З.Мэндсайхан: Баруун бүсэд 100 гаруй үйлдвэртэй болсноор 1 сая малын түүхий эд боловсруулж, экспортод гаргана
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг УИХ-ын чуулганы отгон хуралдаанаар баталсантай холбогдуулан тус хөтөлбөрийг санаачлагч Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайханаас тодрууллаа.
-“Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжих нөхцөл бүрдлээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
– “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулж, экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг өргөтгөх, шинээр нээхэд зориулж нийт 2.19 их наяд төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор тусгасны 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1,51 их наяд төгрөгийг арилжааны банкаар дамжуулна.
Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулахаар төлөвлөсөн нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж, ахуй нэгжүүдэд маш хэрэгтэй зүйл болсон гэж үзэж байгаа.
-Ховд аймагт баригдаж буй үйлдвэр технологийн парк хөтөлбөрийн хүрээнд нэлээд амь орох нь ээ?
–Тийм ээ, Ховд аймагт баригдаж буй үйлдвэр технологийн паркын бүтээн байгуулалтын хүрээнд баруун бүсэд 100 гаруй жижиг үйлдвэр шинээр баригдаж, 1 сая малын түүхий эдийг боловсруулж, экспортод гаргах гарц нээгдэнэ. Мөн тухайн бүс нутагт 2200 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, малчид маань малын түүхий эдээ цагаан алт болгож, үнэд хүргэх боломж нээгдэж байгаад баяртай байна.
–Баярлалаа, танд амжилт хүсье.