Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөж байна. Жил жилийн үндэсний их баяр наадам шинэлэг, онцгой үйл явдлуудаар өрнүүн болж жаргадаг.
Үндэснийхээ их баяр наадмаар Монголчууд дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа. Ингээд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, цэц мэргэнээ сорьсон сурын харваа, онч мэргэнээ уралдуулсан газар газрын харваачдын мэдээг тоймлон та бүхэндээ хүргэж байна.
Наадмын нээлтийн үйл ажиллагаа
Нээлтийн ёслолд 21 аймгийн язгуурын өв тээгч найман настай балчраас 80 настай буурал хүртэл 1300 гаруй уран бүтээлч оролцжээ. Наадмын нээлтийн ёслолыг Ц.Батнайрамдал найруулан, зохиолыг МҮОНРТ-ийн радиогийн редактор, МЗЭ, “Болор цом” яруу найргийн шагналт яруу найраг О.Цэнд-Аюуш бичсэн байна. Нээлтийн үйл ажиллагааны продюссерээр Г.Маргад-Эрдэнэ ажиллажээ.
Баяр наадмын түүхэнд анх удаа нээлтийн үйл ажиллагааг өглөө болон орой 22:00 цагт хоёр удаа наадамчин, үзэгч түмэндээ толилуулсан нь онцлогтой байв.
Хүчит бөхийн барилдаан: Дархан аварга цолтон төрөв
Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь дөрөв дэх удаагаа Төрийнхөө их баяр наадамд түрүүлэн Монгол Улсын Дархан аварга боллоо. Тэрээр улсын арслан Б.Орхонбаяраар ес даван түрүүлэв.
Хүчит бөхийн барилдаан: Монгол Улсын харцага цолтон хоёроор нэмэгдлээ
- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Т.Сайханжаргал
- Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын начин Э.Ууганбаяр
Энэ жилийн баяр наадмаар улсын зургаан начин цолтон төрөв
Тодруулбал, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Э.Мөнхжаргал, Увс аймгийн Ховд сумын харьяат Л.Энхсаруул, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Довчинсэмбээ, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Г.Дармаажанцан, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат Д.Төрболд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат М.Амарсанаа нар Монгол Улсын начин цолны болзол хангав.
Хүчит бөхийн барилдааны эхний даваануудад улсын цолтой олон бөх өвдөг шороодсон нь наадамчин олон, бөхийн хорхойтнуудын таамгийг эвдсэн юм.
Хурдан морины уралдаан
Хязаалан нас
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хурдан хээр үрээг 9 настай С.Жансэрэг хүү унан түрүү магнай
Шүдлэн нас
Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул үрээ түрүү магнай
Азарга
Булган аймгийн Гурванбулаг сумын уяач С.Гал-Эрдэнийн хонгор азарга түрүү магнай
Их нас
Ховд аймгийн Чандмань сумын Манлай уяач Б.Ерөөлтийн халтар морь түрүү магнай
Соёолон
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Мөнхбатын хүрэн түрүү магнай
Даага
Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр түрүү магнай
Сурын харваа
Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг нийслэлийн нийт 686 харваач Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд цэц мэргэнээ сорилоо.
Эрэгтэй харваачдаас Н.Алтансүх улсын мэргэн, эмэгтэй харваачдаас Б.Пунсалдулам Даяар дуурсах мэргэн цол хүртэв.
Шагайн харваа
Үндэсний их баяр наадмын насанд хүрэгчдийн багийн харвааны тэмцээнд 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:
Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Сундуйсүрэнгийн Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, Алдар спорт хорооны баг түрүүлэв.
Бутан Улсын Хаан Монголчуудтай хамт наадав
Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Монголчуудтай наадав. Түүний Монгол Улсад хийж буй айлчлал 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Хаан, хатан, хунтайж нар үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнд оролцож, сурын харваа, хурдан морины уралдааныг үзэж сонирхсон. Мөн баяр наадмын үеэр Монгол соёл уламжлалтай биечлэн танилцаж, сур, шагай харваж, морь унаж үзсэн юм. Бутаны Хаант Улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй бөгөөд өмнөд Азийн орон билээ. Бутан Улсын Хааны албан ёсны айлчлал Монгол Улсыг Азид төдийгүй дэлхийн олон улсад таниулсан улс төрийн болоод аялал жуулчлалын том хөшүүргэ болж өгөх нь дамжиггүй юм.
“Тэшүүрийн талбай” болсон зүлэг ногоон дэвжээ олны шүүмжлэлийг дагуулав
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотно, гадна тохижилтыг наадмын өмнө хариуцсан байгууллага нь хийж гүйцэтгэсэн. Харин үндэсний их баяр наадмаар бөхийн зүлэг ногоон дэвжээ “халтиргаа, гулгааны талбай” болсон нь олны шүүмжлэлийг дагуулав. Үндэсний бөхөө мэддэггүйн харгайгаар уу, эсвэл зохих баяр наадмын комисс, Монголын Үндэсний Бөхийн холбоо нь онцгой анхаарал хандуулах учиртай байсан уу?
Наадмын өдрүүдэд бороо хуртай байсныг хэлэх үү, төрийнхөө наадамд зодоглосон нэлээд хэдэн бөх бэртэл гэмтэл авч, зарим нь хуучин бэртэл нь сэдэрч, харууслын нулимстайгаар наадамчин олны сэтгэлийг эмзэглүүлэн зүлэг ногоон дэвжээгээ орхиж байв.
Жилдээ бид зуны улиралд Үндэсний их баяр наадам, өвөлдөө Сар шинийн баяраар онцгойлон зорин үндэсний дээл хувцсаараа ижилдэж гоёндог. Иймдээ ч баяр наадмаараа сэтгэл догдлуулан хүчит бөх, хурдан морь, сурын харваа, шагайн наадаанаа үзэж цэнгэн баясдаг уламжлалтай. Хэдийгээр өдрөөс өдөрт бүтээн байгуулалт, ёслолын арга хэмжээний арга барил өөдлөн дэвжиж буй ч энэ мэт алдаа доголдлоос шалтгаалан гоё хэсгээ муухай харагдуулж байгаа нь нууц биш.
Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадам энд хүргээд жаргаж байна. Монголчууд эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ хэмээн бэлгэшээдэг. Ирэх жилийн наадам даан ч хол байна даа.