“Юм үнэнээрээ байх сайхан”
“Тэнгэр” телевиз УИХ-д нэр дэвшигчдийг оролцуулан халуухан мэтгэлцээн цувралаар өрнүүлж буй. Тэр дундаас “Дижитал шилжилт, мэдээллийн технологи” сэдэвт мэтгэлцээн хамгийн галтай нь байлаа. Галтай гэдэг нь оролцогчиддоо биш, сэдэв, агуулгадаа байв. Гэвч олон хүн мэтгэлцээнд оролцсон зарим нэр дэвшигчийн ааш авир, үг, үйлдэлд анхаарч, тэдний хэрүүл, толхилцлыг л хэдэн өдөр ярьж, цахим орчны “амны зугаа” болгож байх шиг. Уг нь хүн биш сэдэв, хэрүүл биш бодлого ярих нь аливаа мэтгэлцээний гол зорилго. Тэр тусмаа мэдээллийн технологи, дижитал шилжилтийн талаар мэтгэлцэнэ гэдэг бол хүн төрөлхтний хөгжлийн амин судас, өнөө, ирээдүйн амьдралын чиг хандлага, асар хурдтай өөрчлөлт, хэмнэлийн тухай ярина гэсэн үг.
Яг энэ өнцгөөс харвал дээр дурдсан “галтай мэтгэлцээн”-ий оролцогчдоос тоотой хэдэн хүн л жинхэнэ мэтгэлцэв. Бусад нь бие биеэ “мэрэлцэв”. Юм үнэнээрээ байх сайхан. Сонгууль болж байгаа юм болохоор аль болох олонд таалагдах, танигдах, өрсөлдөгчдөө өөлөх, гоочлох, бүр харлуулах тактик ч мэтгэлцээний үеэр цухалзаж л байна лээ. Гараг андуурна гэдэг шиг сэдэв андуурсан өвгөд нь ёстой залуусын хэлдгээр “сэжгийн” харагдсан. Дижитал шилжилт, мэдээллийн технологийг улс төрийн хэрүүл рүүгээ урвуулж чадаж байгаа нь тэднийг хэн гэдгийг хэлээд өгөв.
Юм үнэнээрээ байх сайхан. Мэтгэлцэгчдийн залуус нь бас л өөрийн тактиктай орж ирсэн нь илт байв. Тэр нь үндсэндээ рейтинг өндөр нэгэн рүүгээ дайралт хийх, атаклах сценари гэдэг нь илт уншигдаад байсан даа. Н.Учрал сайдыг барьж аваад нүдээд байвал базари үнэлгээ авна гэж тооцсон нь тэдний буруу биш ээ. Улс төрд ийм технологи байдаг. Гэхдээ технологийн салбарын мэтгэлцээн дээр технологио буруу сонгочих шиг болсон. Диплом дээрээ инженер гэж бичүүлснээс цаашгүй хүн мэддэггүй зүйл рүүгээ сохроор үсэрч орвол юу болдгийг мэтгэлцээний явцад харуулсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарласан цахим шилжилтийн реформыг гардан хэрэгжүүлж, “мөс зүсэж” байгаа манлайлагчийн хувьд, УИХ-ын Цахим бодлогын байнгын хороог тэргүүлж, улмаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж, салбарынхаа бодлогыг тодорхойлж байгаагийн хувьд ч Н.Учрал хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хэнтэй ч мэтгэлцсэн 5:0-дох нь тодорхой. “E-Mongolia” платформ 4.0 үеийн хөгжүүлэлтээ хийж, өдрөөс өдөрт төгөлдөржиж, хиймэл оюун ухаан ашиглаад эхэлчихсэн, shilen.gov.mn дээр төрийн мэдээлэл ил тод болсноор Боловсролын зээлийн сангаас эхлээд бүх тусгай сан, тендер, газар олголтын мэдээлэл ил болж, нийгэмд дуулиан тарьж байгаа зэргийг дурдах нь илүүц.
Юм үнэнээрээ байх сайхан. Мэтгэлцээний үеэр тавьсан асуултууд уг нь “аймаар” гоё байсан юм шүү дээ. Мэдээллийн технологийн салбар уул уурхайн дараа орох экспортын чухал салбар болох боломжтой юу? Үүний тулд ямар ажлууд хийх вэ? Төрийн цахимжилтын үед хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангах вэ? Төр, хувийн хэвшлийн түншлэл үнэхээр ажиллаж байна уу? Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хилийн чанадад ажиллаж буй монгол инженерүүдийг татах бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? гээд л…
Асуултаа ойлгоод, сэдвээ мэдээд, цаг үеэ мэдрээд, мэдлэгээ шавхаад мэтгэлцсэн бол үнэхээр тасархай болох байлаа.
Юм үнэнээрээ байх сайхан. Мэтгэлцэгчдийн дунд мэдээллийн технологийн салбарын хүн ганц байлаа. Тэр бол ХҮН намаас нэр дэвшигч Ц.Эрдэнэбат. Тэр яах аргагүй мэргэжлийн хүний хувьд мэтгэлцээний гол хүн байв. Старт апп-уудын өмнө тулгардаг саад бэрхшээлээс эхлээд мэдээллийн технологийн салбарын сайн муу бүх асуудлыг мэддэг хүний хувьд жинтэй үг, цэнтэй санаануудыг мань эр хэлсэн. Уран цэцэн үгээр илтгэж чадахгүй ч инженерүүд асуудлыг зөв харж, шийдлийг оновчтой гаргадаг. Энэ чанар Ц.Эрдэнэбатаас шууд харагдсан. Хэлэмгий, доломгой хүнийг “Болор цом”-д шүлэг уншуулчихмаар нөхөр үү, энэ чинь гэж цаашлуулах нь бий. Тэгвэл Ц.Эрдэнэбат шиг ийм технократуудыг УИХ-д суулгачихмаар нөхөр үү, энэ чинь гэж хэлмээр байгаа юм.
Учир нь бид хөгжье гэвэл хүссэн хүсээгүй технократуудаа л толгойдоо гаргахаас өөр замгүй. Технологийн эринд хөгжлөөрөө цойлж байгаа улс орнуудын удирдлага, толгойд хэн байна вэ? гээд харахад салбар салбарын технократууд нь байгааг харж болно. Технократууд бол асуудлыг шийдэхдээ технологийг суурь болгон харж, технологиор шийдэхийг зорьдог хүмүүс юм. Ийм хүмүүс л улс орны хөгжлийн жолоон дээр олноор гарч ирэх ёстой. Улс орноо хөгжүүлье гэвэл уул уурхай биш технологийн уурхайгаа л ухах хэрэгтэй. Мэтгэлцээний үеэр Ц.Эрдэнэбат инженер “Аливаа юманд мэргэжлийн чиг хандлагатай байх” тухай онцолсон нь санамсаргүй үг биш гэж ойлгосон.
Юм үнэнээрээ байх сайхан. Мэтгэлцээн дээр юу хийхээ ярьж, ирээдүй рүүгээ харах ёстой атал өнгөрснөө ярьж, бөөсний онигоо шиг бүх сэдвийг ТҮЦ машин руу оруулаад байсан Ц.Жадамбаа эцэстээ үнэнд гүйцэгдээд дуугүй болсон. Ц.Эрдэнэбат ажил, мэргэжилдээ эзэн болсон, салбараа нэвт шувт мэддэг хүн болохоор ТҮЦ машиныг нь төр дээрэмдчихээр зүгээр суулгүй “Гэрэгэ” киоскийг бүтээсэн нь өнөөдөр хүчээ авч, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг болоод байгаа юм билээ.
“Төр хувийн хэвшлийн хоршил гэтэл төр хувийн хэвшлийнхнийхээ санааг булааж аваад тендер болгоод зарчихдаг. Ерөнхий сайдаар толгойлуулсан оюуны өмчийн хулгай байдаг юм аа”, “Төр биднийг яаж дэмжих вэ гэдэг. Уучлаарай битгий дэмж, биднийг зүгээр л тайван орхичих. Тэр том дэмжлэг”. “Улс төр хийж байна гээд хүнээ байж болохгүй. Бие биеэ хуурахаа больё. Монголын “За” андагаар буй за гэсэн өвөг дээдсийн уриа бий”. Жинтэй, цэнтэй үг ийм хүчтэй. Юм үнэнээрээ байх ийм сайхан.
“Гамшиг болсон авлигыг бид технологийн хүчээр л ялна. Сайн хүн гарч ирээд, сайн хууль батлаад ч авлигаас салдаггүй юм байна. Муу хүн очоод ч хулгай хийж болдоггүй системийг бүтээж чадсан улс орон авлигыг ялж, хөгждөг юм байна”. Ц.Эрдэнэбат инженер ингэж хэлсэн. Энэ бол Засгийн газрын авлигын эсрэг тэмцэл хийгээд цахим реформын уриа болгон, хаа сайгүй бичээд өлгөчихмөөр үг шүү. Тэр бас “Юм үнэнээрээ байх сайхан” гэж хэлсэн юм.