Өсвөр насны хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, доромжилж, хүний санаанд багтамгүй үгсээр биесээ хараах дүр зураг цахим сүлжээнд харагдах болжээ. Бид асуудалтай холбогдуулан үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж буй хүүхдийн сэтгэл зүй хэрхэн гэмтдэг талаар болон “хүчирхийлэгч” шинжтэй хүүхдүүдийн сэтгэл зүй ямар нөхцөлд байдаг талаар сэтгэл зүйч Б.Уянгатай ярилцлаа
–Нэгнийгээ доромжилж, муу үг хэлдэг байдлаас үүдэн хүүхдүүд сэтгэл зүйн гэмтэл авах боломжтой юу?
Цахим орчинд биесээ доромжлох нь дээрэлхэлтийн нэг хэлбэр мөн. Дээрэлхэлтэнд өртөж байгаа хүүхдүүдийн хувьд “Би үнэхээр сул дорой гэж үү. Би үнэхээр дутуу гэж үү. Би үнэхээр түүнээс ядуу гэж үү. Би үнэхээр ийм арчаагүй гэж үү” гэдэг бодолдоо бүрэн автдаг. Үүнтэй холбоотойгоор харилцааны асуудлууд гарч ирдэг. Өөрийгөө тусгаарлах, өөрийгөө үнэлэх байдал нь унах, бусадтай харилцаа нээхээс ичиж эхэлдэг гэсэн үг. Дээрээс нь өөрийгөө хамгаалах гэхээс илүү нуугдаж эхэлдэг. Харин дээрэлхэж байгаа хүүхдүүдийн хувьд дайрч, давшиж, доромжилж байгаагаар хэсэгхэн зуур “илүү юм байна” гэдгээ мэдэрдэг. Гэхдээ ялагдаж байна гэдгээ ойлгодоггүй. Яагаад гэвэл тухайн хүүхэд үгээрээ, үйлдлээрээ хэн нэгнийг дээрэлхэж, “Чи сул юм байна, чи дутуу юм байна” гэдгийг нь ойлгууллаа. Дээрээс нь цохиод авлаа. Цахим орчинд хүмүүс ингэж байгаа юм чинь адилхан доромжилсон ч яадаг юм гэх бодол тээнэ.
Угтаа яг эсрэгээрээ доромжлуулж байгаа хүүхдийн сэтгэл зүй одоо цаг дээр хэцүү байгаа ч гэсэн сэтгэл зүйн дархлаатай болж байдаг. Харин доромжилж байгаа хүүхэд нь байрандаа үлддэг, хөгждөггүй. Өнөөдөр л би ялж байвал маргааш яах нь хамаагүй гэж үздэг. Тэгэхээр доромжилж байгаа хүүхэд нь ялж байгаа юм шиг ялагдаж байдаг бол, доромжлуулж байгаа хүүхэд нь ялагдаж байгаа юм шиг ялж байдаг. Гэхдээ доромжлуулах нь сайн гэсэн үг биш юм. Тэр болгоныг туулаад даваад тэмцээд гарч байх хэрэгтэй. Харин тухайн зүйлдээ хэт автаад “би угаасаа сул дорой юм байна” гээд сэтгэлээр унаад, юу ч хийж чадахаа болиод, амиа хорлох сэдэл төрөөд, дутуу гэдгээ мэдрээд, харилцаагаа нуугаад мэдрэмжээ илэрхийлэхгүй болоод, бухимдаад, уурлаад ойр орчим руугаа дайралт өгөөд байвал энэ нь буруу гэсэн үг.
-Танаас яагаад энэ сэдвийг асууж байна гэхээр нэг кэйс байгаа юм. Бусдаас харагдах байдлаараа өөр охиныг цахим сүлжээнд хүний санаанд оромгүй аймшигтай үгсээр харааж, айлгаж, хүчирхийлсэн байна. “Би чамайг ингэж жирэмсэн болгоно, дараа нь гэдсэн дээр чинь ингэж гишгэнэ” гээд л. Өсвөр насны хүүхдийн бодолд яаж ийм хэрцгий дүрслэл багтаад байна вэ?
-Үзэж байгаа кино, контент, бичлэгтэй холбоотой байж болно. Яагаад гэвэл хүүхэд харж байгаа ерөнцөө төсөөлөлдөө буулгадаг. Юу үзэж, харж, мэдэрч байгаагаараа бусадтай харилцдаг. Хэрвээ би танд өөртөө байгаа мэдрэмжийг яг адилхан тусаасай гэж хүсвэл энэ нь боломжгүй. Тэр хүүгийн хувьд энэ нь зүгээр л нэг үг байж болно. Гэвч охины хувьд маш хүнд тусаж байна. Айж эмээж, байгаа. Гэтэл тэр хүүгийн хувьд хэлээд үзье гэсэн бодол байж болно. Эсвэл ийм байдлаар дарамталвал яах нь уу гэж туршиж үзэх гэсэн байж болно. Цаад охин бол энэ асуудал дээр эмзэглэдэг байсан байх. Хүн гэдэг ер нь эмзэглэдэг асуудлыг нь хөндөхөд айж, түгшиж, харилцаагаа нийгмээс нууж эхэлдэг. Эмзэглэдэг асуудал яаж үүсдэг гэхээр айдсаас үүдэлтэй байдаг. Айдас түгшүүр хаана байна тэр газар эмзэглэл оршиж байдаг.
-Ийм нөхцөлд томчууд хэрхэн оролцож хүүхдээ хохирогч болохоос нь өмнө, эсвэл хохироогч болохоос нь өмнө сэргийлж тус нэмэр болох вэ?
-Цахим орчинг хянах боломжгүй. Донтолт буюу хамаарал гэдэг зүйл нь тууштай байдалтай андуурагдах тохиолдол байдаг. Хүүхдүүд ямар нэгэн тэмцээнд орохдоо, тоглоом тоглохдоо зорилго тавьсан байдаг. Тухайн зорилгодоо хүрэхийн тулд тууштай тоглож байдаг. Тэндээ хүрээд ялаад гараад ирэхэд хамааралд автаад байна гэсэн үг. Томчууд манай хүүхэд хэтэрхий их утас үзээд байна гэдэг. Хэрвээ өөрийн тань хүүхэд хэтэрхий их утсаа үзээд байвал тухайн контент бичлэгээс юуг сурч авч үлдэх талаар ярилц. Тэрнээс биш Alpha болон GenZ үеийнхнийг дэлгэцээс холдуулах боломжгүй.
Хүн алдаа гаргаж байна уу. Хүний алдаанаас хэрхэн суралцах уу гэх мэтээр заах нь чухал. Чиний үзэж байгаа бичлэг дээр тийм дүр байна шүү дээ. Чи энийг чи юу гэж харж байна? Энэ бол надад буруу юм шиг санагдаж байна. Чамд ямар санагдаж байна? гэж асуухын оронд “чи наадхаа болиоч, яасан муухай юм үздэг юм” гэж хэлдэг . Хүн хориглох тусам тэмүүлж байдаг тэгвэл ойлгуулсан хүн яах вэ? Тухайн зүйлээ оролдож үзлээ, ханалаа зогсдог. Гэтэл ханах гэдэг мэдрэмжийг өгөхгүйгээр хориглох гэдэг зүйлийг тавьсаар байгаад шунуулаад байдаг. Үзэж байгаа зүйл дээр нь илүү сайнаар яаж сургалцах вэ гэдгийг ойлгуулах нь чухал.
– Хүчирхийлүүлэгч хүчирхийлэгчдийг улам өөхшүүлээд байдаг гэсэн үг байдаг шдээ. Тэгэхээр хэл амаар болон бие махбодиор доромжлуулах нөхцөлийг бий болгохгүй өөрийгөө хамгаалаад хязгаар тогтоохын тулд би юу мэдэж байх ёстой вэ
-Өөрийгөө хамгаалуулахын тулд тэр хүний дайралтыг үг мэтээр хүлээж ав. Жишээ нь: Миний бодол намайг л өөрчлөнө дээрээс нь надаас илүү намайг мэдэх хүн хаана ч байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад сэтгэл зүй хүчтэй байх ёстой юм бэ? гэж ярьдаг тэгэхээр хэн нэгнээс ирж байгаа үгийг, хэн нэгэнд тусалсан тусаа буцаагаад би чамд ийм сэтгэлээр тусласан биздээ? Чи яагаад надад ийм сэтгэлээр туслахгүй байгаа юм? гэдэг. Тэгвэл миний танд өгсөн бэлэг танд хэрэггүй хог байж болно. Гэтэл тэр хэрэггүй хогийг би нандигнаж явдаг байж байгаад буцаагаад танаас нандин бэлэг нэхэж байгаатай адил гэж үзэж болно. Тэгэхээр дээрэлхэж байгаа хүний үгийг хог шиг хүлээж ав гэж л хүүхдүүддээ захимаар байна даа.