Бид энэ удаа Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/-д ангиографийн болон мэдрэлийн эмчээр хавсран ажиллаж буй залуу эмч Б.Амбасэлмааг онцоллоо. Тэрээр 2019 онд АШУҮИС-ийг төгсөж, УХТЭ-т мэдрэлийн эмчээр, дараа нь УГТЭ-т судсан дотуурх оношилгоо, эмчилгээ буюу ангиографийн эмчээр тус тус нарийн мэргэжил эзэмшжээ. Ингээд тэр 2022 оноос хойш орон нутагтаа ажиллах сонголт хийсэн юм. Түүнтэй бид мэргэжлийн онцлог хийгээд орон нутагт ажиллах ямар давуу талтай байдаг талаар ярилцсан юм.
-Анагаах ухааны салбарт хавсарсан нарийн мэргэжлээр ажиллаж буй тухайгаа та ярилаа. Яагаад энэ хоёр чиглэлээр суралцах болсон бэ? Ер нь ангиографи гэж юу гэсэн үг вэ?
-Мэдрэлийн эмчээр сурч байх хугацаандаа тархины нарийн мэс засал, тэр дундаа ангиографи буюу судсан дотуур хийгддэг мэс заслыг сонирхон судлаад үргэлжлүүлэн энэ мэргэжлээр дахин суралцсан. Ангиографи гэдэг нь хүний биед мэс хүргэж, шарх сорви үлдээхгүйгээр ганцхан хатгалт хийж, судсан дотор, хүний биеийн гүн дэх өвчлөл бий хэсэгт хүрч оношилгоо, эмчилгээ хийдэг анагаах ухааны маш нарийн ажилбар, технологи байгаа юм. Үүгээр тархины судасны цүлхэн болоод тархи, нуруу, нугас, мэдрэлийн бусад эмгэгүүд, олон төрлийн зүрх судасны өвчлөл,хавдар, судасны нарийсалтууд гээд маш олон өвчнийг эмчлэх боломжтой. Монголд гэлтгүй дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байгаа анагаах ухааны салбар, чиглэл байгаа юм.
-Судсан доторх эмгэгүүдээс хүн амд зонхилж байгаа нийтлэг тохиолдол нь юу вэ?
-Тархины судасны цүлхэн байна. Тухайн хүнд тархины судасны цүлхэн гэдэг онош тавигдлаа гэхэд үүнийг ямар нэгэн эмийн эмчилгээгээр эмчлэх боломжгүй. Мэс заслын эмчилгээнд орох зайлшгүй шаардлага гардаг. 2022 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийт хөдөө орон нутгуудад буюу улсын хэмжээнд байдаг таван БОЭТ-д ангиографийн аппаратуудыг суурилуулж өгсөн. Ингэснээр өмнө нь энэ төрлийн мэс ажилбарууд зөвхөн Улаанбаатар хотод хийгддэг байсан бол одоо орон нутгийн иргэд цаг алдахгүйгээр орон нутагтаа уг тусламж үйлчилгээг авах боломж харьцангуй нээлттэй болж байгаа юм.
-Ангиографийн эмч нарын ажлын онцлогийн талаар та яриач?
-Судсан дотор, хүний биеийн нүднээс далд хэсэгт ажилбар хийдэг учир бид үргэлж рентген туяан доор ажилладаг. Рентген туяанд хордох эрсдэл нь маш өндөр учраас бид хар тугалга, метал агуулсан 20 килограмм хүртэлх жинтэй хамгаалалтын хувцас, хэрэглэлтэй байх ёстой. Харамсалтай нь энэ тал дээр эмнэлэг бүр харилцан адилгүй. Зарим эмнэлгүүд хагалгааны багаа бүрэн хамгаалалтын хэрэгслээр хангаж чаддаггүй.
-Мэргэжлийн хүнд нөхцөл хүйсийн байдалд нөлөөлж байна уу? Хүүхэдтэй болохоос эхлээд асуудал үүсэх байх.
-Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаардаг юм байна гэж ойлгож болох уу? Тийм бол цалин хөлсний нэмэгдэл хэр авдаг вэ?
-Хортой нөхцөлийн нэмэгдэл гээд үндсэн цалин дээрээ 10 хувийн нэмэгдэл авдаг. Орон нутгийн нэмэгдэл гэж бас бий. Дээр нь эмч нарын хувьд очер дараалал ихтэй, хагалгааны хуваарь шахуу, ачаалалтай ажилладаг ч орсон хагалгааныхаа тооноос үл хамаараад яг л үндсэн цалингаа л аваад явдаг. Тэрнээс биш олон хагалгаа хийснээрээ илүү нэмэлт цалин, урамшуулал авдаг тогтолцоо одоогоор байхгүй байгаа. Мэдээж олон улсын жишигт хүрэхгүй.
-Манай эмч нарын ур чадвар олон улсын жишигт хүрч чадах уу?
-Бүх л монгол эмч нарын хувьд аль болох олон улсын, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн нийлүүлэн алхахыг зорьдог. Миний ажиллаж, суралцаж байсан УГТЭ-ийн хамт олон гэхэд олон улсад хийгдэж байгаа хурал, семинар, воркшопуудад оролцож өөрсдийнхөө мэдлэг, мэдээллийг шинэчилж, дэлхийн хөгжлөөс хоцрохгүйг хичээж ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.
Чадварлаг эмчдээ ажлын амжилт хүсье.
Мундаг, сэтгэл зүтгэлтэй эмч шүү. Ажлын амжилт хүсье.