Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Засгийн Газраас УИХ-д өргөн барьжээ. Хэтэрхий харалган энэ шийдвэрээ эргэн харахыг Монголын бүх тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн өмнөөс хүсье. Яг хаврын тариалалтын өмнө, ийм шийдвэр гаргаж байгаа нь хөдөө аж ахуй, хүнсний салбараа тэр чигт нь татан унагаах шийдвэр гэдгийг захын тариаланчаас асуухад л мэднэ дээ уг нь. Татвар тэглэчихвэл тариа тариад, тэрийгээ намар борлуулах аргагүйд хүрнэ. Тариаланчдын бүтэн жилийн хөдөлмөрийг хэтэрхий багаар үнэлж болохгүй шүү.
Уриншаа бэлдэнэ, техникээ түрээсэлнэ, үрсэлгээ, тариалалтаа хийнэ, бүтэн зуны туршид л өдөр бүр тэнгэрийн аашийг аргадаж суудаг, гарч байгаа үр тарианыхаа чанарыг алдуулахгүй гэж өдөржин талбайгаа арчилна, намар хураасан буудайгаа хадгална гээд л халуунд халж, хүйтэнд хөрж суугаа хэдэн тариаланчдынхаа хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлснээр тариа тарих хүн үлдэхгүй нь. Татвар, хяналтынхаа олон дарамтаараа залуусыг гадагшаа явуулсан, одоо гаалийн татвараа тэглэж, үлдсэн хэдэн тариаланчдыг ажилгүй болгож, Солонгосыг зорих хар ажилтны тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргах гэж байна.
Импортын үр тариагаар болчих юм бол тариа тарихаа больчихъё л доо. Нэгэнт үр тариагаа импортоор зохицуулна гэж байгаа юм чинь, удахгүй мал махаа гаднаас авах болж магадгүй нь. Малчингүй, тариаланчгүй бол улсаараа гаднаас хараат болох биш үү.
Эрхэм дарга нараа “Цаанаас” чинь тийм даалгавар өгөөгүй юм бол мах, гурилаараа битгий оролд л доо гуйя. Тариаланчид чинь ашиг олоод баяжаад, хорвоо даахгүй болчихсон юм байхгүй. Ихэнх нь түрээсийн техник хэрэгсэл, өндөр үнэтэй шатахуун, бүтэн жилийн тасралтгүй хөдөлмөр, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа юмсыг дийлж авч чадахгүй л явна.
Тэгэхээр, нөгөө 10 хүрэхгүй гурилын үйлдвэрээ ад үзээд эхлэв ээ. Үнэнийг хэлье тариаланчдаас гадна тэр хэдэн үйлдвэрийг баяжчихсан гэж харах хэрэггүй. Хэдэн жилийн өр тавьж байж, авсан тоног төхөөрөмжөөрөө гурилаа үйлдвэрлээд, айл болгоны ширээн дээр талх байгаа гэдгийг сануулах илүүц биз.
Гурилын үнэ нэмэгдсэн тухайд өөр юм ярих хэрэгтэй. Тэр үйлдвэрүүдийг нь шалгах, тариаланчдын нийлүүлэлтийн процессд хяналт тавих, үнээ үндэслэлгүйгээр нэмээд байгаа бол үнийг нь буулгах арга хэмжээ авах, шатахууны тал дээр бодлогоор зохицуулалт хийх гээд л олон ажлууд хийж болохоор л харагдаад байна даа.
Хараат байх ямар вэ гэдгийг сануулах уу? Он гарсны дараахан хойд хөршийн нэг даргын айлчлалын “асуудлаас” болоод Монгол улс тэр чигээрээ эрчим хүчний дутагдалд орсон тухай жиргээнд шуугиад л өнгөрсөн. Шатахууны хомсдолын тухайд ярих ч хэрэггүй. Улсаараа бүтэн сар колонкын үүд сахисан биз дээ. Одоо гурилаараа тоглох нь ээ. Өнөөдөр татвар тэглээд үнэ багахан бууж болох ч, тариаланчид чинь ажилгүй болж, үйлдвэрүүд нь хаагдчихсаны дараа, тэр хямд үнээ хадгалаад л яваад байх болов уу?
ОХУ дайны нөхцөл байдалтай байна, хэзээ ч хилээ хааж магадгүй. Нөхцөл байдлаас шалтгаалж хаалаа гэж бодоход гурилгүй болсон үед хаанаас гурил авчрах болж байна. Нэмж нэг зүйлийг сануулахад дэлхий даяар цар тахалтай үед манай улс гурил, махаа өөрсдөө үйлдвэрлэж байсан болохоор ямар нэг хөөсрөлгүй, үнийн огцом өөрчлөлтгүй, дутагдаж гачигдахгүй амжилттай давж туулсан. Дэлгүүрийн лангуу гурил махтайгаа байсныг санаж байгаа биз дээ. Хэрэв тэр үед мах гурилаа гаднаас авдаг байсан бол юу болох уу, санаж байгаа бол Хятадаас орж ирдэг нарийн ногоо, бусад орноос орж ирдэг хүнсний зүйлс яаж дутагдалд орж байлаа. Гээд л үргэлжлээд байвал дуусахгүй нь. Та бүхэн олон талаас нь харж шийдвэрээ гаргаарай.
Тариалалтын бэлтгэл оройтох нь, нэгэнт татвар тэглэнэ гэвэл тариаланчид бид илүү их алдагдал хүлээхээсээ өмнө, эртхэн бүхнийг зогсоож, 1400 гаруй хувь хүн аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, хэдэн мянган техник хэрэгслийнхээ түрээсийн гэрээгээ цуцалж, 7000 гаруй тариаланчид ажилгүй болж, ард нь байгаа 30 мянга гаруй иргэн амьдрах өөр арга хайхаас аргагүйд хүрлээ.