Хууль гэдэг чинь өөрөө “Хүн судлал” гэсэн үг. Хууль бол хүний зан үйлийг судална, зарим муу зан үйлийг яаж хязгаарлах вэ, зарим зөв зан үйлийг, тэр цөөнхийн эрх ашгийг хэрхэн балансжуулах вэ гэдэг асуудал… Хуулийн талаар ийнхүү өгүүлэх, ажил хэрэгч эрхмийг “Хөрөг” нэвтрүүлгийнхээ зочноор урилаа. Hийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригийн ярилцлагыг уншина уу.
– Таны хувьд хуульч, эрхзүйч мэргэжилтэй, төрийн албанд 16 жил зүтгэсэн. Энэ гараагаа хэрхэн эхлэв.
Хууль гэдэг чинь өөрөө “Хүн судлал” гэсэн үг
– Миний хувьд Хууль зүй, дотоод хэргийн яамандаа 2013 оны тавдугаар сараас хойш ажилласан. Дунд нь нэг жил УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, тэгээд мэргэжилтнээс нь эхлээд газрын дарга, төрийн нарийн гээд яг шат дамжлагаар нь Хууль зүйн яаманд үндсэндээ 10-аад жил ажилласан байна. Энэ хугацаанд яг хууль боловсруулах ажлуудыг гол төлөв хийж ирлээ. Мөн Засгийн газрын томоохон хэлэлцээрүүдийг тодорхой хэмжээнд нарийн бичгүүд, түүнтэй холбоотой ажлын дэд хэсгүүдийг ахалж ажиллах зэрэг ажлууд хийсэн. Хуулиудын хувьд агуулга ярих юм бол илүү их шийдэл рүү орох түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах, хүний эрхийг хангах чиглэлдээ, Засаглалын хувьд ил тод, нээлттэй байлгах гэсэн үндсэн концепцийг барьж ажилласан байна.
2016 онд Хууль зүйн яамны газрын даргаар томилогдож байсан. Анх ажлаа хүлээж авчихаад ямар бодлого шийдвэртэйгээр ажилдаа орж байв?
Анх 2016 онд газрын дарга болчхоод бид хэд ажлын дэс дарааллуудаа гаргаж байхад ямар хуулиудыг тэргүүн ээлжид хийх вэ гэж байсан. Монгол улсын хил үндсэндээ “хамгаалалтгүй” болчихсон байсан. Энэ нөхцөл байдлыг үзэж, хилийн хуулийн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой юм байна. Эргээд энэ Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал гэдэг бол “Хилийн дархан байдал”-ын асуудал. Тэгээд 1993 онд батлагдаж байсан, хэр баргийн хүмүүс халгаад хүрдэггүй хуулиудыг тухайн үеийн сайд буюу С.Бямбацогт сайдад ойлгуулаад энийг шинэчлэх гээд үзье гээд зориг гаргаад хийсэн. Тухайн үед залуу хүний хувьд бас жаахан тэнэг байсан байгаа юм. Тийм дотоод хэргийн том асуудлыг зориглоод… Хэлэлцүүлгийн хувьд нэлээн өрнөлтэй батлагдаж байсан хууль юм. Ингээд тэр ажлаас бас их зүйл сурч байлаа.
Хуульчид бид боловсруулж буй хуулиа өөрсдийн “Хүүхэд” шиг боддог.
Хууль гэдэг асар том бөгөөд хариуцлагатай, судалгаа шинжилгээ маш их шаарддаг салбар. Аливаа хуулийг боловсруулахад олон сар өдөр, цаг хугацаа зарцуулдаг байх?
Хууль зүйн бодлого дээр ажиллаж байсан залуучууд ярьдаг. Яг бичиж байсан, боловсруулж байгаа хуулиа өөрсдийн хүүхэд шиг боддог. Тэгээд хүүхдээ яаж нэг бойжуулчих вэ, парламентаар давуулна, батлагдвал хэрэгжилтийг нь хэрхэн хангах уу, батлагдчихвал нөгөө “хүүхэд” маань ямар яваа бол гээд хэрэгжилтээс нь жаахан харна. Үүн дээр жаахан алдсан юм байна, ингэх ёстой юм байна, ингэж сайжруулах ёстой гэдэг ч юм уу. Эргээд бодохоор оролцож байсан, тэр үзэл санааг гаргаж, тэр ажлуудаа хийхээр бас хоргоддог тал бий. Мэдээж хамтдаа ажлыг нугалалцаж, шанг таталцаж яваа баг хамт олон маш чухал. Тэдэнтэйгээ л хамтран ажиллаж, олон сар, өдөр, асар их цаг хугацааг зарцуулж ар гэрээ умартан байж бид томоохон ажлын ард гардаг.
Одоо таны хувьд нийслэл Улаанбаатар хотынхоо төлөө зүтгэхээр мөн л төрийн албандаа сонголтоо хийгээд ирсэн. Ажлаа авснаас хойш нийслэлдээ ямар ажлуудыг үр бүтээлтэй хийсэн бэ?
Мэдээж адилхан төрдөө зүтгэж байна, орон нутгийн түвшинд ирлээ. Өмнө нь бас хоёр жилийн өмнө нийслэл дээр ажиллаад хуулиудыг бичиж байхад энд болох проблемуудыг зөндөө л сонсож байлаа. Энд ирээд яг энэ бүтээн байгуулалтын ажлууд дээр саатаж байсан. Гэхдээ одоо хуулиудынхаа шийдэлтэй ирсэн л дээ. Бид хэд чинь ажил аваад бараг сарын дараа УИХ-аар Замын хөдөлгөөний түгжрэлиийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, түүний дараа өрийн удирдлагын хууль гээд бүх хуулиудаа ингээд үндсэндээ батлуулаад явж байсан.
Танд ярилцлага өгөөд сууж буй яг энэ мөч дээрХот тосгоны хуулиудын шинэчилсэн найруулга, “Шинэ зуунмод” эрхзүйн байдлын тухай хууль зэрэг хуулиудыг Монгол улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Цаашид бодож төлөвлөсөн, хийж бүтээх ажлууд маш их байгаа.
Би бол төрийн албанд ажиллаад төрийн захиргааны албан тушаалын хамгийн дээд түвшний Төрийн нарийн бичгийн дарга хүртэл яг ингээд шат шатаар нь өгсөөд ажилласан. Өнгөрсөн 2023 оны 10 дугаар сард манай яамны сайд нийслэл рүү Засаг дарга болж шилжсэн. Үүнтэй холбоотойгоор хамтран ажиллая гээд саналаа тавьсан. Өмнө нь би Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг хоёр жилийн өмнө нийслэлийнхэнтэйгээ хамтраад боловсруулж байлаа. Тэгээд Засаг даргын хувьд бол дутуугаа гүйцээе, ярьж байснаа хийе. Чи өмнө нь хууль батлагдаж байхад дутуу юм үлдчихлээ гээд санаа зовж байсан. Үүнийгээ очоод хамтарч хийе ээ гээд ерөнхий тэр агуулгаар саналыг тавьсан. Би бодож үзэж байгаад хүнд амьдралд бас нэг өөрчлөлт хэрэгтэй. Хоёрдугаарт би Хуулль зүйн яамны хууль зүйн бодлогын газрын даргын албыг олон жил хашсан. Дараагийн нэг илүү их эрч хүтэй залуус авч үүнийг ажиллаж үзээсэй гэж бодсон.
Аливаа ажлыг амжилттай урагшлуулах, хамтдаа түүний ард даван гарахад зөв баг, зөв хамт олон маш чухал. Иймээс таны хувьд багтайгаа зөв нэгдэж, сайн гар нийлж ажилладаг гэж харлаа?
Хууль зүйн салбарын асуудал чинь өөрөө төрийн жинхэнэ чухал “Хар хайрцаг” гэж ярьвал бараг энд яригдах ёстой. Магадгүй энэ залуучуудын сэтгэл, ур чадвар илүү их хадгалж авч явж байж төрийн үйл ажиллагаа тогтвортой байна. Тэгэхээр би энэ салбарт хууль зүйн яамныхантайгаа 10-аад жил хамт ажилласандаа өөрөө бас их бахархдаг. Эд нараасаа их олон зүйл суралцсан, ийм сайхан хамт олон байдаг юм.
Аливаа амжилтыг багаараа бүгдээрээ хүртэх ёстой, багаараа бүгдээрээ овоглох ёстой. Түүнээс биш дарга бүгдийг нь сэтэрлээд ч юмуу, спортоор яривал талбай дээр тэр гоол хийж байгаа хүн ганцаараа яваад байвал тухайн баг тардаг. Тэгэхээр үүний урам зориг, зэмлэл, ухаарал нь хаанаа байхуу гэдэг л энэ тэнцвэрийг олж ажиллах нь хамгийн чухал байдаг юм билээ гэж би хувьдаа боддог.
“Төрд зүтгэвэл тууштай яваарай” хэмээн өвөө маань захьдаг байсан
Таны төрд зүтгэсэн 16 жил. Энэ хугацаанд туршлага хуримтлуулсан, олон зүйлийг суралцсан он жилүүд байсан байх?
Өвөөгийн минь нэг захиас бий. Миний хүү “Төрд зүтгэвэл тууштай яваарай” хэмээн захьсан. Төрийн ажил бол асар хүндтэй, бас том хариуцлагатай, тухайн хүнээс ур чадвар, эрч хүч, зөв алхам шаардсан алба.
Өнгөрсөн замаа харахад харамсах зүйл байхгүй. Хүн бол үргэлж урагшлах ёстой. Эхэлсэн бол бас цэг тавиад холдож сурах, нэг завсарлага авах тийм зүйлүүд байх ёстой. Төрийн албанд залуучууд орохгүй байх бас нэг шалтгаан бий. Энэ их мерит зарчим гэдгийг ажилласан жилийн шалгуураар тавьчихаад байгаад бас асуудал байна. Нөгөө ур чадвар нөгөө хандлагыг ерөөсөө үнэлэхгүй байгаад байна. Тэгэхээр энэ рүү бид бас чиглэх хэрэгтэй. Тэгэж байж энэ өөрөө жинхэнэ мерит зарчмаар болж ирэхээр, төрийн төлөө залуус бол ажиллах ёстой. Үүн дээр би өөрөө тууштай байдаг.
Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.