Физикийн шинжлэх ухааныг судалсан хүүхэд дэлхийн
топ их дээд сургуулиудад элсэх боломж нээгддэг
Олон улсын физикийн 54 дүгээр олимпиадаас Монгол улс бүтэн багаараа медаль хүртэж улсынхаа нэрийг шинжлэх ухааны салбарт өндөрт өргөсөн бахархам үйл явдал хэдхэн хоногийн өмнө болсон билээ. Тус олимпиад 2024 оны 7 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд Иран улсын Исфахан хотод зохион байгуулагдсан юм.
Монгол улс энэ удаагийн физикийн олимпиадаас багаараа медаль хүртсэн амжилт нь онцгой байв.
Физикийн олимпиадад Монголын багийг ахалсан ахлагч МУИС-ийн багш Г.Мөнхбаяр, Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Азжаргал нартай ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө багш нар болон бүх баг тамирчдад амжилт хүсье.
-Сайн байна уу? Намайг Гомбосүрэнгийн Мөнхбаяр гэдэг. МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын физикийн тэнхимд Доктор, Дэд профессороор ажилладаг. Сүүлийн 5 жил олон улсын физикийн олимпиадад Монголын багаа ахлан оролцож байна. Тус олимпиадад дунджаар дэлхийн 90 гаруй улс орны тамирчин оролцдог. Энэ жилийн хувьд нийт 47 орны 200 орчим сурагч, 130 орчим багш дасгалжуулагч нар оролцлоо.
Монгол улсын баг тамирчид 2000 оноос эхлэн физикийн олимпиадад оролцож байна
-Манай улсын баг тамирчид физикийн олимпиадад хэзээнээс оролцож эхэлсэн бэ?
-Монгол улс анх 2000 онд Англи улсад зохион байгуулагдсан олон улсын физикийн олимпиадад орж эхэлсэн түүхтэй. Бид 25 дахь удаагаа оролцож байна. Манай улсын хувьд бусад улсуудаас хамгийн залуу улс гэж хэлж болно. Бусад орны хувьд 1967 оноос хойш оролцож ирсэн туршлагатай.
-Багийн бүрэлдэхүүнд багтах сурагчдаа хэрхэн сонгож авдаг вэ?
-Бид олимпиадад оролцох хүүхдүүдээ эхлээд Монгол улсдаа шалгаруулж шигшиж авдаг. Тус шалгаруулалтад дүүрэг, нийслэл, улсын олимпиадад байр эзэлсэн хүүхдүүдийг бэлтгэж 5 сурагчийг сонгож авсан. Удирдагч багшийн хувьд хүүхдүүдээ залан чиглүүлж, юун дээр илүү анхаарахыг нь зааж сургадаг. Мөн дараагийн чухал алхам бол тэмцээний эх материалыг англи хэлнээс монгол хэл рүү орчуулж сурагчдад өгөх ёстой. Үүнийг үнэн зөв, найруулга сайтай орчуулж өгөх нь хамгийн чухал алхмуудын нэг. Гуравдугаар асуудал нь хүүхдүүд бодлогоо бодоод дууссаны дараа бодлого хамгаалалт гэх үйл явц байдаг. Сурагчдын авсан оноо болон шүүгчдийн зүгээс өгсөн оноог хооронд нь тулгадаг. Багийн ахлагчийн энэ үйл ажиллагаа нь биднээс их хариуцлага шаарддаг юм.
-Физикийн шинжлэх ухаан нь байгальтай хэрхэн уялддаг вэ?
-Физикийн шинжлэх ухаан бол байгальд болж буй бүхий л процессыг харуулдаг, шинжилдэг, дүгнэдэг салбар. Физикийн хууль нь бидний эргэн тойронд байнга ажиглагддаг. Иймээс хүүхдүүд гүнзгий судлаад эхэлбэл дурлаж, шимтэж судалдаг. Энэ төрлийн чадварыг эзэмшсэн хүүхэд дэлхийн аль ч их дээд сургуульд элсэн орох боломж нь нээгддэг. Мөн физикийн шинжлэх ухаан нь аль ч салбар луу хөрвөх бүрэн боломжтой байдаг учраас давуу тал ихтэй.
-Та бүхний цаашдын оролцох тэмцээнд амжилт хүсье.
Физикийн шинжлэх ухааныг гүн гүнзгий судалсаны дараа
аль ч салбар руу хөрвөх боломжтой болдог
-Манай хамт олон их олон тэмцээнд хамтарч ордог ч бие биедээ хандаж талархлын үг хэлж байгаагүй юм байна. Монголын багийг хамтарч удирдаж өдий зэрэгт хүргэсэн хүндэт багш нартаа, мөн чухал үүрэг гүйцэтгэсэн Улсын Физикийн Олимпиадын Хорооны дарга М.Ганбат багшдаа юуны түрүүнд талархал илэрхийлье. Мөн Монголын Физикийн нийгэмлэг, МУИС-ийн физикийн тэнхимийн хамт олондоо баярлалаа. Улс эх орныхоо нэрийг төлөөлж оролцсон сурагчдадаа талархал илэрхийлье. Та бүгд оюуны хүнд ачааллын үр дүнд амжилтад хүрлээ. Баярлалаа.
Г.Азжаргал: Хамгийн хүчтэй өрсөлдөгч Хятадын тамирчид байсан
Олон улсын физикийн олимпиадын мөнгөн медальт сурагч Г.Азжаргалтай ярилцав.
-Сайн байна уу? Олон улсын физикийн олимпиадад амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэе.
-Сайн байцгаана уу? Намайг Ганболдын Азжаргал гэдэг. Би НЕБ-ын Сант сургуульд сурдаг. Одоо 12 дугаар ангид элсэн орно. Физикийн хичээлийг 6 дугаар ангиасаа эхлэн судалсан. Энэ жилийн тэмцээн уралдааны амжилтаас дурдвал олон улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ.
-Олон улсын олимпиад дотооддоо зохион байгуулдаг өрсөлдөөнөөс хэрхэн ялгардаг вэ?
-Монгол улсад зохион байгуулагдаг олимпиадаас ялгаатай нь олон өдрийн турш үргэлжилдэг. Мөн эх материал нь англи хэл дээр байдаг тул багш нар маань төрөлх хэл дээр буулгаж орчуулж өгдөг. Би хоёр дахь удаагаа олон улсын тэмцээнд оролцож байна. Энэ жилийн тэмцээн их сэтгэл догдлуулсан, сонирхолтой болж өндөрлөлөө. Олон ч найзуудтай болсон.
-Тэмцээний үеэр сэтгэл зүй маш чухал байдаг. Сэтгэл зүйгээ хэрхэн удирдаж чадав?
-Тэмцээний үеэр бага зэрэг сандрал байсан. Гэхдээ бусад тамирчдаа бодвол арай илүү туршлага хуримтлуулсан учраас тайван байхыг хичээсэн. Өмнө жилтэй харьцуулахад арай цөөн улсын сурагчид оролцсон учраас онооны хуваарилалт, зарим нэг үзүүлэлтэд өөрчлөлт орсон.
-Хамгийн ширүүн өрсөлдөөнийг аль улсын тамирчинтай өрнүүлэв?
-Хамгийн өрсөлдөөнтэй, ширүүн өрсөлдөгч нь Хятад улсын тамирчид байсан. Мөн Солонгос, Вьетнам улсын тамирчид бэлтгэл сайтай жилээс жилд өндөр үзүүлэлттэй оролцдог. Энэ олимпиадад улс улсдаа тэргүүлсэн шилдэг таван хүүхэд оролцдог. Монголын баг тамирчдын хувьд багаараа буюу 1 мөнгө 4 хүрэл медаль авсан амжилт гаргасан.
-Тэмцээний эргэн тойрон дахь сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Энэ тэмцээнээс хамгийн сэтгэлд хоногшсон зүйл нь бидний байрласан дотуур байранд тоглоомын хэсэг байгуулсан байсан. Бид энэ хэсэгт өөр улс орны хүүхдүүдтэй багаар хуваагдан тоглож олон найзуудтай болсон нь хамгийн сайхан дурсамж болж үлдлээ. Бид хэдий өрсөлдөгчид ч гэсэн найзалж нөхөрлөхөд бидэнд юу ч саад болоогүй. Олон улсын олимпиадад оролцсоноороо гадаадын их, дээд сургуулиудад өргөдлөө явуулахад миний давуу тал болж өгнө гэж бодож байна. Миний хувьд MIT технологийн институтэд өргөдлөө явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Энэхүү амжилтыг гаргахад нөлөө үзүүлсэн бүх багш нартаа, аав, ээж, найз нөхдөдөө гүнээсээ талархал илэрхийлье. Мөн миний аяллыг сонирхолтой, хөгжилтэй болгосон үеийн найзууддаа баярлалаа.
Ярилцсанд баярлалаа.