Монголын шивээсний урлагт анхдагч нарын нэг, 20 гаруй жил энэ урлагтаа амьдарлаа зориулж яваа шивээсчин Б.Баяржаргал буюу олноо Жак нэрээрээ алдаршсан эрхэмтэй бид ярилцсанаа хүргэж байна.
-Та манай үзэгч, уншагч нарт өөрийгөө танилцуулна уу.
-Намайг Баяржаргал гэдэг. Хүмүүсийн дуудаж хэвшсэнээр ”Жак” шивээсчин гэдгээрээ сүүлийн хорин хэдэн жил боллоо. Жак гэдэг нэрээрээ яваад, жинхэнэ нэрээ хааяа нэг сонсдог болоод байна.
Багадаа зурдаг байсан, зурагт их дуртай. Тэгээд 93-94 оноос метал хөгжим сонсож эхэлснээс хойш дуучдын шивээсийг хараад, сонирхож л шивээс рүү орсон л доо.
-Шивээс хийхийг анх яаж сурсан бэ? Тухайн үед одоогийнх шиг багаж хэрэгсэл байгаагүй байх.
-Анх хийж, сонирхож байхад ах нарыгаа харахад тросс үзүүрлэж хийдэг байсан. Тэрийг хараад “ингэж хийдэг юм байна даа ” гэж бодож яваад тэрүүгээр нь нэлээд хийсэн. Тросс үзүүрлэнэ гэдэг нь троссны хатаалтыг багасгаж, уярааж байгаад үзүүрлээд сахлын машины моторонд угсарна, хөгжмийн моторонд угсарна. Тэгээд 1999, 2000 онд зүү төөнүүрийн гэж нарийн зүү гарч ирээд, тэрүүгээр нэг хэсэг хийсэн дээ.
-Сүүлийн жилүүдэд шивээсний талаарх хүмүүсийн хандлага эерэг болсон. Таны залууд ямаршуухан байв?
-Дээр үед бол хүмүүс урлаг талаас нь үздэггүй байсан. Хүн болгон шоучин, уудаг, болохгүй, танхай этгээд гэж хардаг байсан болохоор тэр үед их хэцүү байсан. Тэгээд өөрийн хобби, сонирхож байгаа төрлөө хөөгөөд явахаар байнгын үйлчлүүлэгч нартай болдог. Тэр хүрээндээ орлогоо болгоод явна гэсэн үг. Тэгэхгүйгээр мөнгө хөөгөөд, хоббигоо дан мөнгө болгоод явчихаар тэр чинь уналтад ороод, хийж байгаа бүтээл чинь хүртэл олигтой болж өгөхгүй.
-Хийж байсан сонирхолтой ажлаасаа яриач.
-Сонирхолтой гэвэл хэдэн найзууд байдаг юм. Байнгын ирж шивээс хийлгэдэг, тэд нар хоорондоо биллиард тоглоно. Тоглоод хожигдсон дээрээ шивээс хийлгэнэ. Бүгдээрээ шийтгэлээр. Тэд нар бүгд шивүүлсэн. Сандал, ширээ өөр юу юу ч билээ, тэрэн дээр их гоё гоё юм бий. Тэд нар сүүлийн жил орчим орж ирсэнгүй. Зун болохоор л тоглоод, нэгэндээ шийтгэл болгож хийлгэдэг. Нэг нь л гэхэд 4-5 шивээстэй болсон байх шүү.
-Шивээсний урлаг дотроо олон янз урсгал, чиглэлтэй байдаг байх. Та аль талаар нь дагнадаг вэ?
-Миний хийдэг гол ажиллагаа хуучин шивээс дарах. Энд тэндхийн, бүх төрлийн шивээс дарж үзсэн. Шивээс дарах хамгийн гоё нь л доо. Цэвэрхэн арьсан дээр хийснээс илүү халтар юман дээрээс бүтээл болгоод гаргаад ирэхээр нөгөө хүмүүс нь ямар их баярладаг, тэр нь надад илүү кайфтай байдаг.
-Энэ мэргэжлийг сонирхож байгаа, шивээс хийдэг залуу үеийнхэндээ, өөрийнхөө шавь нар, дүү нартаа юу гэж захимаар байдаг вэ?
-Мэргэжил болгон сайхан л даа. Шивээсний хувьд сүүлийн үед хүн болгон маш амархнаар хүлээж авдаг болчхож, шивээсчин гэдгийг. Маш амархан, зүгээр бэлэн мөнгө олоод л явж байгаа хүмүүс гэдэг талаас нь. Яг энэ дунд чинь маш их хугацаа орно. Шивээсийг буулгаад хийчихлээ гээд амархан байна гэдэг өнцгөөс биш, бүр сайжруулаад, төгс болгох маш хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр хүн болгон маш энгийнээр, "Өө энэ чинь амархан юм байна" ингээд буулгаад хийчихнэ гээд арван жилийн ч юм уу, хүүхдүүд биен дээрээ шоглоод байгаа нь аягүй эрсдэлтэй асуудал болоод байна.