Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2023.12.04-ний өдөр эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл тараах зүйл ангиар таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж, хорих 461 дүгээр ангид 68 хоногийн турш цагдан хоригдсон. Улмаар холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хориглосон юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр ажлаа хийхгүй гэрийн хорионд байгаа гэсэн үг.
Харин өнгөрөгч баасан гарагт Нийслэлийн прокурорын саналыг шүүх хэлэлцээд, холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуустал сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэв. Шүүхийн шийдвэрийн дараа олон нийт байр сууриа нээлттэйгээр илэрхийлсээр байна.
Жишээлбэл, Сонгуулийн өмнөхөн сэтгүүлчээрээ ажиллахыг нь түдгэлзүүлж буйд бухимдаж, ямар үндэслэлээр прокурор таслан сэргийлэх аргаа хэмжээ авч байгаагаа нийтэд нээлттэйгээр тайлбарлах хэрэгтэй. Сэтгүүлчийн дипломыг нь “хүчингүйд” тооцож ажлыг нь хийлгэхгүй гэж байгаа юм бол өөрийнхөө хувийн сошиал хуудсаар лайв хийгээд, үзэл бодлоо илэрхийлж болох юм биш үү гэсэн хүмүүс ч байна.
Харин зарим нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг хайж эхэлжээ. Тодруулан хэлбэл, нэг сэтгүүлчийнх нь мэргэжлээрээ ажиллах эрхийг түдгэлзүүлж, хүний эрх болоод хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байхад чимээгүй буйд бухимдацгааж байх шиг ээ.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн тухайд “Өнөрөөгийн хэрэг хийсэн хийгээгүй, өөдтэй өөдгүй хүн эсэх нь тусдаа асуудал. Харин шүүхээс мэргэжлийн ажлаа хийхийг нь түдгэлзүүлж байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бол хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй бол яллагдагчид авч болох таслан сэргийлэх арга хэмжээнүүд дотор лав ийм зохицуулалт алга. Үнэхээр хэрэг хянан шийдэхэд саад учруулах гээд байгаа бол зорчих эрх хязгаарлана, цагдан хорино. Харин суллачхаад сэтгүүлчийн ажлаа хийж болохгүй гэдэг нь яллаад байгаа юм уу, сэргийлээд байгаа юм уу? Хэрэв сэргийлж байгаа бол Үндсэн хуулиас давж яллах байдлаар ингэж сэргийлж болох уу? Болох бол энэ жинхэнэ аюул. Цаашид хэнд ч ямар нэг хэрэг үүсгүүлээд яг ингэж ам хэлээ бариулах бодит эрсдэл үүслээ гэсэн үг.” гэжээ.
Таслан сэргийлэх арга хэмжээ авч, ажлыг нь хийлгэхгүй гэсэн нь ямар нэгэн хуулийн зүйл заалт зөрчсөн эсэх дээр та бүхэнд хариулт өгье.
АЖИЛ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЗААЛТ БИЙ ЮУ?
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл тусгай зөвшөөрлөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналыг харгалзан шүүхийн зөвшөөрлөөр авч болно” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заажээ. Өөрөөр хэлбэл, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч болдог байх нь.
Одоо процессын тухайд, Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа бол шүүхэд хандаж болох нь. Шүүх тэрхүү саналыг нь хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэх хуулийн зохицуулалттай.
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ АЖЛАА ХИЙХГҮЙ ХЭМЭЭН ТҮДГЭЛЗҮҮЛСЭН НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ҮҮ?
Монгол Улсын Үндсэн хуульд монголын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөтэй гэсэн заалт байдаг. Энэ нь тухайн хүн ямар ажил хийдгээс үл хамаарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлж, ном, сонин, сэтгүүл хэвлэн нийтлэх эрхтэй гэсэн үг. Тэгэхээр Н.Өнөрцэцэгийн тухайд таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж, ажлаа хийх боломжгүй болсон ч Үндсэн хуулиар олгогдсон дээрх эрхээ эдэлж болно гэж ойлгогдож байгаа юм.