‘’Парис -2024’’ Олимпын наадам эхлээд 11 дэх өдөртэйгээ золгож байна. Энэ удаагийн зуны олимпын наадмыгОлимп болон Паралимпын наадмын дараа нийгэм, байгаль орчинд ээлтэй байлгахыг зорьжээ. Ингэхдээ Парис хотод барьж байгуулсан “тамирчдын тосгон”-оос эхлээд шийдлээ ирээдүйг харж бүтээсэн байна. Тэгвэл олимпын тосгоны эргэн тойронд өрнөж буй онцлох үйл сонирхолтой мэдээллийг хүргэе.
Тамирчдын өрөөний орыг картонон цаасаар бүтээв
Олимпын тосгоныг дэлхийн өнцөг булан бүрээс өөрсдийн санал, шаардлагыг дэвшүүлсэн тамирчидтай хамтран зохион бүтжээ. Уг тосгонд нийт 14 мянган хүн хүлээн авах чадалтай. Тэгвэл энэ удаагийн олимпын наадмын үеэр 9000 орчим тамирчин хотхонд байрлаж байна. Орон сууцны хувьд тамирчид нэг унтлагын өрөөтэй, гурван хүн дундаа нэг угаалгын өрөөтэй зохион байгуулж өгчээ. Хамгийн гол нь олимпод зориулсан бүх бүтээн байгуулалтыг байгальд ээлтэй байхад онцгойлон анхаарсны нэг нь тамирчдын унтаж амрах орыг картоноор хийсэн аж. Ингэхдээ даацын хувьд 250 кг жинг даах хангалттай бат бөх гэж зохион багуулагчид онцолж байна.
3500 хүний суудалтай зоогийн газар нь 13 сая хоолоор үйлчлэх хүчин чадалтай
Аливаа олимпын наадам, Азийн наадам болон дэлхийн оюутны универсиад наадамд зориулан “тамирчдын тосгон”-ыг байгуулахдаа 24 цагийн туршид үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газрыг тооцон байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн зуны олимпын наадамд зориулан 3500 хүний суудалтай зоогийн газар байгуулж, дэлхийн орон орны онцлогийг харуулсан хоолоор үйлчилж байна. Наадамд ойролцоогоор 13 сая хоолоор үйлчилж байгаа бөгөөд өдөр бүр шинэ багетте болон бусад талхыг жигнэн шинээр нь үйлчлүүлэгч нарт өгөхөөс гадна тамирчид өөрсдөө ч хийж идэх боломжтой гэнэ. Тансаг үнэртэй шинэхэн багетте, органик хоол хүнсээрээ Франц улс нь алдартай. Тэр дундаа амт сайтай, гоёмсог Франц багетте нь дэлхий дахинд нэрийн хуудас нь болдог билээ.
Хоолны цэсийг 30 хувийг ургамлын гаралтай буюу “веган” байлгахад анхаарчээ
Энэ удаагийн тамирчдын тосгоны хоолны цэс нь 2012 оны Лондонгийн олимп, 2016 оны Рио Де Жанейрогийн олимптой харьцуулахад хоёр дахин их ногоогоор орцоо бүрдүүлж өгчээ. Хоолны цэсний 30%-ийг ургамлын гаралтай болгохын тулд маханд суурилсан сорт бус веган тахианы мах, веган хотдог бэлтгэн үлйчилж байгаа ажээ. Хамгийн оснирхол татаж буй мэдээлэл бол тосгонд байрлаж байгаа тамирчдаас хоолны цэсэндээ өөр ямар материал, орцыг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа гэнэ.
Тамирчин хүсвэл шинэхэн багетте талхаа өөрийн гараар бэлтгэн үйлдвэрлэж болно.
Их Британий баг хоолны цэсэнд будаа нэмэхийг хүссэн бол Өмнөд Солонгосын баг кимчи нэмэхийг хүссэн байна. Хоол хүнсний асуудал тулгарч магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс Их Британийн баг тамирчид Олимпын тосгоны гадна байрлах газарт зөвхөн өөрсдийн тамирчдад хоол бэлтгүүлэх зорилгоор тогооч нарыг авчирсан аж. Мөн тус тосгонд ‘’McDonalds’’ зэрэг газрууд байхгүй байгаа учраас түргэн хоолонд дурлагсад их л дурамжхан байгаа юм байна.
Олимпын наадмын нийтийн тээвэр болон тамирчдад зориулсан тээвэр
2024 оны зуны олимп, паралимпын наадмын үеийн тээвэрийн асуудалд зохион байгуулалт хийхдээ Парисын метроны өргөтгөл, километр дугуйн шинэ зам зэрэг нийтийн тээврийг сайжруулахад 500 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Парист ирсэн жуулчид наадмын үеэр зорчихдоо дөрвөн еврог (өмнө нь 2.15 евро байсан) нийтийн тээвэрт зарцуулж байна. Энэ нь наадмын үеэр энгийн үеэсээ ачаалал нэмэгдэж бутай холбоотой нийтийн тээврийн үйлчилгээний давтамж, цагийн нэмэгдлийн төлбөрийг нөхөж байгаа хэрэг гэнэ.
Дэлхийн аль ч улс оронд зохион байгуулдаг өмнөх олимпын наадмын нэгэн адил тамирчид, албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэнд найдвартай, шуурхай зорчих, цаг хугацааг хэмнэхийн тулд 185 километр замыг чөлөөтэй ашиглахад зориулан шийдвэрлэж өгчээ.
Тамирчдын тосгон дахь бүх үйлчилгээ 24 цаг ажилладаг
Олимп болон томоохон наадмууд буюу Азийн наадмын үеэр тамирчдын тосгонд үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн үйлчилгээнээс зарим нь 24 цагийн туршид ажилладаг. Өмнөх олимпын наадмуудын жишгээр тус тосгонд 24 цагийн фитнесс төв, банк, шуудан, үсчин гоо сайхан, шашны төвүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг өргөн хүрээний байгууламжууд ажиллаж байна.