Монголын шайбтай хоккейн үндэсний шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV дивизионд түрүүлж алтан медаль хүртсэн. Мөн залуучуудын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийг хүртсэн амжилттай эх орондоо ирсэн билээ.
Тус тэмцээнүүдэд амжилттай оролцоод ирсэн багийн төлөөлөлтэй бид цөөн хором ярилцлаа.
21 аймагт мөсөн ордон байгуулвал өвлийн спорт өргөн хүрээнд хөгжинө
Хоккейн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Мэргэн
Одоо ярихаасаа гадна бодит байдал дээр хэрэгжүүлэлт сайтай, клубүүд маань сайн ажилламаар байна. Хоккей сонирхдог хүмүүс маш их болж байна, маш их хүсэлт ирж байна. Ийм эерэг их хандлагатай энэ үед ахиад л нөгөө мөсөн ордонгоо нэмж байгуулмаар байна. Бид чинь зүгээр л хөлбөмбөгийн талбай дээр бэлтгэл хийгээд байж болдоггүй учраас бүтээн байгуулалт олон байж илүү үр дүнгээ өгнө. Яагаад заавал хотын хүүхдүүд зөвхөн тоглох ёстой юм. Аймаг орон нутагт юмуу өөр газар хүүхэд багачууд спортын битүү ордонд яагаад мөсөн дээр гулгаж болдоггүй юм гэж л би хувьдаа бодож явдаг.
Аймаг болгонд мөсөн каток барьж өгөөч гэж л гуймаар байна. Тэгэх юм бол багш дасгалжуулагч нараа Монголын хоккейн холбооноос бэлтгэе. Тэгвэл энэ спортыг өргөн хүрээнд хөгжүүлэхэд бид цаашаа бэлэн байна. Ерөнхийдөө голын мөсөн дээр бэлтгэл хийчихээд боломж, ур чадвар нь бидэнд хангалттай байна. Тэгээд үүнээс цаашаа өндөр түвшинд хөгжүүлье гэсэн зүйл гарч ирнэ. Багийн спортоор, хоккейн спортоор өнгөрсөн жил Б.Жавхлан ерөнхийлөгчтэй Монголын хоккейн холбоо эх орондоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Маш их жуулчид ирдэг юм байна. Энэ чинь эх оронд маань маш их хэрэгтэй. Тухайн хоёр ч дараалсан тэмцээнээр дамжин 3 тэрбум төгрөгний орлого манай улсад оржээ. Эндээс харахад л дагаад манай улсад аялал жуулчлал хөгжиж байна. Эдийн засгийн эргэлтэд ч чухал ач холбогдолтой, үр өгөөжөө өгч байгаа.
Хоккейн спортоор хичээллэж буй хүүхдүүд эрүүл чийрэг, баг хамт олонч сэтгэлгээтэй болдог
Миний хувьд бол цаашаа өвлийн спорт топ орнууд руу дөхмөөр л санагддаг. Монгол хүмүүсийн бие физиологи, монгол хүний ухаан бол бас үнэхээр гайхалтай.
Миний хувийн бодол энэ хоккейн спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийг харахаар нэг их ханиад томуу хүрэхгүй ийм чийрэг байдаг. Мөстэй, байгальтайгаар харьцаж байдаг. Ерөнхийдөө залуу хүүхдүүд бол сүүлийн үед спортоор хичээллэхгүй хүүхдүүд маш их өвдөж байна. Ханиад томуу хүрч байна, тэгээд сургууль соёлдоо явж чадахгүйд хүрдэг. Тэгэхээр хүүхдүүдээ спортоор хичээллүүлж, эрүүл идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаарай. Энэ багийн спорт бол маш чухал байдаг. Яагаад гэхээр эд нар нэг нэгнийгээ ааш занг нь засч байна, яг л цэрэгт байгаа юм шиг. Саяны тэмцээнд гэхэд л 20 залуучууд мөн нэмээд баг дасгалжуулагч гээд 30-аад хүн явж байна. Тэр олон хүний энерги дотор ороод өөрөө өөрсдийгөө засаад үнэхээр гайхалтай хүн болж төлөвшдөг.
Монгол хүний бие физиологи, ухаан үнэхээр гайхалтай
Олон улсын хэмжээний мастер Н.Мишигсүрэн
Улс орон яаж хөгжихөөс шалтгаална. Спорт яаж хөгжиж байна, спорт нь хэрхэн яаж явж байна тэр болгоныг харна. Сая Кувейтэд болсон тэмцээний зохион байгуулалтын хувьд яг өндөр түвшинд тамирчдын сэтгэгдэлд хүрээгүй. Мөн шүүгчдийн асуудал их гарсан. Үүнийг бол Дэлхийн хоккейн холбоон дээр яригдаж шийдэх асуудал. Харин бид нар тэр болгоныг давж, шүүгчтэй нь хожсон тоглолт болсон л доо. Монгол улсад Степпе арена баригдсанаар хүүхэд залуучуудад хоккейн спортоор хичээллэх, бусад шорт трейк, уран гулгалт зэрэг өвлийн спортоор хичээллэх хүүхдүүд олуулаа тэнд чоиж байна. Үүнд л би маш их баяртай явдаг. Бидний үеийн хоккейчдийн олон жил мөрөөдөл биелсэн л дээ.
Хоккейн спортоор Монгол улсад 1000 гаруй тамирчин хичээллэдэг
Хоккейн шигшээ багийн хаалгач Б.Содбилэг
Хамгийн хүнд өрсөлдөөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Кувейтын эсрэг хийсэн тоглолт байсан. Харин Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр Тайланд маш чанга, хүчтэй өрсөлдөгч байлаа. Би 9 настайгаасаа хойш хаалгачийн байрлалаар энэ спортоор хичээллэж эхэлсэн. Хоккейн спортын эерэг тал нь багаар ажиллаж сурах, сахилга баттай байх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон талын ач холбогдолтой. Багаар ажилладаг болохоор яг “Нэг гэр бүл” шиг болгодог. Шигшээд ч гэсэн өөр өөр багаас ирсэн ч гэсэн ер нь л атгасан гар шиг болгож чаддаг нь энэ спортын онцлог.
“Нэг гэр бүл” шиг болгож чаддаг нь хоккейн спортын онцлог тал
Дэлхийн хоккейн холбооны гишүүн 80 гаруй орон бий. Тухайн холбооноос хөгжиж буй орнуудын шигшээ багууд оролцдог тэмцээн бол хоккейн IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэхүү тэмцээн нийт гурван удаа зохиогдож байсан бол манай улсын шигшээ баг хоёрт нь оролцож өнгөрсөн жил эх нутаг дээрээ мөнгөн медаль, энэ жил ийн алтан медаль зүүсэн юм.
Мөн Б.Жавхлан ерөнхийлөгчтэй Монголын хоккейн холбоо өнгөрсөн жил эх орондоо зохион байгуулсан хоёр том тэмцээний нэг нь U18 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Үүнээс манай улсын залуучуудын шигшээ баг хүрэл медалиар энгэрээ мялааж байсан цаг саяхан мэт.
60 жилийн түүхтэй хоккейн спортоор хичээллэх хүүхдийн тоо өссөөр байна
Монгол улсад хоккейн спортын 60 жилийн түүхийг бүтээжээ. Энэ хугацаанд Шарын гол, Дархан, Багануур хотуудад эрчимтэй хөгжиж эндээс залгамж чанар болсон тамирчид олноор төрөн гарсан байдаг.
Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээн 1992-1993 онуудад анхлан зохион байгуулж эхлэн түүхтэй.
Харин лигийн тэмцээнийг 2000-аад оноос тогтмол зохион байгуулж байна.
Лигийн тэмцээний аваргууд:
- “Хангарьд” баг 6
- “Отгон-Од” баг 7
- “Багануур” баг 5
- “Шарын гол” баг 2
“Дархан” баг 1 удаа тус тус Хоккейн Үндэсний дээд лигийн аваргын цомыг өргөж байжээ.