“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын санаачилсан хавдартай хүүхдийн сувиллын шавыг Төв аймгийн Баяндэлгэр суманд өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр тавилаа. Энэ нь төсвийн хөрөнгөөр биш гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх гэж буй нийгэмд тустай ажил гэдгээрээ онцлогтой.
Энэхүү ажлыг санаачлагч нь “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэгэх захирал хавдрын чиглэлээр ажиллаж буй эмч, судлаач доктор Б.Цэцэгсайхан юм. Өмнө нь тэрээр “Дарь эхийн өргөө” хавдартай өвчтөн байрлуулах төв байгуулж, уг төвөөр дамжуулан хөдөө орон нутгаас ирсэн хавдартай иргэд болон түүний асран хамгаалагч нар байрлан үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, тэрээр төрийн олж хараагүй орхигдуулсан хэсгийг мэдэрч, салбарын мэргэжилтний хувьд өөрийн хэмжээнд идэвх санаачилга гаргаж ажиллаж байгаа нь үнэхээр бахархууштай.
Одоо тэрээр энэхүү сайн үйлсээ үргэлжлүүлэн хавдартай хүүхдийн эцэг эхчүүдийг дэмжих, хүүхдүүдийн асаргаа сувилгааг сайжруулах ажлыг эхлүүлжээ. Итгэл сэтгэл, санаачилга байгаад ажлыг эхлүүлэх мэдээж амаргүй. Сувиллыг хотын бүсэд болон ойрхон барихаар хөөцөлдсөн ч газрын асуудал шийдэхгүй байсаар цаг хугацаа нэлээд орсон гэдэг. Гэсэн ч тэрээр уйгагүй хөөцөлдөж явсаар Төв аймгийн Баяндэлгэр сумын ойролцоо сувилал байгуулах ажлыг эхлүүлж байна.
Доктор Б.Цэцэгсайхан ярилцлагандаа “ДЭМБ-аас 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх дэлхий нийтийн санаачилга”-ыг баталсан нь хүүхдийн хавдрын талаар дэлхийн хэмжээнд гаргасан анхны бодлогын бичиг баримт байсан. Манай улсад хүүхдийн хавдрын асуудал үргэлж анхаарлын гадна үлдэх гээд байдаг. Тийм байж болохгүй. Сүүлийн үед нийгэмд хавдар тэр дундаа хүүхдэд илрэх тохиолдол нэмэгдэж байна. Тэгэхээр бид эрт илрүүлэх арга хэмжээ авахаас гадна хавдартай хүүхдүүдийг дэмжих тодорхой алхмуудыг хийх ёстой” хэмээн дурьдаж байгаа нь бодлогын түвшинд эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт хийх шаардлага гарч байна.
Тиймээс тэрээр нийгэмд тулгамдаж буй тодорхой асуудлуудад гарц шийдэл хайж, “эмчлэх” алхмуудыг хийсээр байна. Дарь Эхийн өргөө, хавдартай хүүхдийн сувилал гээд…. Түүнээс гадна хавдрын өвчлөлийг бууруулах, нотолгоонд суурилсан бодлого, судалгааны ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийг дотоодын болон олон улсын түвшинд хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Сэтгэл байхад болохгүй зүйл байхгүйн жишээ энэ юм.