“Сайн байна уу” контентын энэ дугаарын зочноор ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор, “Buuvee cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Ранжилын Бадмаанямбуу оролцлоо.
Түүний хувьд ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн технологич, инженер мэргэжилтэй. Монгол ноолуурын суурь судалгааг үргэлжлүүлэн, нарийн ээрмэл утас үйлдвэрлэх технологи боловсруулж, шинэ инновац гаргасан. Үүгээрээ “Buuvee cashmere” брэндийг үүсгэн байгуулж, дэлхийн брэнд болгох зорилготой ажиллаж байгаа эрдэмтэн.
УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт \Чингэлтэй, Сүхбаатар\ ХҮН намаас нэр дэвшигч Р.Бадмаанямбуугийн сонгуулийн штабаас бэлтгэв.
-Сайн байна уу, та өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу, намайг Бор Чойндон овогт Ранжилын Бадмаанямбуу гэдэг. Би 1977 онд Архангай аймагт төрсөн. ШУТИС-д багшилдаг. Доктор, дэд профессор хүн. 1995 онд Улаанбаатарт оюутан болж ирээд, тэр цагаас хойш Улаанбаатар хотын иргэн болсон. Одоо Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд амьдардаг.
-Та хаана, ямар боловсрол эзэмшсэн бэ?
-Би 1995 онд ШУТИС ТИС байхад элсэж байлаа. Сургуулиа 1999 онд текстилийн инженер мэргэжлээр төгссөн. Текстил гэдэг нь ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн технологич, инженер гэсэн үг. Ноос ноолуур боловсруулдаг. Магистраа мөн ШУТИС-д хамгаалж, Германы Аахены технологийн их сургуульд докторантурт суралцаж, монгол ноолуурын суурь судалгааг хийж, цоо шинэ шинжлэх ухааны датаг цуглуулсан.
Монгол ноолуурын суурь судалгаанд үргэлжлүүлэн нарийн ээрмэл утас үйлдвэрлэх технологид судалгааны ажлаа үргэлжлүүлж, докторын ажлаа ноолууран нарийн ээрмэл үйлдвэрлэх технологи боловсруулж, шинэ инновац гаргасан. Үүгээрээ үндэсний хоёр патент эзэмшдэг.
–Судалгааны ажлаараа Buuvee cashmere-ийг үүсгэн байгуулсан шүү дээ. Хэдэн онд вэ?
-Эрдэмтэн хүн гэхээр хийсэн судалгаагаа номын санд тоосонд даруулаад орхихыг хүсээгүй. Инновац гэдгийг Монгол улсын Засгийн газрын 2015 оны шинжлэх ухааны шилдэг бүтээл болсноороо төр засагт хүлээн зөвшөөрөгдөж, улмаар энэ технологио хөгжүүлж, “Buuvee cashmere” брэндийг үүсгэн, хөгжүүлж, дэлхийн брэнд болгоно гэсэн том амбиц, зорилготой явж байна.
-Таны ажлын гараа хаанаас эхлэлтэй вэ?
-2000 оноос хойш нэхмэлийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар анх ажилд орж, 2001 оноос туслах багшаас өдийг хүртэл ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд тууштайгаар багшилж байна. Багшлахын хажуугаар сургуулийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнд Сорил судалгааны төвийн захирал, Стандарчлал хэмжилзүйн газрын ноос ноолуур, текстилийн стандарчлалын техникийн хорооны дарга, салбарын холбоод, танхим, янз бүрийн олон нийтийн ажлууд ихтэй.
Мөн Олон улсын ноосон текстилийн байгууллага буюу IWTO гэж манай салбарын дэлхийн хамгийн том төрийн бус байгууллага бий. Энэ байгууллагад монгол улсаа төлөөлж суудаг гишүүнчлэлтэй.
-Та гэр бүлийнхээ талаар хуваалцаач?
-Миний ханийг Будсүрэн гэдэг. Бид ижил мэргэжилтэй. Текстилийн инженерүүд. Одоо Buuvee cashmere-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Бид 2001 онд танилцаж, гэрлээд, одоо таван сайхан хүүхдийн эцэг, эх болсон.
Гэр бүлтэй, үр хүүхэдтэй, аав, ээжтэй байна гэдэг юунаас ч илүү үнэ цэн, баялаг юм.
Утга учиртай амьдрал гээд л хүмүүс ярьдаг. Утга учиртай амьдарна гэдэг нь зөв замаар явах, эргээд хүний нүүрийг бүтэн харах нүүртэй байх, харамсах зүйлгүй амьдрах л юм болов уу.
-Таны улс төрд орох шалтгаан юу байсан бэ?
-2020 онд гэнэтхэн л улс төр рүү явж орсон. Тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Улаан гуай цар тахал гарч, бүх үйлдвэр, аж ахуйн нэгж зогсчихсон, гадаад захиалгагүй үед улс төрийн шийдвэр гаргаж “Ноолуурыг 150 мянган төгрөгөөс дээш гаргахгүй, төр зохицуулна” гэдэг шийдвэр гаргасан. Тэр үнээр нь авах үйлдвэр, аж ахуйн нэгж байхгүй. Зах зээлийнхээ жамаар явах ёстой зүйлийг төр хүчээр зохицуулна гэдэг байж боломгүй зүйл гээд эвлэрээгүй.
Салбарын судлаач, салбарын бодлого шийдвэрт өөрийн санаа бодлоо уралдуулж, шүүмж бичдэг, бичихдээ гарц гаргалгаатай бичдэг хүн. Бодоход л “Би багшлаад, таван хүүхдээ тэжээгээд, амьдралаа аваад явбал хэнээс ч дутахгүй аваад явна. Гэхдээ салбарынхаа төлөө дуу хоолой болж, бодлого шийдвэрт зөв нөлөө үзүүлэхгүй бол хэн нэгнийг хүлээгээд, төр засгийг хүлээгээд болохгүй юм байна гэдэг нь харагдсан учраас гэнэтхэн шийдвэр гаргасан. Тухайн үед ямар нэгэн нам, улс төрийн харьяанд байдаггүй учраас биеэ даагаад, төрөлх нутаг Архангайд дэвшсэн. Тэр үеийн 20 хоногийн сурталчилгаагаар ялсан юм шиг ялагдаад ирсэн. Маш их кайф авсан. Маш их зүйл сурсан.
-Таны бодлоор Монгол Улсын хөгжил хаана гацаад байна вэ?
Монгол монголоороо хөгжих ёстой. Монгол хүн л монголыг хөгжүүлэхгүй бол өөр хэн ч хөгжүүлэхгүй. Бид хэн нэгэн гаднын улсыг дуурайгаад, Япон лугаа хөгжинө, Америк лугаа хөгжинө биш. Монгол хүний язгуур мөн чанарт тулгуурлаж, монгол хүмүүсийн бүтээх эрмэлзэл, ур чадвар, боломж, нөөцөд тулгуурлаж хөгжинө гэж боддог.
Монголд гурван баялаг байна уу гэж боддог. Үргэлж хөгжиж байдаг хүн баялаг. Үргэлж нөхөн төлжиж байдаг малын гаралтай үнэт түүхий эд баялаг. Ухаад байвал дундарч байдаг газрын доорх баялаг. Эхний хоёр баялгаа монголчууд сүүлийн 34 жил орхигдуулсан байна. Монгол хүний тархи, монгол хүний ур ухаан, хүч хөдөлмөрөөр өөрсдөдөө байгаа нөөцөө боловсруулж, яаж экспортыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг дэмжиж, валютын урсгалыг оруулж ирэх вэ гэдэгт л төвлөрч ажиллавал бидэнд маш их потенциал байна гэж боддог.
Монгол улс инженерүүдийг олноор бэлтгэх хэрэгтэй байна. Инженер, эрдэмтдэд судалгаа, шинжилгээ хийх эрх чөлөөг нь олгож, шинэ технологи гаргах, нөхцөл, хөрсийг нь бүрдүүлснээр олон салбарын инновац төрнө. Инновац бий болж байж монголын хөгжлийн гарц тодорхойлогдоно гэж үздэг.
-Ярилцсанд баярлалаа.