Хөрөг нэвтрүүлгийн ээлжит дугаараар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Төрийн соёрхолт эмч Т.Мөнхсайханыг урьж ярилцлаа. Эмч хүнийг зургаан далавчтай сахиусан тэнгэртэй зүйрлэх нь бий. Дан ганц өөрийн жаргалыг бус өрөөл бусдын төлөө сэтгэл чилээн суудаг олон мянган цагаан халаадтануудын нэг болох тэр хүүхэд байхаасаа л гэмтэл согогийн эмчээр ажиллахыг мөрөөддөг байж. Хүсэл мөрөөдлөө хэдийн биелүүлж амжсан түүний хүрэх цэг улам алсарсаар “өвчингүй” ард түмнийг бий болгох том зорилго өвөртөлжээ.
-Ярилцах санал хүлээн авсан танд баярлалаа. Олон мянган мэргэжил бий. Тийм байхад яагаад заавал эмч мэргэжлийг сонгох болсон талаараа яриач?
-Баярлалаа. Би эмч болсондоо их баярладаг. Магадгүй миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт байх. Ялангуяа мэргэжилдээ эзэн болно гэдэг их хувь заяа юм. Гэмтэл, согогийн мэс заслын эмч нарын ажлын үр дүн нүдэнд ил харагддаг. Гэмтлийн эмнэлэгт хөл гар нь гэмтсэн иргэд хэвтэрт орчихсон, дамжлуулаад л орж ирдэг юм. Тэдэнд мэс засал хийж, хөл дээр нь босгох үгээр хэлэмгүй сайхан. Үргэлж л бусдыг баярлуулж, сайн сайхныг хүсдэг болохоор мэргэжлээрээ бахархдаг. Бусдын талархлыг алхам тутамдаа хүлээнэ гэдэг хэр баргийн хүнд олддоггүй завшаан гэж боддог.
-Яг энэ нарийн мэргэжлийг сонгоход юу нөлөөлөв?
-Мэс заслын эмч болъё доо гэсэн бодол оюутан байхад л надад байсан. Сургуулиа төгсөөд бүр нарийсч эзэмших боломжтой нь гэмтэл, согогийн мэс заслын эмч байсан юм. Би чинь багадаа эмээгийн хүүхэд байлаа шүү дээ. Хамт амьдардаг байсан учраас буурал ээжийн минь нөлөө их бий гэж боддог. Эмээгийн минь өвдөг их өвддөг байсан юм. Оюутан байхдаа буурал ээжийнхээ өвдгийг нь тэрүүхэн тэнд нь эмчилчихдэг байсан учраас гэмтэл, согогийн мэс заслын эмчийн мэргэжлийг сонгосон байх.
Анх мэс заслын эмчийн мэргэжил эзэмшсэний дараа дахиж сурч мэдэх зүйл их байгааг ойлгосон. Хүн ямар сурч дуусах биш. Гэмтэл, согогийн эмч бүрэн мэдлэгээ ажлын туршлагаасаа авчихдаг. Тэгээд цаашлаад хиймэл үе суулгах, мөн үений дурангийн мэс заслын чиглэлээр үргэлжлүүлэн илүү мэдлэг, ур чадвартай болохоор зориг шулуудсан. Ялангуяа манай улсад хийгддэггүй энэ төрлийн чухал ажлыг сурахын тулд заавал гадагшаа явж суралцах шаардлагатай байдаг. Тэгж байж сурсан, мэдсэнээ эх орондоо нутагшуулж, хүн ардад хийгддэггүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмчилгээг хүргэх боломж бий болж байгаа юм. Ингээд л гадагшаа явж суралцаад илүү мэдлэгээр оюун тархиа цэнэглэж, ур чадвараа ахиулах шинэ алхмыг өөртөө хийсэн нь зөв шийдвэр байсан.
НАРИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦСАН УР ЧАДВАРТАЙ БОЛОВСОН ХҮЧНЭЭ ЭХ ОРОНДОО АВЧ ҮЛДЭХСЭН
-Улс эх орондоо чадварлаг боловсон хүчнээ нутагшуулж авч үлдэх асуудал хэзээнээсээ яригдсаар ирсэн. Ялангуяа анагаах ухааны салбарт энэ жишгийг бүрэн нэвтрүүлж чадвал, гадагшаа гарах урсгал аажим аажмаар багасаж чадах болов уу?
-Энэ бол маш чухал асуудал. Боловсролын зээлийн сан гээд яригдаад байгаа даа. Анагаахын сургууль төгсөж байгаа, ялангуяа эмч болж байгаа хүүхдүүдийг энэ сангийн дэмжлэгтэйгээр сургах хэрэгтэй. Тэд эх орондоо буцаж ирээд салбартаа мэргэжлээрээ ажиллавал үр дүнтэй. Ингэснээр Монгол Улсад хийгддэггүй анагаахын салбарын мэс ажилбар, эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөр ур чадвар эзэмшээд ирсэн залуус хийж гүйцэтгэнэ. Ингэхийн тулд үүнийг төрөөс анхаараад бодлогоор зангидах учиртай.
Монгол Улсад хийгддэггүй, эмчилдэггүй тийм л эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боловсон хүчин хомс байна. Эмчийн цалин үргэлж одоо байгаа шигээ бага байхгүй болов уу гэж би хувьдаа боддог юм. Тиймээс ийм хэмжээний салбар хоорондыг уялдуулсан чухал бодлогын ажлуудыг сайн хиймээр байна.
“ХӨДӨЛМӨРИЙНХӨӨ ҮРИЙГ ХҮРТЭЖ, АМЖИЛТАД ХҮРДГИЙГ БОДИТООР ХАРУУЛСАН ХҮН БОЛ МИНИЙ ААВ”
-Нэгэнт зочинтойгоо уулзсаных анагаах ухааны салбарыг байнга ярих бус таны бага насны дурсамжаас хуваалцъя гэж бодлоо. Хүний уйгагүй хөдөлмөрийн үр шим бодит амжилтад хүргэдэг гэдэг. Та юу гэж боддог вэ?
-10 жилээ төгсөх дөхөөд байлаа. Манай ангиас надтай нийлээд таван хүүхэд тогтмол тоо физикийн олимпиадад ордог. Байнгын ангидаа сууж тоогоо бодож хичээлээ хийдэг байсан юм. Тухайн үед багш бид нараас ямар ямар мэргэжилтэй болох вэ? гэж асууж байсныг их тод санадаг. Би тэр үед нь эмч болно оо гээд л хэлчихсэн. Яг тэр хэлсэндээ, жанжин шугамаа баримталж явсаар байгаад л эмч болчихсон доо. Одоо харин бодоод байхад бага байх үед манай аав л их ярьдаг байлаа. Ер нь гэр бүлд нэг эмч заавал байх ёстой юм байна гэдэг зүйл их ярьдаг байсан нь миний тархинд суучихсан юм шиг билээ.
Би хоёр ах, хоёр эгчтэй, айлын бага нь. Манай аав их хөдөлмөрч хүн дээ. Багаасаа л тэрийг нь харж өслөө. Хүн хэрхэн хөдөлмөрлөж, яаж түүнийхээ үр шимийг хүртэж, цаашлаад амжилтанд хүрч болдгийг бодитоор үлгэрлэж надад харуулсан. Би аль болох аав шигээ хөдөлмөрч байж, түүнийхээ үр шимийг хүртэж амьдрах юм сан гэсэн зарчмыг баримталдаг. Тийм учраас илүү их хөдөлмөрлөх, ямар нэгэн байдлаар өөрийнхөө чадлын хэрээр аль болох улс эх орондоо тус нэмэр болчих юм сан гэсэн бодолтойгоор ажиллаж, амьдарч яваа.
-Аавын үг алт, ээжийн сургаал эрдэм гэж монголчууд их ярьдаг. Магад салбартаа өндрөөр үнэлэгдсэн, улс эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болон өсөж хөгжихөд аав, ээжийн нөмөр нөөлөг, түшиц их бий байх?
-Миний аавын зөв үлгэр дуурайлал, тэр сайхан хөдөлмөрч зан надад шууд л нөлөөлсөн нь мэдээж. Аав маань нэг их айхтар их юм яриад байхгүй. Тодорхой зүйлүүд дээр л их зөвлөгөө өгдөг дөө. Одоо 80 хүрч байгаа хөгшин бий. Ээж маань харин 74 настай. Насаараа л худалдааны байгууллагад ажилласан гавьяат хүн.
Намайг эрүүл мэндийн сайд болоход аав, ээж хоёр надад баяр хүргэж сүйд болоогүй. Харин “эрүүл мэндийн сайдаас буухаар өргөдлөө өгч байна, Ерөнхий сайдад хүсэлтээ өглөө” гээд мэдэгдэл хийчхээд гараад ирэхэд над руу ярьсан. Тэгэхдээ “за баяр хүргэе миний хүү” гэж хэлсэн дээ.
“ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТОГТОЛЦООГ НЬ ЗӨВ, ОНОВЧТОЙ БОЛГОЖ, ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН БАЙХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ”
-Таны хувьд хэрхэн улс төрийн замтай холбогдчихов?
-Эрүүл мэндийн сайд болоход холбогдсон гэж хэлнэ. Тухайн алба өөрөө улс төрийн албан тушаал шүү дээ. Зайлшгүй намын гишүүн болоод л. Одоо хашиж байгаа албан тушаал маань ч Ерөнхийлөгчийн зөвлөх. Энэ ч улс төрийн албан тушаал.
Эрүүл мэндийн салбарыг өөрчилж, шинэчилж, бодож санасан зүйлээ хийж хөгжүүлэхэд улс төрд байхаас өөр зам байхгүй учраас л би энд байж байна. Эрт илрүүлгийн тогтолцоог нь зөв, оновчтой болгож, “Эрүүл Монгол хүн” байх орчныг бүрдүүлнэ. “Хүн арддаа улсдаа эрүүл, аюулгүй сайхан амьдрах орчныг нь бүрдүүлээд өгчих юмсан” гэж бодож явдаг. Тэр ч утгаараа өөрийнхөө чадах хэрээр хагас тэрбум төгрөгийн үнэтэй дурангийн аппаратаа улсдаа, улсынхаа төв эмнэлэгт хандивлаж байлаа.
“ҮҮДЭЛ ЭС, ЧӨМӨГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ” БАГИЙНХАН МААНЬ “ТӨРИЙН СОЁРХОЛТ” ХҮРТСЭН
-Танай багийнхан “Төрийн соёрхолт” шагнал хүртсэн. Эх орондоо нарийн мэргэжлийн чухалд тооцогдох мэс заслыг амжилттай нутагшуулж чадсан нь олон хүнд ач тусаа өгч байгаа болов уу?
-Манай нэгдүгээр эмнэлгийн “Үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах” багийнхан маань 2023 онд “Төрийн соёрхолт” нэр хүндтэй шагнал хүртсэн. Ер нь тухайн мэс ажилбар нь цусны өвчний үед хийгддэг, маш том хариуцлагатай ажил. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлээд бараг 10-аад жил болж байна. Одоогийн байдлаар 40 гаруй хүний амь насыг аварчихсан байна. Энэ мэс ажилбарын онцлог нь юу гэхээр тухайн үйл явцад донороос буюу өөр хүнээс чөмөг шилжүүлэн суулгадаг. Ийм мэс заслыг сүүлийн жилүүдэд эх орондоо хийн нутагшуулж эхэлж байгаа гэдгээрээ чухал онцлогтой.
-Аливаа ажлыг бодитоор хийж хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд бодлогоор зангидах чухал. Таны хувьд бодлогоо хэдийнээ тодорхойлжээ?
-Мэс засал нутагшуулах гэхээсээ илүү хүн ард маань энэ улсдаа эрүүл, аюулгүй, сайхан амьдрах орчныг нь бүрдүүлээд, эрт илрүүлгийн тогтолцоог нь зөв оновчтой болгоно. Ингэснээр иргэд гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагагүй болох орчныг бүрдүүлж өгөх юм. Одоо би өөрөө “Эрүүл Монгол хүн” гээд яриад яваагийн гол зорилго нь их өргөн хүрээтэй. Учир нь өөрөө эрүүл зөв амьдралын хэв маягийг бий болгох чухал шүү дээ. Үүний тулд байнгын өөртөө таарсан дасгал хөдөлгөөн хийгээд, амрах үедээ амраад, хорт зуршлаас аль болох ангид байхыг хичээгээд л амьдарч явна. Энэ нь өөрөөрөө үлгэрлэн, эргэн тойрныхоо хүнд нөлөөлөхийг хичээж байна гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.