Францын зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” зохиолыг мэдэхгүй хүн ховор билээ. Анх 1844 оны 3-р сараас 7-р сар хүртэл Le Siècle сонин дээр цувралаар нийтлэгдэж байгаад хоёр жилийн дараа ном болон хэвлэгдсэн юм. Зохиол дундад зууны үеийн Франц, Английг гайхалтайгаар дүрслэн өгүүлэхээс гадна улс төрийн нөхцөл байдал, урвалт, хайр дурлал, эрэлхэг түүхээр дүүрэн адал явдлыг өгүүлдэг. Олон ч улсад кино, тайзны жүжиг болон амилсаар өдийг хүрчээ. Харин манайд PRO theatre-ын шижигнэсэн залуухан хамт олон тайзнаа толилуулав. Хүн бүрийн мэдэх зохиолыг хэрхэн найруулж дэглэн тайзнаа тавих бол гэсэн бодол тээн тасалбар дээрх дугаараар суудлаа хайж олоод тухлаад авав.
Тайзны дэглэлт онцгой гойд зүйлгүй байх бөгөөд том гэгчийн гурвалжин модон хайрцаг байх шиг харагдав. Жүжиг эхлээд л тус гурван хайрцаг тайзны ямар чухал хэрэглэгдэхүүн болохыг ойлгов. Хааш нь ч эргүүлж, өнхрүүлж болохоор бодож төлөвлөсөн нь илэрхий байлаа. Дүрүүд тэдгээр хайрцгийг ор, гэр, уушийн газар, тулааны талбар, үг хэлэх өндөр индэр, шорон ч болгож хувиргаж байлаа. Энгийн боловч тун сонирхолтой шийдэл байсныг хэлэх нь зүйтэй.
Хамгийн гайхалтай нь жүжигчид тэдгээр хайрцган дээр авирч, үсэрч, гулгаж, бүжиглэж амь оруулан байх бөгөөд жүжигчид удаан хугацааны турш ямар их бэлтгэл сургуулилт хийсэн нь мэдрэгдэх болно. Дүрээ бүтээж жүжиглэхээс гадна эгээ л циркийн үзүүлбэр үзүүлж ёстой л дүүлэн нийсэцгээж байв. Физикл драм гэсний учир тэр байж л дээ. Жүжигчдийн тэсвэр тэвчээр хийгээд найруулагчийн санаа, шийдлийг бахархаж дэмжээд барахгүй билээ.
Шадар гурван цэрэг зохиол бол баатарлаг үйл хэрэг, гайхалтай тулаанаар баялаг түүх. Хамбын торгон цэргүүд, хөлсний алуурчинтай тулгарах шадар цэргүүд маань тун чадварлагаар тулалдаж эгээ л сандлаасаа өндөлзүүлээд ёстой л гал халуун залуу жүжигчдийн хүчийг үзүүлсэн дээ. Тулааны найруулгыг маш сайн хийснийг энд дурьдахгүй өнгөрвөл алдас болж, 13-р Луис хааны шадар цэргүүдэд нэвт сүлбүүлэх биз.
Дээр бичсэнчлэн залуу жүжигчдээр багаа бүрдүүлсэн багийн талаар ярих нь зүйтэй. Шадар гурван цэрэг бол угаас чадварлаг сайн илдчид мөн боловч зугаа цэнгэл, охид бүсгүйчүүдийн тал дээр хэзээ ч үгүй гэж хэлдэггүй хөгжилтэй зугаатай эрс. Тэр дүр төрхийг жүжигчид тун хөгжилтэй байдлаар орчин цагийн үзэгч бидэнд инээд бэлэглэж үзүүлсэн. Харин Д`Артанъян бол дөнгөж 18 настай Гаскон нутгийн залуу хааны шадар цэрэг болохоор дэврүүн мөрөөдөлдөө хөтлөгдсөн амьдралд хөл тавьж буй эр. Түүнийг нь ч тайзнаас бүрэн мэдэрч болно. Гол дөрвөн жүжигчнээс илүүтэй Т.Энэрэлийн тоглолт ялгарч байсныг хэлэх ёстой. Мөн Хамба ламын дүрийг бүтээсэн залуу жүжигчин М.Төгөлдөрөөс онцгой мэдрэмж урсан гарч байлаа. Эрх мэдэлд шунан түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй хэрцгий бас саяко гэмээр дүрийг тун сүрхий товойлгож урлажээ. Тэр биеийн хэлэмж, шуналтай галзуу харц эвгүйцүүлээд амжсан.
Энэхүү сэтгэгдлийн толгойд Миледигийн нулимс гэж тодотгосон учраа одоо тайлбарлах хэрэгтэй байх. Мэдээж тус зохиолын хамгийн их зөрчилтэй, үйл явдлыг хөтлөх гол нэгэн дүр бол Миледи Винтер мөнөөсөө мөн юм. Түүнээс гарах нулимс үнэн ч байж магад, эс бол худал ч байж магад. Дотроо маш их шаналал, өшөө хорслыг тээх тэр бүсгүй энэ хорвоод мэндлэхдээ ариун цайлган байсан ч хорон муу хүмүүсийн арганд унаж арилшгүй хар толбыг бие сэтгэлдээ тээн хамгийн аймшигтай дайсан болж өсөж өндийжээ. Үзэсгэлэн төгс, ов мэх, зальжин байдлаараа хэдэн ч эрэлхэг эрийг, хоёр улсыг ч дайны байдалд хүргэж чадах тийм л аймшигтай нэгэн байсан юм. Ийм л дүрийг жүжигчин Б.Ариунхишиг урж тасдан урлажээ. Найруулагч ч энэ чухал дүрд анхаарч ажилласан нь анзаарагдах буй за. Түүнд зориулж ямар гоё бас аймшигтай хэцүү дэглэлт хийсэн байсныг үзэгч та өөрөө харах хэрэгтэй биз. Ийм дүрийг зөвхөн жүжиглээд гаргахаас гадна тулалдаж, өнөөх том хайрцгууд дээгүүр дүүлж, нугарч, авирч бүтээнэ гэдэг ёстой л жүжигчин хүний тэвчээр, авъяасаас гарах биз. Хэдхэн метрийн цаанаас шаналал, өшөө хорслыг нь ясандаа тултал мэдэрч түүний хийсэн бүхий л нүглээс уучлахад бэлэн сууж байснаа үзэгч би нуухгүй.
Тус жүжигт магтах зүйл олон ч ганц л гонсойх зүйл байсан нь РЦНК-ийн тайзны гэрэл хангалтгүйн улмаас алдаа гарч байсныг үзэгч би бээр анзаарсан юм. Магадгүй хөрөнгө оруулалт хийж нэмэлт тоног төхөөрөмж суурилуулж сайжруулах хэрэгтэй байх гэж санагдсан даа.
Залуу чадварлаг жүжигчдийн үе асуй ойртсоор байгааг эл жүжгийн тайзнаас мэдрэх хамгаас баяр жаргалтай байлаа.