Таван хүн тутмын нэг нь ургамал болон тоосноос харшилдаг. Харин нийт харшилтай хүмүүсийн 80 хувь нь удамшлын байдлаар харшилтай байдаг байна. Бид харшлын эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж зохистой эмчлэх талаар АШУҮИС-ийн Уушги харшил судлалын тэнхимийн багш анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлах болон АӨСҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Батцэцэг нарын зөвлөгөөг хүргэж байна.
Анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлах: Харшлын өвчний хамгийн чухал эмчилгээ бол шалтгаанаа тодорхойлуулах ёстой. Яг юуны харшилтай гэдгээ мэдэж байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой юм. Ингэсэн цагт ямар нэгэн шинж тэмдэг зовуургүй байна. Харшил бол урьдчилан сэргийлж болдог өвчин. Өөрөөр хэлбэл хянагддаг өвчин.
Хүн гэдэг амьтны биологийн хөгжил нь орчин, ахуйн хөгжлөө дагаад хурдацтай өөрчлөгдөх боломжгүй. Энэ хоёрын хооронд тэнцвэртэй бус харьцаа үүсэж байгаа учраас өвчлөл ихсээд байгаа юм. Тиймдээ ч 40 жилийн хугацаанд өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа Англи улсад хүүхдүүдийн 50 хувь нь харшилтай болсон байна. Энэ олон харшлууд хүн амын дунд хэдэн хувийн тархалттай, хэдэн хувь нь өвчлөөд байгаа юм гэдэг нарийн судалгаа өнөөдрийг хүртэл хараахан байхгүй.
Аливаа өвчнийг эмчлэхийн тулд харшлын эмч хянах ёстой. Хэн нэгэн хүнээс сонссон, олон нийтийн харилцааны хэрэгслээр дамжиж авсан мэдээлэлдээ үндэслэж, өөртөө эмчилгээ хийнэ гэдэг нь өөрийнхөө бие дээр туршилт хийж байгаатай адил. Манай өвчтөнүүдийн хувьд байдаг дутагдалтай тал нь эмчилгээ бичүүлээд тухайн эмчилгээний үр дүн гарахаас өмнө, 1-2 хоногийн дотор бүх шинж тэмдэг нь арилах юм шиг ойлгоод хийсэн эмчилгээ үр дүнгүй, арилахгүй байна гэж их яардаг. Нэг эмчилгээнийхээ үр дүнг үзээгүй байж дараагийн эмч, эмнэлэгтээ хандаад яваад байх юм бол өвчин ужиграх, архагших нөлөө үзүүлдэг.
Гэр бүлдээ гишүүн нэмээд амьтны дэлгүүрээс муур нохой зэргийг авч байна. Үүнээс шалтгаалаад харшилтай болох тохиолдол байгаа юм. Хэрвээ тухайн хүүхэд төрснийхөө дараагаас эхлээд амьтантай ойр дотно байсан бол харшилтай болдоггүй. Ямар нэгэн зүйл хэрэглэхгүйгээр шалтгаанаасаа зайлс хийж чадах юм бол урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг.
Харшлын хувьд нэг онцлог зүйл байдаг. Энэ юу гэхээр, нийт харшилтай хүмүүсийн 80 гаруй хувь нь удамшлын хандлагатай өвчилж байна. Энэ зүйл нь насан туршид биед нь байна гэсэн үг. Тэгээд дараагийн үед удамшина. Харшлаар өвчилсөн хүмүүс эмчид хандаад цоо эрүүл болох юм шиг ойлгодог. Тэгэхээр шинж тэмдэг дарагдаж болно. Сэргийлээд эмчлээд зовуургүй явж болно. Биеийн ерөнхий харшламтгай суурь байж л байна гэсэн үг” гэлээ.
АӨСҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Батцэцэг:
Харшил гэдэг нь яг биеэ даасан өвчин биш. Харшил гэдэг нь урвал шинж тэмдэг. Харшил төрүүлэгчээс хамаараад хэдэн ч төрөл байж болно. Харшлын урвалын хувьд дөрвөн төрлийн урвал байдаг. Мэдээж урвалдаа таарсан эмчилгээг эмч нар л хийнэ. Ард түмэнд хэлэхэд аливаа өвчинг эмчээр оношлуулж үзлэг хийлгэх нь зүй.
Гэрийн нөхцөлд, юунаас харшилтайгаа мэдсэн бол харшил төрүүлэгчээс зайлсхийх аргаа л хэрэглэнэ. Манай эмнэлэг үндсэн хоёр төрлийн харшлын сорил хийдэг. Арьс хатгах сорил, цусаар авах сорил хийдэг. Аль аль нь даатгалд хамрагдсан байгаа. 03 дугаар тогтоолын дагуу тодорхой хувийг иргэн өөрөө. Ихэнх хувийг даатгалаас төлөх ёстой байгаа. Тэр зарчмаараа яваад оношилгоо шинжилгээнд хамрагдаж болно. Ургамлын тоосны хувьд тоосоо гөвдөг цагууд гэж бий. Үүрийн 4-6 цаг, 8 цаг. Орой 17-20 цагуудад илүү гөвдөг учраас цонхоо хаах юм бол агаараар орж ирж байгаа харшил төрүүлэгчийн хэмжээ багасаад ирэнгүүт зовиур багасна. Эмийн сангуудад жоргүй олгодог харшлын эмнүүд байдаг шүү дээ. Тэдгээр эмнүүдээс ууж болно.