
Бид энэ удаа УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа. Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн тэр дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх “Жи Пи Морган” банканд ажлын гараагаа эхлүүлсэн юм. Эх орон, ээж ааваасаа хол хүний нутагт эрдэм сурах гэж олон жил шамдахдаа ухаарч ойлгосон зүйлс хийгээд туулж гарсан зарим түүхээсээ бидэнтэй хуваалцлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. Та ажлын гараагаа “Жи Пи Морган” банкаас эхлүүлсэн байдаг. Яг ямар чиглэлээр ажиллаж байв?
-Америкийн “Жи Пи Морган” банканд хөрөнгө оруулагчийн банкираар орж ажилласан. Компаниуд болон Засгийн Газарт бонд, хөрөнгө босгодог ажил эрхэлсэн юм. Гурван жилийн хугацаанд би 10 тэрбум доллар буюу 33 их наяд төгрөг босгосон байдаг. 2008-2009 онд дэлхийн хамгийн халуун цэг болох Иракийн Багдад хотод хэд хэдэн удаа очиж байсан. Яг дайнтай үед нь.

-Дайнтай үед гадаадад ажиллах нөхцөл хэр хүнд байсан бэ?
-Хүнд гэхээсээ илүү эрсдэлтэй байсан. Тэгэхэд мэдээж баахан буутай цэргээр хамгаалуулсан, цуваагаар явж байгаа шүү дээ. Яг дайн байлдааны үед. Хоёрдугаарт байгаль нь цөлд. Монголоос тэс өөр байгальтай учраас маш шинэ орчин угтаж авсан. Тиймээс их эрсдэлтэй санагдсан.
Би анх “Жи Пи Морган” компанид ажиллахад эхний гурван сар нь хамгийн хүнд байсан. Дэлхийн 1800 оюутныг нэг газар цуглуулаад, гурван сар маш ачаалалтай сургалт явуулсан. Сургалтын үндсэн онцлог нь тав дахь өдөр болгон шалгалт авдаг. Ингээд хамгийн муу дүн авсан 10 хувийг нь халдаг. Өөрөөр хэлбэл шигшдэг. Гурван сарын дараа 428 хүн үлдсэн юм. Тэгэхээр өрсөлдөөн маш их. Энэ утгаараа би өрсөлдөөнд маш их суралцсан.
-Хэд дахин их хичээх шаардлага болсон байх?
-Хийж байгаа ажлаа 100 хувь биш, 200 хувь хийх ёстойг ойлгосон. Дөрвөн хүнээс гарах хөдөлмөрийг би ганцаараа гаргах ёстой гэх мэтчилэн зүйлийг баримталдаг байсан. Хүн өөрийнхөө залхууг л ялах ёстой. Хүний хамгийн том дайсан бол залхуурал шүү дээ. Үүнийгээ давж чадвал хүн амжилтад хүрнэ. Бүрэн ялж чадахгүй ч гэсэн ямар нэгэн оролдлого хийх ёстой.
-Хүний үзэж туулсан амьдрал өнөөдрийн та биднийг бүтээдэг. Таныг энд хүргэхэд нөлөөлсөн зүйл юу бол?
-Хүний амьдралд янз янзын л зүйл тохиолдоно шүү дээ. Өнөөдрийн Батшугарыг бүтээсэн олон зүйл байгаа. Алдаж, онож, харамсаж, бахархсан олон зүйл байна. Энэ бүхний дунд л хүн амьдарч байгаа шүү дээ. Анх ажилд орохдоо маш их ачаалалтай ажилладаг байсан. Ялангуяа 2-3 хоног гэртээ харихгүй, унтахгүй. Бүрэн компьютер дээрээ суугаад дата, санхүүгийн тайлан уншиж анализ хийж, дүгнээд явдаг. Энэ үед ядраад бараг ухаан алдах нь ээ л гэж бодож байсан. Хүн бол ухаан алдахгүй ажлаа хийгээд л явдаг юм билээ. Хүний оюуны чадамж маш өндөр. Хүний бие өөрөө зогсох цэгээ мэддэггүй юм билээ. Түлхээд л байвал яваад л байдаг. Үүнийгээ дагаад тархины булчин сайжраад л байдаг. Өвчин зовлон гай болоод газар доороос гарч ирдэг гэж ярьдаг. Маш хүндээр өвдөж, гэртээ ганцаараа халуураад хэвтэж байхад гэртээ байсан бол ямар гоё вэ гэж бодох үе байсан. Ээж аавыгаа санах үе ч гарч байсан.


-Эх орон, төрсөн гэрээсээ холдохоор бишгүй их ганцаарддаг байх. Тийм үү?
Тийм ээ. Гадаадад монгол хүнтэй таарах гоё мэдрэмж. Яагаад гэвэл гадаадад би тухайн хэлээр нь, аялагагүй ярьж болно. Гэхдээ чамайг тэд гадаад хүн л гэж харна. Энэ мэдрэмж бол хувь хүний хувьд их эмзэг тусдаг. Гэхдээ үүнийг давж туулах л ёстой. Яагаад гэвэл би монгол хүн. Үүгээрээ бахархах ёстой. Монгол хүн ямар хөдөлмөрч, оюуны чадамжтай байдгийг үзүүлэх ёстой. Эх орон бол миний хувьд хамгийн чухал зүйл.
-Та төрийн дуулал сонсоод уйлах гэж байгаа бичлэг цацагдаж байсан. Нэг талдаа хүмүүс дуу сонсоод уйлах гэлээ гэх хандлага гаргасан. Тэр үед та юу мэдэрсэн юм бэ?
Уйлах нь ч юу юм. Төрийн дууллыг маш чангаар сонсоод би огшсон. Маш олон жил гадаадад амьдарсан хүний хувьд төрийн дуулалдаа үнэхээр хайртай хүн. Тухайн үед гадаа бороо ороод, сайхан үнэртсэн. Энэ бол үнэхээр сайхан. Энэ бол хувь хүний хувьд хамгийн жаргалтай мэдрэмж байсан. Тусгаар тогтносон монголдоо амьдрах ямар том заяа вэ гэдгийг ойлгох ёстой. Тухайн үед үүнийг мэдэрч байсан.
-Залуу улс төрч хүний хувьд баримталдаг зарчмаасаа яриач?
-Үг биш үйлдлээрээ л харуулахыг хичээдэг дээ.
-Танд баярлалаа.

