Ард хормойгоороо урдахаа, урд хормойгоороо ардахаа нөхөж тэвдэх, эсхүл ирээдүйн зорилгогүй, алсын хараагүй муйхар байдлаас үүдэн зээлэнд боогдсоор бид удлаа. Өөрөөр хэлбэл өр шир, зээл гэх аалзны торонд зунгааралдаж, түүнээсээ гарч эс чадан санхүү, болоод сэтгэл зүйгээрээ хохирч дууссан гэхэд хилсдэхгүй. Байр машины лизинг, банк бусаар авсан өр шир, бүр цаашлаад ахуйн хэрэглээндээ дарагдан аппликейшны зээлээс салж мэдэхгүй болтлоо “амь зууж” буй. Тэр ч бүү хэл авахыг хүссэн зээл нь бүтээсэй гээд сүслэн залбирч, ном уншуулах нь холгүй болтлоо доройтсон. Өрөнд ороод ч хамаагүй өөдтэй харагдах гэж хичээдэг “дон” туссан хүмүүс олширсоор буй нь нийгмийн хөндөх ёстой асуудал юм. Бид энэ удаа зээл тавьж, өрөнд орох нь сэтгэл зүйд ямар хор хохирол учруулдаг талаарх мэдээллийг уншигч танд хүргэж байна.
Хэдэн жилийн өмнө ДЭМБ, СЭМҮТ “Монголд гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай” гэсэн судалгаа гаргаж олныг шуугиулж байв. Бидний сэтгэцийн эрүүл мэнд доройтсон нь өр, зээлийн асуудалтай салшгүй холбоотой. Өртэй, зээлтэй байх нь стресс, депрессийн гол шалтгаан болдог бол нөгөө талаар, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь өр тавихад хүргэдэг байна. Энэ нь шинжлэх ухаанч судалгаагаар нэгэнт тогтоосон асуудал мөн. Иргэдийн өрөнд орох шалтгаан олон янз. Тэр шалтгаануудаас материаллаг шалтгааных нь талаар энд ярихгүй. Гагцхүү сэтгэлзүйтэй холбоотой асуудалд ач холбогдол өгч, хоёр бодит жишээн дээр төвлөрье.
Иргэн А
Нэг удаа Зөрчлийн хуулиар өндөр торгууль төлсний дараа санхүүд маань асуудал тулгарч эхэлсэн. Торгуулиа төлөхийн тулд нэг газраас зээл авсан бөгөөд санхүүгийн түүх муу байсан тул өндөр хүүтэй газраас зээлсэн. Дараа нь эргэн төлөлт хийх үү, байр ус, цахилгааны мөнгөө төлөх үү гэсэн сонголт байнга тулгарах болсон. Тэгээд би нэг удаа маш ихээр бухимдаж, тогны мөнгөө ч, эргэн төлөлтөө ч хийгээгүй… Дараа нь банк, ОСНААК-аас дарамт ирж эхэлсэн. Шүүхийн шийдвэрт хандсан байсан.
Өр ширэнд баригдах үндсэн шалтгаануудын нэг болох “Төлбөрийг үл тоомсорлох явдал” энэ жишээн дээр гарч ирж байна. Өр төлбөрөөс үүдэлтэй сэтгэцийн асуудалд орсон хүний санхүүгийн шийдвэр гаргах чадвар буурч, тулгамддаг. Улмаар яарч, хамгийн буруу сонголт хийх магадлал өндөрсдөг байна. Буруу шийд гаргаснаа мэдсэн хүн мөнгө төлбөрийн асуудлаар хүнтэй харилцахад хэцүү болж, даамжрахаараа бичиг цаас, төлбөр тооцоог үл тоомсорлох явдал гаргаж, улам хүнд байдалд ордог байна.
Иргэн В
Ажлын ачаалал их, цалин бага болохоор би төлбөрөө төлөхөө мартаж, байнга нэхүүлдэг байсан. Үүнээсээ болж стрессддэг ч том зээл тавьж байгаагүй. Гэтэл нэг удаа зээлээр сүүлийн үеийн гар утас авч, удалгүй гээснээс хойш өр зээлнээс салахаа больсон доо. Сүүлдээ “Сүүлийн үеийн чанартай бүтээгдэхүүнийг зээлээр ч болтугай авч хэрэглэх ёстой. Хүн өөрөөсөө мөнгөө харамлах нь тэнэг хэрэг” гэж боддог болсон. Сүүлд дахиж зээл авсан. “Төр зээлтэй хүмүүсийнхээ өрийг тэглэнэ” гэсэн яриа бас нөлөөлсөн. Энд харин нийгмийн сэтгэлзүйн сул байдал өрөнд өрөх шалтгаан болдгийг баталсан жишээ байна.
Өрийн дарамт бүхий чөтгөрийн тойрог мэт хэмнэл хаанаас эхэлдэг вэ?
Санхүүгээ удирдах нь хүнээс ажил хийхтэй адил ухамсартай үйлдэл, нарийн ухаан шаарддаг. Гаднын таагүй нөлөөлөөс болж энэ чадвар алдагдахад зарцуулалт эмх замбараагүй болж, өрөнд орох үүд нээгддэг. Харин нэгэнт өрөнд орсон, энэ нь байнгын шинжтэй болсон бол яваандаа өрөнд донтдог байна. Өрийн улмаас илэрдэг сэтгэцийн хамгийн хурц илрэл нь амиа хорлох явдал юм.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нийт өрхийн ердөө 22 хувь нь хадгаламжтай бол 52 хувь нь ямар нэгэн зээлтэй байгаа нь тогтоогджээ. Тус судалгаанд өгүүлснээр, нэг өрх хэд хэдэн давхар зээлтэй байх тохиолдол ч элбэг байгаа аж. Тухайлбал, зээлтэй өрхүүдийн 83.7 хувь нь нэг төрлийн зээлтэй, 14.7 хувь нь хоёр төрлийн зээлтэй, 1.6 хувь нь гурван төрлийн зээлтэй байна. Түүнчлэн анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны аравхоёрдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 190.7 тэрбум (20.3 хувь) төгрөгөөр өсжээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж байна. Дээрх статистикаас харахад, монголчуудын ихэнх нь хоёроос дээш зээлтэй амьдарч байна. /Эх сурвалж: ҮСХ/
Тэд энгийн даруу амьдралаас илүү хээнцэр чамин зүйлсэд нүдээ сохолно…
Өр, зээлийн асуудалтай холбоотойгоор мэргэжилтнүүдийн хэлсэн ишлэлээс уншигч танд хүргэе.
Эдийн засагч Д.Жаргалсайхан: Монголчууд бид нийтээрээ бэлэнчлэх сэтгэлгээ, үрэлгэн байдалд дасаж, бүтээснээсээ илүүг хэрэглэх болжээ. Бага дүнтэй зээл олгодог, шалгуур багатай зэрэг олон давуу талаас нь үүдэн аппликейшны зээлийг иргэд сонгосон бол амар хялбараас нь үүдэн дахин, дахин сонгож, нэгийнхээ өрийг дарахын тулд нөгөөг нь сонгосоор чөтгөрийн тойрогт ордог байна. /Эх сурвалж: Ikon.mn/
МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Л.Оюун: Би хүмүүсээс хэр үрэлгэн эсвэл сахилга баттай хүн гэдгийг нь тодруулахын тулд “Цалин буухад танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ” гэж асуух дуртай. Энэ асуултын хариултаас л тухайн хүний санхүүгийн боловсрол шууд харагддаг. Санхүүгийн боловсролгүй хүн бол шууд авах тухайгаа боддог. Харин тооцоотой, санхүүгийн мэдлэгтэй хүн эхлээд хэдийг нь хадгалахаа тооцоолчихоод үлдсэнг юунд зарцуулахаа мэднэ. Ингэж зөв зарцуулж сурахын тулд хувь хүн өөртөө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Байр, хоол, унааны зардал гээд багагүй тооцоо хийж зарцуулалтаа гаргаад хэмнэж хадгалах төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Энэ төлөвлөгөө хэрэгжих явцаас санхүүгийн сахилга бат харагдана. Зарим хүний хувьд хувааж төлдөг зээлийн карт, онлайн худалдаа зэргээс хэт их худалдан авалт хийдэг. Үүнийг анагаах ухаанд шопахолик буюу “Дэлгүүр хэсэх дон” гэж нэрлэдэг. Энэхүү донд өртсөн хүмүүс хэнд ч хэрэгцээгүй худалдан авалт хийж, үүнээсээ нэг төрлийн таашаал мэдэрч улмаар донтолтод өртдөг аж. Өнөөдөр Монголын ихэнх хүмүүс яг ийм эмгэгт өртсөн байна. Элдэв бус хэрэгцээгүй зүйлсэд мөнгө зарцуулна. Хүнээс зээлсэн мөнгөрөө архи ууж наргиж цэнгэнэ. Тэд нэг үгээр энгийн даруу амьдралаас илүү хээнцэр чамин зүйлсэд нүдээ сохолно. Үүнээсээ үүдэж өрийн дарамтад орно. Гэтэл таны авсан зээл орлогын тань 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдгийг эдийн засагчид анхааруулдаг. /Өрөг.мн сайтын архиваас…/