Хан-Уул дүүргийн 18-р хороонд нийт 13 мянган иргэн оршин суудаг ч нэг ч улсын сургууль цэцэрлэг байдаггүй. Айл бүр үр хүүхдээ хувийн сургууль цэцэрлэгт өгөх боломжгүй. Энэ асуудлыг хэн, хэрхэн шийдэх талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай ярилцлаа.
-Та сүүлтийн үед засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн тухай их хөндөж байна. Манай нийслэл хот есөн дүүрэг, 204 хороотой. Үүнийг 14 дүүрэг 42 хороо болгох тухай та ярьж байна. Үүнийг өөрчлөх ямар шаардлага байна вэ?
-Улаанбаатар хот 1992 оны засаг захиргааны бүтцээр явж байна. Түүхэн бүтцээ авч үзвэл анх 10 хороотой байсан. 1960 оны долоо дугаар сард Улаанбаатар хотын хүн ам 100 мянга давж эхэлсэн. Тэр үед хуучин Орос улсын зөвлөгөөг даган системээ өөрчилсөн юм. 1960 онд анхны дөрвөн районыг байгуулсан. 1992 онд нийгмийн шилжилтийн дараа манай хүн ам 570 мянгал хүрч, есөн дүүрэгт хуваан шинэчилсэн байдаг.
1992 оны хуулиар Монгол улс ганцхан хоттой болж өөрчлөгдсөн. Урьд нь хот гэж нэрлэгдэж байсан Дархан, Эрдэнэтийг аймаг болгосон. Гэвч дэлхий дахинд хотуудын хөгжлөөр улс орны хөгжил харагдаж байна. Ямар ч улсад очсон олон хоттой байдаг. Токио шиг 44 хотын нэгдэлтэй Улаанбаатар хот тэнцэнэ. 1992 оны хуулиар есөн дүүрэг 204 хороотой болсон. Гэвч дүүрэг нь ямар ч эрх мэдэлгүй субъект, хороо нь хүний асуудлыг шийдэж чадахгүй, гомдлыг дамжуулах газар болсон. Ямар ч хорооны дарга руу ороод манай гудамжны гэрэлтүүлэг шийдээд өгөөч гэхэд шийдэх чадваргүй. Учир нь хороонд төсөв байхгүй.
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ДҮҮРГЭЭ МЭДДЭГ, ХАРИУЦДАГ, ХАРИУЦЛАГА ҮҮРДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Та Хан-Уул дүүргийн засаг даргаар найман жил сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн ажил хийх боломж бага учраас ийм ажлыг санаачилсан гэж ойлгож болох уу?
-Тийм. Би эхний хэдэн жил үүнийг мэдээгүй. Сүүлийн жилүүдэд систем нь алдаатай байгааг ойлгосон. Бүх эрх мэдлийг хотын даргад өгсөн. Дүүрэгтээ нэг жижиг самбар тавихад хүртэл хотын даргаас зөвшөөрөл авдаг.
-Эрх мэдлийг хувааж, засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах саналыг тэд дэмжиж байна уу?
-2022 оны үед би энэхүү асуудлыг өргөн барьсан. Тухайн үед хотын дарга байсан Д.Сумъяабазар, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон одоогийн хотын дарга Х.Нямбаатар нар дэмжсэн.
Би хорин минутын хот гэдэг саналыг дэвшүүлсэн. Гэрээс гараад алхаж сургууль, цэцэрлэг, ажилдаа очдог дэлхийн хотуудын санааг Монгол хэрэгжүүлэх санааг дэвшүүлсэн.
-42 хороотой болж задарна гэдэг нь илүү их сургууль цэцэрлэг барьж, үзвэр үйлчилгээ ойртоно гэсэн үг үү?
-42 хороо 14 хотын хамгийн том давуу тал нь бүх албан байгуулга, үзвэр үйлчилгээ гэрээс нь 20 минутын зайд байх юм. Бид эмнэлэгт үзүүлэх, төрөх гэх мэт бүхий л үед хотын төв явдаг. Үүнийг өөрчлөх нь хамгийн гол зүйл.
-Та энэ бүхнийг хийх өндөр боломжтой дүүргийг удирдаж ажилласан шүү дээ. Үүнийг дүүрэгтээ хэрэгжүүлээд 20 минутын хотыг хэрэгжүүлэх боломж байгаагүй юу?
-Одоогийн хуулиар дүүргийн засаг дарга газар олгох ч эрх мэдэлгүй. Тэгэхээр бид үүнийг хийх боломжгүй. Маш олон эрх мэдэлгүй даргатай. Үүнийг хумьж, асуудлаа шийддэг болъё. Би 25 эрх мэдэлгүй хорооны засаг даргатай байснаас эрх мэдэлтэй зургаа долоон засаг даргатай байх нь надад бас, бусад хорооны дарга нарт хэрэгтэй. Бидний гаргаж байгаа гол санаа нь тухайн дүүргийн засаг дарга нь дүүргээ мэддэг хариуцдаг, хариуцлага үүрдэг болгох.
МИНИЙ БОДЛООР ИРГЭДЭД ПОП МАЯГИЙН ХҮМҮҮС ТААЛАГДДАГ ЮМ ШИГ…
Та өнгөрсөн найман жилийн хугацаанд ямар нэгэн юм хийх гэхээр эрх мэдэл дутагдаж байна гэж ярилаа. Тэгвэл эрх мэдлийнхээ хүрээнд юу хийсэн бэ?
Эрх мэдэл дутагдлаа гээд зүгээр суугаагүй. Жишээ нь 2016 оны 12 сард намайг ажлаа хүлээж авахад Хан-Уул дүүрэг 140 мянган хүн амтай байсан. Өнөөдөр 283 мянган хүнтэй болсон. 140 мянган хүнээр нэмэгдсэн.
Хаанаас ирсэн хүмүүс вэ?
Сонгинохайрхан, Баянзүрх гэх мэт бусад дүүргээс байранд орохоор шилжин ирж байгаа хүмүүс. 140 мянган хүнээс 25 мянган сургуулийн насны хүүхэд, 14 мянган цэцэрлэгийн насны хүүхэд шилжин ирсэн. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй. Тэдний хэрэгцээг хангахын тулд 11 сургууль 21 цэцэрлэг барьсан. Гэвч хангалттай биш.
Хоёрдугаарт таваас зургаан гүүр ашиглалтад оруулсан. Одоо шинэ яармаг гүүр ашиглалтад орох гэж байна. Эдгээрийг хүмүүст ярихаар угаасаа хийх ёстой л гэж ярьдаг.
Тэгвэл иргэдэд юу таалагдах вэ?
Бүтээн байгуулалтыг ярихаар чи угаасаа хийх ёстой л гэж ярьдаг. Тэр нь үнэн. Миний бодлоор иргэдэд поп маягийн хүмүүс таалагддаг юм шиг санагддаг. Гэхдээ хүн бүр адилхан биш.
Хан-Уул дүүргийн засаг даргын албыг найман жил хашсан. Хан-Уул дүүргийг баздаг Алдаржавхлан гэж ярьдаг. Өнгөрсөн сонгуулиар та дүүргээсээ нэр дэвшсэн. Гэвч өөр хүн гарсан. Үүнийг хэр шударга болсон гэж боддог вэ?
2020 оны сонгуульд бэлтгэлгүй орсон. Их хуралд нэр дэвшинэ гэж бодоогүй. Гурван нэр дэвшигч бараг л тодорхой болсон байсан. Би ч өөрийгөө арай л болоогүй байна гэж бодож байсан. Намын бага хурлын өмнөх өдөр тухайн үеийн намын дарга дуудаад нэр дэвших үү гэж асуусан. Миний эрүүл мэнд муудаж, хүндэрсэн байсан. Өдөр болгон хамраас цус гардаг, амархан ядардаг болсон.
ХЭЧНЭЭН ГАДААДАД СУРСАН Ч ЗААВАЛ ШАЛБААГТ ОРЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ
Юунаас болж өвдсөн бэ?
Би элэгний Б болон дельта вирустэй байсан. 2006 онд анх элэгний вирустай гэдгээ мэдсэн. Гэвч нэгэнт эрчээ авсан өвчин дийлддэггүй юм байна.
2020 оны сонгуульд би бэлтгэлгүй орсон. Сэтгүүл сонин гэх мэт зүйлсээ хэвлэж амжаагүй. Хүмүүс сэтгүүл хийж байхад би хямд төсвөөр сонин хийж байсан. Хүмүүсийн сэтгүүл зургаан сарын эхэнд бэлэн болж байхад минийх 16-нд гарч байсан. Мөн миний хамгийн том алдаа бол би хийсэн ажлаа сурталчлаагүй.
Одоо эрүүл мэнд нь гайгүй юу?
Одоо сайн байгаа. 2022 оны таван сард элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Энэ хамгийн зөв шийдвэр байсан. Хагалгаанд орохын өмнө би эргэж босож ирэх үү гэж л айж байсан. Эрхтэн шилжүүлэн суулгахад амжилттай болох магадлал хамгийн өндөр байдаг нь элэг байдаг. Үүгээр би өөр элэг шилжүүлэн суулгахаас айж байгаа олон хүмүүст битгий ай гэж хэлэхийг хүсэж байна. Энэ хагалгаа миний амьдралыг өөрчилсөн.
Та хэр удаан өвдөж явсан бэ? Энэ хугацаанд юуг хамгийн их бодов?
2006 онд мэдсэн. Ойролцоогоор 16-17 жил өвдөж явсан. Хурц үе нь 2017, 2018 он байсан. Монголын хамгийн сайн гэсэн бүх эмчид үзүүлсэн.
Өөрийн туулсан амьдралаа эргэж хараад ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
Төрийн болоод улс төрийн ажилд маш их цаг үржээ л гэж бодсон. Гэр бүлдээ бага цаг зарцуулсан байсан. Мөн бодсон юмаа шууд хэлэх ёстой гэдэг дүгнэлтэд хүрсэн. Үүний дараагаар хэд хэдэн зүйл хийж эхэлсэн.
Гадаадад сурч ирээд биднийг удирдаж байгаа хүмүүс орчноо мэдэхгүй. Тиймээс хэчнээн гадаадад сурсан ч заавал энэ амьдрал дунд, шалбаагт оруулж үзүүлэх хэрэгтэй гэж боддог.
ЖИРИЙН ИРГЭД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХИЙН ТУЛД НЭГ САР ХҮЛЭЭДЭГ ГЭДГИЙГ ТЭД МЭДЭХГҮЙ
Та өөрөө ямар шалбааг дунд явж засаг дарга болсон бэ? Яаж өссөн бэ?
Би их хурлын тамгын газарт жил ажиллаад сангийн яаманд хоёр жил ажиллаад, орон сууцны санхүүжилтийн корпорацад таван жил ажиллаад ажилгүй гурав дөрвөн жил болсон. Түүний дараа Хан-Уул дүүрэгт долоо найман жил болж байна. Би сангийн яам, тамгын газар ажиллаж байхдаа амьдралаас тасарсан байсан. Дүүрэг хороонд ирж ажиллаж байж жинхэнэ зөв дүгнэлт гаргах болсон гэж боддог.
Гадаадад төгсөөд ирсэн яам, тамгын газарт ажиллаж байгаа хүмүүс ад иргэд хэрхэн амьдардаг, ямар эмнэлэгт хэчнээн хүн үйлчлүүлдэг гэх мэт энгийн асуудлыг мэдэхгүй.
Тэр амьдрал мэдэхгүй хүмүүсээр дүүрэгтээ сургууль цэцэрлэгийн төсөв батлуулах хэцүү. Энэ тэнд сонгогдсон тэр улсууд юу ч мэдэхгүй. Жирийн иргэд эмнэлэгт хэвтэхийн тулд нэг сар хүлээдэг гэдгийг мэдэхгүй.
Уг нь манай улс хүн амд ноогдох эмнэлэг, эмчийн тоогоор дэлхийд дээгүүр байдаг гэсэн шүү дээ.
Хувийн үнэтэй эмнэлэгт үзүүлэх чадалтай хүмүүс ховор. Хан-Уул дүүрэгт олон том эмнэлэг байсан бол нэг эмнэлэгт нэг сар оочирлохгүй.
УДАХГҮЙ 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРЬЖ ЭХЭЛНЭ
Бүгдээрээ хувийн эмнэлэгт үзүүлэх боломжгүй шиг Хан-Уул дүүргийн 18-р хороонд нэг ч улсын сургууль цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн найман жилд энэ асуудлыг шийдэх боломж байсан уу?
Бид 130-р сургууль барьсан. Яагаад өөр сургууль барьж чадаагүй вэ гэвэл газар байхгүй. Сүүлийн хэдэн жил бид тэмцэл явуулсан. Жилийн өмнө нэг эцэг эхийн төлөөлөл надад хэлсэн. Би дөрвөн хүүхэдтэй. Би 18-р хорооны иргэн. Би дөрвөн хүүхдээ сургахын тулд надад 80 сая төгрөг хэрэгтэй байна гэсэн. 2022 оны эхээр бид Номин холдинг компанийн газрын гэрчилгээг цуцлаад сургууль барихаар төлөвлөсөн. Гэвч гурван шатны шүүхэд ялагдсан. Сүүлд шинэчилсэн хуулиар бид газраа чөлөөлж авсан. Удахгүй газраа нийслэлд шилжүүлнэ. Тэгээд 640 хүүхдийн сургууль барьж эхэлнэ. Үүнийг нийслэлийн төсвөөр санхүүжүүлдэг. Бид БШУЯ, зам тээврийн яамны ажлыг хийдэг. Хөдөө орон нутгийн гишүүдэд лоббидуулаад орон нутагт төсвөө баталдаг. Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлд анхаардаггүй. Тиймээс нийслэл, дүүргийн үе үеийн засаг дарга нар эрх мэдэл байхгүй, иргэдийн мишок байсан.
Таны санаачилсан ажил хэзээ хэрэгжих вэ?
Энэ хууль энэ долоо хоногт батлагдвал 2025 оны зургаа дугаар сараас эхлэх төлөвлөгөө гаргасан.
Статус нь хот болоод юу өөрчлөгдөх вэ?
Засаг захиргааны хувьд тэс өөр болно. Дүүргийн эрх мэдлийг хот руу шилжүүлж хотын даргыг иргэдээс сонгодог болгоно. Хоёрдугаарт засаг даргад илүү эрх мэдэл өгч, хариуцлага хүлээдэг болгох гэж байна.