Зудын нөхцөл байдлаас үүдэн Төв аймагт 400 мянга гаруй мал хорогджээ. Улмаар аймгийн удирдлагаас ХАА-н үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг боловсруулж ажиллаж байна. Энэ талаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Манай аймгийн эдийн засгийн үндсэн салбар бол хөдөө аж ахуй. Өөрөөр хэлбэл газар тариалан, мал аж ахуйн салбар. Төв аймаг таван сая толгой малтай, 300 мянган га эргэлтийн талбайтай. Монгол Улсын газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хамгийн өргөн хэмжээгээр хослуулан хөгжүүлж байгаа аймаг юм.
Мөн эрчимжсэн аж ахуйн дийлэнх нь бас Төв аймагт бий. Төв аймаг бол онцгой нийгмийн хариуцлага хүлээсэн. Монгол Улсын хүн амын 50 хувь нь оршдог нийслэл Улаанбаатар хотоо нутаг дэвсгэртээ багтаан оршиж байгаа аймаг учраас хотын хүн амын хүнсний хэрэгцээг байнгын хангаж байх хэрэгцээ шаардлага байдаг. Манай аймаг сүүлийн гурван жилд 1.2 сая тонн ургац хураан авсан. Хураан авсан нийт ургацаараа, төмснийхөө ургацаар, малын таримал тэжээлийн ургацаар улсдаа тэргүүлэн ажиллаж байгаа.
Энэ жил байгаль цаг уурын амаргүй нөхцөл байдалтай өвөл байлаа. Одоо хаваржиж байна. 2023 оны 11 сарын эхээр их хэмжээний цас орсон. Манай аймгийн дийлэнх нутгаар. Оны эцэст 4.9 сая толгой мал тоолуулсан юм. Одоогийн байдлаар малын хорогдол 400 мянга хүрээд байна. Улмаар Төв аймаг ХАА-н үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг боловсруулж ажиллаж байгаа. 2020 оноос эхэлж боловсруулсан. Энэ нь юу вэ гэвэл малчид хоорондоо хоршиж нэгдэж ажиллах ёстой. Тариаланчид ч хоорондоо хоршиж нэгдэж ажиллах ёстой. Мөн хоёр хоршоо хоорондоо нэгдэх нь чухал. Тухайлбал одоо намрын, өвлийн бэлтгэл хангаж байгаа цаг үед манай аймгийн тал хээрийн сумдын мал аж ахуй эрхэлж байгаа хоршоод маань газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа малын таримал тэжээл тарьж байгаа хадлан хадаж байгаа хоршоодтой эртхэн шиг гэрээ хийж хамтарч ажилладаг системтэй болсон. Мөн хоршоод маань сумандаа байгаа компаниудтайгаа бас хамтарч ажилладаг систем бий болж дундын хоршоог байгуулсан. Ингэснээрээ бид сумын эдийн засгийн бүтцийг бий болгож байгаль цаг уурын энэ амаргүй нөхцөл байдал ХАА-н үйлдвэрлэлийг нэг гагаас авах ургацыг нэмэгдүүлэх нэг малаас авах ашиг шимийг өсгөхөөр ажиллаж байна” гэлээ.