Гашуун яриа нэвтрүүлгийн ээлжит дугаарт амьдралын түшиг тулгуур болсон ханиа хоёр жил асарсны эцэст, хорвоог ганцаараа туулах болсон Б.Саруултай ярилцлаа. Тэрээр нөхрийнхөө үргэлжлэл болсон гурван хүүгийнхээ төлөө дахин сурч боловсрох ёстойг ойлгон, Солонгос Улсын Засгийн Газрын 100 хувийн тэтгэлгээр Сүүкмён эмэгтэйчүүдийн их сургуульд Улс төр, дипломат харилцааны чиглэлээр сурах гэж буй юм.
-Ярилцах гэж буйдаа таатай байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Батсуурь овогтой Саруул гэдэг. Гурван хүүхдийн ээж байна. 2009 онд нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Хил хамгаалах байгууллагад харьяалагдан ажилладаг. Хүүхэд асрах чөлөөнөөс үүдээд хараахан ажилдаа орж амжаагүй л байна. Тун удахгүй Солонгос Улсын Сөүл хотод байрлах Эмэгтэйчүүдийн их сургуульд сурах гэж байгаа. Улс төрийн чиглэлээр суралцах юм. Ингэхдээ туулсан амьдрал дээрээ тулгуурлаад нийгмийн халамж, бодлого, эрүүл мэндийн даатгалын цогц үйлчилгээний талаар түлхүү судалж ирье гэж бодож байна.
-Таны хувьд гашуун гэх тодотголтой амьдрал хэзээнээс эхэлсэн гэж хардаг вэ?
-Гашуун гэх тодотголтой амьдрал 2021 оны 12 дугаар сарын 8-ны шөнө эхэлсэн. Нөхөр маань хилийн цэргийн офицер юм. Тухайн үед хошууч цолтой байсан. Харамсалтай нь орон нутгийн замд ганцаараа явж байгаад осолдсон. Яг тэр шөнө би хар дарсан зүүд зүүдлээд, зүүднээсээ сэрж амжаагүй байхад утас дуугараад автал, “Одхүүгийн гэр бүлийн хүн мөн үү? Энэ хүн осолдсон байдалтай байна” гэсэн. Хагалгаа хийлгэх ямар ч боломж байгаагүй. Тархины гүний мэдрэлийн эс тархсан гэдэг оноштой болсон. Ослоос хойш хоёр хоногт манай хүн сэхээндээ орчихсон. Ковидын үе байсан учраас би тусгаарлалтын өрөөнд байхдаа хоёр хоног уйлсан. Юу болж байгааг ойлгоогүй өдрүүд өнгөрсөн гэх үү дээ. Тэр үед хажууд аавыгаа асарч байсан залуу, “Чи хоёр эгчтэй юм байна. Тэд хоёр шөнө энэ цонхны доор байлаа. Чи одоо босоод хар гэх тэр үеэс эхлээд гашун бүхэнтэй тэмцэж эхэлсэн дээ.
-Яаж тэмцсэн гэж вэ?
-Байгууллага, хамт олон, найзуудынхаа туслалцаатайгаар анх удаа бид Солонгосыг зорьсон. Монголд эмнэлгээс сар болоод л гарсан даа. Манай эмнэлгийн салбарын үйлчилгээ, орны хүрэлцээ зэрэг асуудлаас үүдээд сар болоод л гарчихдаг. Гэрийнхээ нэг өрөөг яг л эмнэлгийн сэхээний өрөө шиг болгоод, амьдралын эрхээр сувилагч гэх мэргэжлийг яалт ч үгүй л эзэмшсэн. Тэр минь 87-88 кг жинтэй. 180-аас дээш өндөртэй сайхан залуу байсан. Даанч эндээс явахад 52 кг-тай Солонгост очсон. Тэнд эмч, профессорууд нь зогсоод л, “Энэ хүнд юу өгдөг юм бэ” гэж гайхсан. Зутан шөл, ясны шөлөөр хооллодог гэхэд, “Юу гэж дээ. Хэвтрийн хүн хэзээ ийм зүйлд хоолшихгүй. Шим тэжээлээ авахгүй. Тусгай зориулалтын хоол өнөөдрөөс иднэ ээ” гэсэн. Ингээд найм хоногийн дараа манай нөхөр бүрэн амьсгалын аппаратаас гарсан. Би бүр нүдэндээ ч итгээгүй. Дахин дахин харсан ч амьсгал нь унаагүй. Гурав хоногт 350 гр нэмээд л хоол хүнс нь их сайн таарч байсан. Харвалттай болон тархины гэмтэл авсан хүмүүсийн фейсбүүк группт буй хүмүүсийг харж байхад, маш их турлаа. Өнгөрчихлөө гэдэг. Эмнэлэгт ч гэсэн маш их тураалтай хүн өнгөрч байхыг нь би харж байсан. Миний бодлоор тэр хүмүүсийн нас баралтын нэгдүгээр шалтгаан мэдээж өвчин байх. Хоёрдугаар шалтгаан бол цэвэр өлсгөлөнгөөр өнгөрч байгаа. Үүнд би 100 хувь итгэлтэй байна.
Нөхрөө урт хугацаанд асарсан хүний хувьд нийгмийн олон асуудлыг анзаарсан байх. Тийм үү?
-Ийм хүмүүст урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ хэрэгтэй. Гэтэл манай оронд урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ маш дутмаг байна. Бид 14 хоног эмнэлэгт хэвтээд л гардаг. Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан хүний ар гэр байж үзсэн хүний хувьд , би ажилдаа оръё гэхээр үнэхээр боломжгүй байна шүү дээ. Бага насны гурван хүүхэдтэй. Дээрээс нь нөхрөө харна. Нөхөр бол хууль тогтоомжоороо группийнхээ мөнгийг авч байгаа. Би улсад 12-13 жил нийгмийн даатгал төлсөн хүн. Гэтэл чи нөхрөө хараад, энэ амьдралаа туул даа гэж байгаа юм шиг 92 мянган төгрөг сард өгсөн. Яг үнэндээ арай ч дээ гэж бодсон. Сүүлд манай эмч нар, “алтан цаг дууссан. Хэдэн хүүхэдтэй билээ?” гээд л асуусан. Гурван хүүхэдтэй гэхэд, “Одоо дөрвөн хүүхэдтэй болсон гэж ойлгоорой. Энэ хүн бол сэргэнэ. Угаасаа сэргэсэн байгаа. Тодорхой хэмжээнд бүх зүйлийг ойлгож байгаа. Гэхдээ хэзээ ч хөл дээрээ босохгүй. Насаараа хөгжлийн бэрхшээлтэй хүн болно оо” гэж хэлсэн.
-Амьдрал хөмрөх шиг л болсон уу?
-Хүн яг өөдлөх насандаа ханиа алдана гэдэг энэ хорвоогийн хамгийн хэцүү зүйл байх. Би өрөөндөө уйлаад байж байтал манай хүү орж ирчхээд, “Ээж та уйлаад байгаа юм уу” гээд маш их гайхаж харсан. Тэгээд “Ээж та маш сайн уйлаад ав” гээд өрөөний хаалга хаагаад гарсан юм. Миний хүү чинь жаахан шүү дээ. 13-14 настай. Ээжийгээ хараад дагаад уйлбал уйлж болно. Тэгэхэд тэгээгүй. Би уйлчхаад, “Цаашдаа уйлаад сууж болохгүй юм байна. Гурван хүү маань бүгдийг харж байна. Би тэднийхээ төлөө сурах ёстой л гэж бодсон.
Эмэгтэй хүнээс их хүч гардаг даа. Мэдээж гадаад дотоод руу эмчилгээнд явуулж байгаа хүн олон байна. Нөхрийгөө гурван удаа Солонгос авч яваад ирсэн өөрийгөө нэг их лаг гэж боддоггүй. Гэхдээ миний чадсан зүйл бол би хоёр жил нөхрийгөө асрахдаа, нэг ч удаа холгуулж, цооруулаагүй. Ханийгаа би тэгж л асарсан. Ямар сайхан зүс царайтай байсан яг түүгээрээ л энэ хорвоогоос явсан даа. Би үүнийг үүрэг хариуцлага гэж бодсон. Тэртээ тэргүй насан туршдаа амьдарна гээд, үр хүүхдийг нь төрүүлээд, хүний хань болсны үүрэг хариуцлага. Хоёрдугаарт нөхрийгөө маш их өрөвдсөн. Миний хань ямар гоё залуу байлаа даа. Би ханийгаа хэзээ ч зовоохгүй л гэж хичээсэн дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.