Монголчууд эртнээс ном дор мөргөмүй хэмээн сүсэлж, бичиг үсэг тайлагдсан хэнбугай ч багш гэж өргөмжилдөг байсан бичиг соёлын чамлахааргүй өндөр ард түмэн. Иргэд, олон нийтийн мэдэх “номын цагаан” буюу Арслантай гүүрний дэргэд байх хуучин номын худалдааны төв байгуулагдаад энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байна. Уг төвд худалдаа эрхлэгчдээс хамгийн ахмад нь болох Д.Дүндгээтэй бид ярилцлаа.
Та ном борлуулаад хэдэн жил болж байна вэ, хэдэн оноос эхэлсэн бэ? Дээр үед номын худалдааны газар, номын бөөний бааз гэж байхад би тэр номын худалдааны газар нь ажиллаж байсан юм. Номын мэргэжлийн хүн л дээ. Угтаа бол орос хэлний багш. Тэнд ажиллаж байгаад татан буугдаж, хувьчлагдсаны дараа хориод жил , 1993 оноос хойш энэ багшийн дээдийнхээ гадаа зогсож номоо зарж байгаад сүүлд энэ цагаан байшиндаа орсон. Эндээ бараг 10 жил болсон байна. Тэгэхээр нийтдээ 40 гаруй жил номын худалдаанд ажиллаж байна даа, хуучин нийгмийн үеэс л эхэлсэн. Социализмын үе л гэсэн үг шүү дээ.
Танай төв, таны лангуунд хуучин номууд ихээхэн зай эзэлдэг юм байна. Энэ талаар?
Бид нарын,энэ номын худалдааны төвд ажиллаж байгаа хүмүүсийн гол зорилго гэвэл энэ ном гэдэг чинь мөнх, их урт настай эд байдаг юм шүү дээ. Гаднах хавтас, хуудас нь элэгдэж муудсан ч доторхи мэдлэг, мэдээлэл нь хуучирдаггүй. Тэр хуучны сайхан номуудыг л бид нар хүний гарт хүргэхийн төлөө л ажилладаг. Одоо ховор хуучин ном, зохиол ,бүх л төрлийн номуудыг л одоо бид нар зарж хүнд хүргэдэг. Энэ дунд чинь музей, архив, номын сангуудад ч байхгүй тийм л ховор нандин юм ч бий. Тэгэхээр зүгээр нэг бараа бүтээгдэхүүн биш соёлын биет, биет бус өв явж байна гэсэн үг юм уу даа.тэр Соёлын өвийг хамгаалж, хадгалж, хайрлаж гамнаж эдлэх хүнд нь худалддаг. Энэ утгаараа соёлын үрийн хамгаалж байгаа гэж боддог.
Танд байгаа хамгийн эртний ном хэдэн онд хэвлэгдсэн, ямар ном байдаг вэ?
Эртний гэвэл 1950-1920 оны номууд бий. Бараг зуун жилийн настай, надаас хуучин гэсэн үг шүү дээ. Крилл, латин, хуучин монгол үсгээр бичсэн. Монгол, орос, хятад бүр түвд, манж хэл дээрхи хэвлэл ч байна.
Сүүлийн үед залуучууд ном уншихаа больчихсон гэж яригддаг болсон. Худалдан авалт хэр байдаг вэ?
Хувь цуглуулагч нар, гадаад дотоодын хүмүүс их сонирхоно. Номын сангууд бас ирнэ. Тэрнээс биш хүн болгон ховор нандин юмыг сонирхохгүй. Надад ирсэн номнууд авах эзнээ их удаан хүлээж байж зарагдана. 5-6 жил тоосонд дарагдах нь олонтаа, бүр 10 жилийн дараа зарагдсан ном ч байна. Үнийн хувьд мэдээж хямдхан биш. Дахиж хэвлэгдэхгүй , өөр газраас хайгаад олохгүй учраас үнэтэй байна. Би өөрөө ч үнэтэй авна. Жаахан ашиг авах хэрэгтэй. Хямдхан хог болгож болгож болохгүй. Залуучууд бага уншдаг болсон нь үнэн. Халаасанд нь байгаа гар утаснаасаа ямар л бол ямар юмыг үзэж, уншиж болдог учраас нь цаасан хэвлэл унших цөөрсөн байх. Мэдээж сайн уншдаг хүүхдүүд байлгүй яах вэ дээ. Худалдан авалт гэвэл номын цагаан буянд амьжиргаагаа болгоод л байдаг юм.