“Парис-2024” зуны олимпын ХХХIII наадам хөшгөө нээхэд 81 хоног үлдээд байна. Монголчууд зуны 15 дахь олимпдоо өрсөлдөх гэж буй нь энэ юм. Одоогийн байдлаар Монгол улсын 14 тамирчин Парисыг зорих эрхээ албан ёсоор аваад байгаа.
Мэдээж эдгээр эрх дээр бусад төрлийн буюу жүдо бөх, чөлөөт бөх, бокс зэрэг төрлийн тамирчид эрхээ нэмж авна гэдэгт итгэлтэй байна. Чөлөөт бөхийн баг тамирчид олимпын эрх олгох сүүлийн тэмцээндээ өрсөлдөхөөр Турк улсыг зорьсон. Харин жүдо бөхийн тамирчдын хувьд ирэх 06-р сард Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдыг чансаагаар нь жагсааж олимпыг зорих эрх авсан тамирчдын нэрсийг албан ёсоор зарлах учиртай. Мөн хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин, МУГТ М.Анхцэцэгийн эрх ирэх 06-р сард баталгаажих бол бокс, ширээний теннис, гимнастик, хөнгөн атлетикийн тамирчдыг эрх олгох сүүлийн тэмцээн хүлээж байна.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийн тамирчид эдгээр өдрүүдэд Япон улсад олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөж буй. Тэднийг дараагийн тэмцээн Унгарын Дебрецен хотноо хүлээж байгаа. Эдгээр хоёр тэмцээнээс эхний гурван байрт шалгарсан тохиолдолд Парисыг зорих эрхтэй болно.
Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг спортын 25 төрөлд 2024 онд 303 хүний бүрэлдэхүүнтэй бүрдүүлсэн байдаг.
Үүнд:
-Өвлийн спортын 3 төрөлд 20 тамирчин, 6 дасгалжуулагч
-Пара спортын 9 төрөлд 34 тамирчин, 13 дасгалжуулагч
-Зуны спортын 13 төрөлд 188 тамирчин, 39 дасгалжуулагч, 3 эмч
нийт 242 тамирчин, 58 дасгалжуулагч, 3 эмч хамрагдаж байгаа ажээ.
Спортын салбарынханд “Алдах эрхгүй хариуцлагатай жил”. Ингэж тодорхойлж хэлсний учир нь улс эх орны нэрийн хуудас болсон спортын салбар өдрөөс өдөрт, цаг хугацаатай уралдан хөгжиж буй гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Гадны улс орнууд иймээс л спортын салбартаа онцгой анхаарал хандуулдаг. Тухайн улс орны хөгжил, эдийн засаг ямархан түвшинд явааг “спортын салбар” нь харуулдаг билээ. Монгол улсын хувьд Парисын олимпын өмнө буюу тусгайлсан багийг бүрдүүлэн тэр бүү хэл олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороог хүртэл байгуулан албан тушаалтнуудыг ч томилчихсон. Манай улсад спортын төрлүүдэд үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам ч бий. Үндэсний шигшээ багийн тамирчин нэг сард 1.200.000, дасгалжуулагч 1.500.000 төгрөгийн цалин авдаг.
Энэхүү журамд үндэсний шигшээ багийн тамирчин болон дасгалжуулагч хоёулаа тодорхой хүлээсэн үүрэг, хариуцлагатай байхыг зүйл заалтаар нь тусгаад өгчихсөн. Тухайлбал Үндэсний шигшээ багийн тамирчин 3.3.4.т заасанчлан тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадамд медальт болон шагнал байранд шалгарсан байх (сүүлийн 3 жилд)
3.3.6-д Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомж, олон улсын болон үндэсний спортын холбооны дүрэм, дэлхийн допингийн спортын дүрэм, хориотой эм, бэлдмэл, арга, эмчилгээний талаар мэдлэг, мэдээлэлтэй байх хэмээн заажээ. Тэгвэл тамирчин хүн сахилга бат сайтай, ёс зүйтэй, нийгмийн өмнө ухамсартай байж, хий гишгэлгүй хариуцлагатай байхыг сануулсан олимпын жил.
Нөгөөтэйгүүр олимп, тив дэлхийн томоохон тэмцээн уралдааны өмнө гэнэт нойрноосоо сэрдэг бус биеийн тамир, спортыг бодлогоор дэмжиж, өсвөр үе, хүүхэд багачуудыг зөв системтэйгээр бэлтгэх чухал байна. Бид дараа дараагийн залгамж чанарыг өндөр түвшинд бэлтгэхийн сацуу, биеийн тамир, спортыг бодлогоор дэмжих цаг хэдийнээ болсныг өдрөөс өдөрт хөгжиж буй гадны улс орны бодит жишээнүүд үргэлж сануулсаар байгаа юм.