Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулиудыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Үүнтэй зэрэгцээд Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын мэдээллийн цахим нэгдсэн системийн шинэчлэлтийг нэвтрүүлж эхэлжээ. Гэсэн хэдий ч тус систем нь бүрэн ашиглалтад ороогүй буюу дутуу байгаагаас болж он гарснаас хойш өнөөдрийг хүртэл иргэд олон талаар хохирч байна.
Угтаа энэхүү ажил нь 2019 оноос эхэлсэн ажил гэж ойлгож болохоор. Учир нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийгмийн даатгалын цахим системийг шинэчлэх ажлын тендерт 2019 онд Ай Ти Зэт (ITZ) ХХК шалгарч, ажлыг эхлүүлсэн байна.
Албаныхны зүгээс шинэчлэл хэзээ дуусgr систем нь хэвийн байдалдаа орох нь тус компанийн гүйцэтгэлээс хамаарна гэх тайлбарыг хэвлэл, мэдээллүүдэд өгчээ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл систем нь бүрэн ажиллахгүй байгаа төдийгүй иргэд ЭМД-аар эмнэлэгт үзүүлэх, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах зэрэг болон бусад үйлчилгээг авч чадалгүй эрх нь зөрчигдөж байна.
Төрийн албаны хүнд сурталтай нүүр тулалгүйгээр төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буй нь сайшаалтай хэдий ч иргэдийн хувьд шаардлагатай үед хууль тогтоомжид заасан хугацаанд нь багтааж хүсэлтээ гарган авах шаардлагатай үйлчилгээг 3 гаруй сарын хугацаанд тасалдуулах буюу авах боломжгүй байлгана гэдэг нь маш хариуцлагагүй байдал төдийгүй иргэдийн эрхийг зөрчиж буй явдал юм.
2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр НДЕГ-аас цахим хуудастаа “нийгмийн даатгалын байгууллагын системийн шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан цахим үйлчилгээ түр ажиллахгүй байгаад хүлцэл өчье” гэж бичиж байсан бол гуравдугаар сарын 7-ны өдөр уг системээ 1 дүгээр улиралд багтаан бүрэн ажиллуулна гэх мэдээллийг өгсөн байна.
Угтаа бол иргэдийн эрүүл мэнд, цаг зав, цаашлаад халамж, тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй холбоотой энэ чухал системийг огт бэлэн биш байхад нь буюу бүрэн туршилгүйгээр нэвтрүүлж, бүтэн 3 гаруй сарын турш иргэдэд өдөр тутам, их хэмжээний чирэгдэл, хохирол учруулж байгаа нь маш хариуцлагагүй явдал юм.
Нийгмийн даатгалын байгууллагын энэ хариуцлагагүй үйлдэл нь иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан хэд хэдэн үндсэн эрхийг зөрчиж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;” гэж заасныг, 6 дахь хэсэгт “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;” гэж заасныг, 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;” гэж заасныг тус тус шууд болон шууд бусаар буюу эрхээ эдлэх боломжийг нь хязгаарлах байдлаар зөрчиж байгаа юм.
Мэдээж, дээр дурдсанчлан, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгахаар энэ салбарыг цахимжуулж буй нь, түүнчлэн түүнийгээ сайжруулах оролдлого хийж буй нь сайшаалтай. Гэсэн хэдий ч, төрийн үйл ажиллагаа тасралтгүй байх зарчмын хүрээнд системийн шинэчлэлтээ нэвтрүүлэх энэхүү завсрын үед иргэдийн хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэх асуудал, харилцааг зохицуулсан түр журам ч болов баталж хэрэгжүүлэх нь зүй ёсны билээ.
Иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг, салшгүй хэсэг нь болох энэ чухал асуудалд шинэчлэл хийхдээ бэлтгэлгүй хандсаны улмаас иргэдэд учруулсан хохирол, чирэгдлийг Засгийн газар анхаарч, хүндрэл учруулалгүй шийдвэрлэх үү?
Ялангуяа, хуульд заасан хугацааны дотор хүсэлт гаргаж байж авдаг нийгмийн даатгалын халамж, тэтгэмжийн үйлчилгээг энэ үеэр хугацаа харгалзахгүй авах, түүнчлэн систем нь ажиллагаагүйгээс болоод ЭМД-аар эмнэлэгт үзүүлж чадалгүй төлбөртэй үйлчилгээ авсан, эсхүл хөнгөлөлтгүй үнээр эм, тариа авсан иргэдийн гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 45.1-д “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Засгийн газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл зэрэг байгууллагууд бүртгэж, иргэдийн хохирлыг барагдуулах нь зүйтэй болов уу.