсэх ёстой. Чи л үүний учрыг олох ёстой” гэдэг. Эрэгтэй хүн бол хүнтэй уулзаад явна уу, зөвхөн амин хувиа хичээгээд өөртөө л анхаарал хандуулдаг байна уу гэдэг чухал биш. Гэтэд эмэгтэйчүүд ямар байгаа руу хэтэрхий их орж ирдэг. Тарган байх юм бол өөртөө анхаардаггүй, арчаагүй гэж хэлүүлнэ.
Зарим эрчүүдийг маш бүдүүлэг гэж би хэлнэ. Эхнэрийнхээ байгаа байдлаар өөрийг нь ичээгээд, “чи тураач” гээд л. Энэ үед яах вэ гэхээр, хүмүүс намайг ингэж бодоод байна гэдэг чухал биш. Эхлээд тэрнээс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Тэр хүмүүс чиний өмнөөс нэг өдөр ч хоол идэж өгөхгүй. Нэг өдөр ч хоолоо сойхгүй. Чиний өмнөөс нэг хором ч амьдрахгүй. Чиний бодлоор нэг хором ч бодохгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн бодол ямар ч үнэ цэнгүй. Тэр хүмүүсийн бодлыг өөрт нь үлдээ.
ХЭЦҮҮ БАЙГААГАА МЭДЭР. ТЭР МЭДРЭМЖДЭЭ БИТГИЙ УДААН АВТААРАЙ
-Өөртөө итгэх хүчтэй байх чухал байх нь ээ?
-Хүний сэтгэл зүй яг итгэл дээр тогтдог юм. Өөртөө итгэх итгэл, бусдад итгэх итгэл. Одоо буй нөхцөлдөө итгэх итгэл. Ирээдүйд итгэх итгэл. Аль нэг нь байхгүй бол бид уналтыг мэдэрдэг. Маш олон хүн олон төрлийн харилцаанд хүний итгэлийг даах, тэр итгэлээ авч явах гэдэг дээр хямралтай байгаа юм шиг харагддаг. Нийгмээрээ биенээ хуурах нь хэвийн зүйл болчихсон юм шиг. Тогтвортой харилцаа байхгүй. Энэ бүхний эцэст ганцаардал тэр нийгэмд ноёлно гэсэн үг. Хэрвээ хүмүүс ийм асуудалтай тулгарах юм бол энэ байдалдаа битгий удаарай. Үүнийг заавал эдгээх ёстой. Өнөөдөр би асуудалд орлоо гээд шантрахын оронд, надад ийм асуудал тулгарсан. Хэцүү байна гэдгээ мэдэр. Харин энэ асуудлаас яаж гарах вэ гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Хариулт, боломж нь хүний дотор байдаг.
-Ярилцсанд баярлалаа.