Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь зэрэг аймаг буюу говийн бүс нутаг ахуй амьдрал, байгаль экологийн байдал нь хоорондоо адилхан. Тэр дундаа дуу хуурын өлгий нутаг Дундговь байгалийн өвөрмөц тогтоц, айргийн амтаараа улс орондоо алдартай. Иймдээ энэ нутаг усныхан эрхгүй бусдаас ялгардаг.
Монголчууд бид төрсөн нутаг усаа хаа ч явсан санан үгүйлж, бодлоос уяатай, зүрхний чанадад үргэлжид санагалздаг. Ажлын анхны гараагаа төрсөн нутаг уснаасаа эхлүүлж, төрийн албанд 20 гаруй жил хөдөлмөрлөж нэгэн эд эс нь болж яваа Дундговийн хүү Төгсийн Энхбаярыг “Хөрөг” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урин ярилцлаа. Тэрээр Удирдлагын академийн багш, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар ажилладаг.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Төгсийн Энхбаяр гэдэг. Та бүхний энэ өдрийн амгаланг тань айлтгая. 1981 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Айлын том, эхээс дөрвүүлээ, доороо гурван дүүтэй. Гэр бүлийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
1998 онд Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгсөөд тухайн үеийн Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, одоогийн Удирдлагын академид төрийн захиргааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэх шийдвэр гарч, анхны бакалаврын ангийг төгсөж байсан. Түүний дараа эрхзүйч мэргэжлээр Их засаг сургууль, мөн МУИС-ийг Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Миний аавыг Төгс гэж Дундговь аймгийн Гал командад гал сөнөөгчөөр ажилд ороод 25 жил Гал унтраах ангийн Захирагч хүртэл нь ажилласан хүн бий. Аав маань бэлтгэл хошууч цолтой цэргийн хүн, ээжийг Цэрмаа гэдэг. Дундговь аймгийн Эрчим хүч, Прокурорын байгууллагад 30 гаруй жил нягтлан бодогчоор тууштай ажилласан.
-Хүнд ажлын анхны гараагаа эхлүүлсэн байгууллага, хамт олон сэтгэлд маш гоё дотно байдаг. Таны хувьд ажлын анхны гараагаа ямар байгууллагаас эхлүүлж байв?
-Хүний амьдралын гараа бол ажил мэргэжлээс маш их хамаарч байдаг, их чухал мөч л дөө. Би энэ төрийн захиргааны удирдлага мэргэжлийг эзэмшихдээ тухайн үед МУИС-ийн Хууль зүйн сургуулийнхаа Эрхзүйч мэргэжлийг сонголгүйгээр Төрийн захиргааны удирдлага гэсэн мэргэжлийг сонгон 4 жил суралцаж төгссөн. Төгсөөд сургуульдаа үлдэж багшаар ажиллах саналыг авсан. Гэхдээ орон нутаг маань энэ мэргэжлийг ямар хүн авснаас үл хамаараад тухайн үеийн сургалтын төлбөрийг нь төлж, орон нутагтаа ажиллах гэрээтэй бид нар суралцсан. Хэдийгээр сургууль маань үлдэж ажиллах санал тавьсан ч гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хувьд би төрж өссөн Дундговь аймагтаа 2002-2008 оны хооронд ажилласан. Анхныхаа ажлын гарааг Дундговь аймгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр орж эхлүүлж байлаа. Анхны хамт олон маань маш гоё халуун дулаан, дотноор угтаж авч байлаа.
-Хүүхэд насны дурсамжаасаа хуваалцана уу?
-Би багадаа өвөө, эмээтэйгээ дээрээ өссөн. Манай аав, ээж хүмүүст хүн ёсоор нь сайхан ханддаг. Манайхаар зочид их ирдэг байлаа. Би хааяа хүүхэд насны тухайн үеийн дурсамжаа ихэд санагалздаг. Нэг тийм дотно мэдрэмж, дотно сэтгэл, хүнийг хайрлах, хүндэтгэх тэр зүйлийг би өвөө, эмээгээсээ олж авсан байх гэж боддог.
-Улсад төрийн албанд хэдэн жил ажиллав?
-Ер нь улсад ажил хийгээд 22 жил болсон байна. Үүнээс Хөдөлмөр халамж үйлчилгээний салбарт 8 жил, мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хуульч, нууцын эрхлэгч, Сайдын зөвлөх гээд мөн Аж үйлдвэрийн яаманд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар Газрын дарга хийж байлаа. Удирдлагын академид эрхзүйн тэнхимд багшилж байна. Яг өнөөдөр бол би Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа.
Ингээд бодохоор би их азтай. Маш олон салбарт ажиллаж байна. Энэ нь миний эрхзүйч, хуульч, мөн төрийн удирдлага гэсэн чиглэлээр мэргэжил зээмшсэнтэй холбоотойгоор маш олон салбарт хөрвөх байдлаар ажиллаж буй нь гол түлхэц болдог.
-Дундговь аймаг гэхээр л сайхан айрагтай нутаг. Мөн дуу хуурын өлгий нутаг ч гэдэг?
-Манай Дундговь аймгийг дуу хуурын өлгий нутаг гэдгээр нь Монголчууд мэддэг. Дээр нь өв соёл, түүхийн өлгий нутаг. Монголын ирээдүйг би говьд байгаа гэж боддог. Энэ говийн хөрсөн дор маш их баялаг байна. Дээр нь Монголын ирээдүй болсон маш их ухаантай хүмүүс, эрдэм номтой мөн түүх, өв соёлоо мэддэг тийм ард түмэн байдаг.
-Таныг бага байхдаа онгоцны ослоос хүний алтан амийг аварсан гэж сонссон?
-Манай гэр аавын ажилтай ойрхон, гал командын хажууд байдаг байлаа. Би сургуульдаа явахдаа гал командаар ордог, сургуулиас тараад ирэхдээ мөн ордог, ухайн байгууллагын ах нарын хайртай хүү нь байсан. 8-р ангид байхад зуны нэг өглөө аавын ажлаар ороод байж байлаа. Гал командынхан хуралд орчихсон. Галын техник спортын тэмцээн гэж жил бүр зохион байгуулагддаг. Дундговь аймгийн гал сөнөөгчид яг тэр өдөр тэмцээнийхээ бэлтгэлд гарах байсан. Дуудлага ирлээ гээд машин тэрэгнүүд сүнгэнээд л давхиад гарсан. Араас нь бас нэг машин гарсны дотор нь би яагаад ч юм суучихсан байсан. Ингээд Дундговь аймгийн онгоцны буудлаас урагшаа хоёр километр хэртэй газарт хар утаа олгойдон онгоц шатаж байсан. Тэгээд гал командынхан очоод ажиллаад л онцгой байдлын албанд ажилладаг эрчүүд гэдэг чинь маш их зоригтой бахархам хүмүүс. Онгоцны хажууд яг сэнснийх нь далавчны доор доошоо харсан байдалтай нэг хүн байж байсан. Тэгээд би тэнд шууд л гүйж очоод араас нь тэвэрсэн. Тэнд гал гараад л маш их халуун төөнөж байлаа. Тэр хүнийг тэврэхэд амь нь тасраагүй байгаа тийм мэдрэмж надад төрөөд би өргөөд даахгүй, жаахан хүүхэд байсан болохоор чирээд л тэр үед араас манай Баярбаатар гээд тухайн үеийн гал сөнөөгч ах ирсэн. Ингээд бид хоёр хамтдаа тэр хүнийг хойшлуулж өргөсөн. Хожим сонсоход тэр хүн амьдарсан байсан.
-Таны хувьд хууль зүйн салбарт ямар даацтай ажлуудыг хийж бүтээсэн бэ?
-Монголд цорын ганц музейн чиглэлээр баригдсан Лениний музейн барилгыг олон нийтийн байгууллагын буюу Ардын намын өмч биш юмаа. Энэ бол Монгол улсын төрийн өмч гэдгийг баталсан. Яаж баталсан бэ гэхээр тухайн үед бол Лениний музей Монгол Ардын Намын өмчлөлд байсан. Гэтэл архивын бичиг баримтаас энэ барилга бол татвар төлөгчдийн мөнгөөр буюу 1976-1981 оны хооронд улсын төсвөөс тухайн үеийнхээ нийт 14 цэцэрлэг, сургуулийг барих улсын төсвийн мөнгөөр барьсан баригдсан байсан. Энэ баримт нь баттай нотлогдсон. Үүний дагуу бид шүүхэд маргаан үүсгэж, гурван шатны шүүхээр, хоёр жил шахуу хугацааг зарцуудан ажилласан. Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Оюунгэрэлийн шууд удирдлаган дор хуулийн багийг нь ахалж, Лениний музейг төрд авах ажлыг хийж байлаа.
-Говийн бүс нутгийн хөгжлийн ирээдүйн өнгийг та хэрхэн тодорхойлж байна вэ?
-Говийг Дубай шиг хөгжилтэй улс орон болгоход амархан. Хамгийн гол нь энэ бодлого боловсруулж байгаа хүмүүс Говьчуудыг мэдэрдэг байх ёстой. Говь нутгийн ард түмэн, тэр байгалийн онцлог, экологийг мэдэрдэг байх хэргэтэй л дээ.
Энэ Монголын залуучууд үнэхээр чадалтай, боловсролтой, мэдлэгтэй байна. Эдгээр залуучууд юуг хүсэж, юу руу тэмүүлж, юуг мөрөөдөж байгааг нь шийдвэр гаргах түвшинд мэдэрдэг, ойлгодог байх ёстой.