Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр өнгөрсөн 7 хоногт Зайсан, Мишээл экспо, Нисэх, орчмын агаар цэвэр , 13-р хороолол орчим хэвийн, бусад газар нь “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Гэвч иргэд хотын тоос тоосонцор их байгаа тухай ярьж байна. Бид энэхүү асуудлыг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
Нийслэлийг агаарын чанарын хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Адъяа-Очир:
Нийслэлийн хэмжээнд нийт 19 агаарын чанар хэмжих суурь харуул ажилладаг. Тэдгээр нь 24 цагийн турш тасралтгүй хэмжилт хийдэг. Өнгөрсөн долоо хонгийн агаарын чанарын мэдээг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад агаарт байгаа PM10 буюу бүдүүн ширхэгтэй тоосонцор нь 11мкг/м кубээр бага байсан бол PM2,5 буюу нарийн ширхэгтэй тоосонцор нь 3мкг/м кубээр ихэссэн байна.
Автозамын дагуу үүсээд байгаа энэхүү тоосжилт нь гэр хорооллын цас мөс хайлж зам руу ордог. Тэдгээр ус нь хатаж тоосонцор нь үлдэж үүний үлдсэн тэрхүү шорооноос тоос босдог. Мөн иргэд үнсээ гадаа гудамжиндаа хаях нь хавар тоосжилт нэмэгдэх бас нэг шалтгаан болдог.
Зарим иргэд тоос тоосонцрыг утаа, шахмал түлшнээс болж байна гэсний дагуу ТТТ компанийн технологийн бодлого хэлтсийн дарга Д.Өлзийбатаас тодруулахад:
Өмнө нь хэрэглэж байсан түүхий нүүрс болон одоогийн шахмал түлшний тоосонцрын хэмжээг харьцуулбал 50 хувиар буурсан. Гэхдээ энэхүү буурсан үзүүлэлт нь Монгол улсын стандартад хүрч байгаа гэсэн ойлголт биш.
Агаарын бохирдолд нөлөөж байгаа өөр олон хүчин зүйл бий. Зөвхөн шахмал түлш биш. Шахмал түлшнээс гадна авто машины утаа, машины хөдөлгөөнөөр үүсэж байгаа тоосонцор. Эдгээр нь маш их хэмжээг эзэлдэг. Шахмал түлшнээс ялгарч байгаа тоос тоосонцор 51 орчим хувь байгаа. Үлдэгдэл 49 хувь нь бусад эх үүсвэр. Автомашин, автомашины хөдөлгөөнөөс үүссэн тоосонцор бусад дагалдах тоосонцор. Мөн агаарыг бохирдуулж байгаа өөр хүчин зүйлс нь станцууд байна. Жижиг болон дунд оврын станцуудын тоосонцор. Тэд түүхий нүүрс түлсээр л байгаа. Нийтдээ нийслэлд 174 ААН байна. Эдгээр нь жилдээ дунджаар 280 мянган тонн түүхий нүүрс түлж байгаа. Тэгэхээр бид Улаанбаатарт түүхий нүүрсийг халсан гэж ойлгож болохгүй.
Шахмал түлж нь маш энгийн орцтой. Бидний хэлж заншсан эрчим хүчний нүүрс болон барьцалдуулагч. Нүүрс нь 95-96 хувь, барьцалдуулагч нь 4-5 хувь байгаа.
Яагаад тоосонцор буурсан гэж үзэж байна вэ гэхээр барьцалдуулагч нь нүүрсний шаталтын явцад үүсэж байгаа тоосонцрыг зуухан дотор үнсэнд нь бариад үлдэж байгаа. Агаарт дэгдэхийг нь болиулж байна. Түүхий нүүрс нь дотроо бутарч унаад, бутарсан үнс нь яндангаар сорогдож гарч бидний үзэгдэх орчинд нөлөөлдөг байсан. Үүгээр шахмал түлш болон түүхий нүүрний ялгаа гарч байгаа. Бас нэг ялгаа нь байгалийн түүхий нүүрс буюу Багануурын нүүрс нь чийглэг өндөртэй. Дэгдэмхий бодис ихтэй. 44-46 хувийн дэгдэмхийтэй. Бидний хэрэглэж байгаа нүүрс нь байгалиасаа 19-20 хувийн дэгдэмхийтэй. Мидлингийн шинж чанар нь угааж баяжуулсан нүүрс учраас тогтвортой. Түүнээс гарч байгаа утаа тортог ихсэж багасна гэсэн юм байхгүй. Түүхий нүүрс нь бидний мэдсэнээр чийг маш өндөр. Мөн дэгдэмхий бодис ихтэй учир тортог ихтэй байсан.