Бусдын л адил харийн оронд хар ажил хийж, өдөр хоногийг шүд зуун тэвчсээр найман сарыг үдэн, эх орондоо ирсэн сэтгүүлч Э.Булгантай бид ярилцлаа. Хүсэл сонирхлоороо ажиллаад авдаг сарын цалингаа, хоёр, гуравхан өдөрт олчих боломжтой учраас гүрийх сонголтыг хийсэн талаараа ярих тэр мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйл байдгийг ойлгож, тэнд мэдэрсэн зүйлийнхээ хэсгээс бидэнтэй хуваалцсан юм.
Түүний Солонгос Улс руу явж ажиллах болсон шалтгаан нь өнөөгийн бүх л залууст тулгамдаж буй асуудал. Авч буй цалингаараа байрны түрээс, ус дулааны мөнгөө төлсөөр цааш хийх арван төгрөггүй үлддэг нь нийтлэг жишээ юм. Сургуулиа дөнгөж төгсөөд, амьдралд хөлөө олох гэж тэмтчих залуус олон сонголттой нүүр тулах шаардлага үүсдэг.
ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛДЭГ ГАЗАР АЖИЛЛАХ САЙХАН Ч ХӨЛСӨӨ ДУСЛАХ ЧИМЭЭГ СОНСТОЛОО ЯДАРДАГ ЮМ БИЛЭЭ…
Энэ талаар тэр ярихдаа, “Бидэн шиг сургуулиа төгсөөд нэг, хоёр жил болж байгаа залуусын хувьд, карьер хөөх үү, эсвэл амьдралынхаа энэ асуудлыг шийдчихээд өөрийнхөө хүссэн мэргэжлээрээ ажиллах уу гэх сонголтын өмнө нүүр тулдаг юм билээ. Би гэнэт л Солонгос явъя гэж бодсон. Одоо бодоход нэг их буруу сонголт хийгээгүй л дээ. Гэхдээ чи хэл сурахгүй юм бол хэн ч биш гэдгийг маш сайн мэдэрсэн. Би монголоос тасалбараа захиалчихаад 450 мянган төгрөгийг вон болгож солиулаад авч явсан юм. Гэтэл энэ мөнгөө Солонгост ажиллаад нэг өдрийн дотор л олчихсон. Хүний хөдөлмөрийг үнэлдэг газар ажиллах сайхан ч хөлсөө дуслах чимээг сонстолоо ядардаг юм билээ.
Тэгж ажилласан газрынхаа нэрийг би одоо ч мэдэхгүй. Хаана очсоноо ч мэдэхгүй. Тэнд таваас зургаан солонгос эмээтэй нэг дээвэр дор амьдарсан юм. Нэг ч монгол хүн байгаагүй нь үнэхээр хар дарсан зүүд шиг л байлаа. Яг л шоронд байгаа юм шиг… Яагаад гэхээр би тэнд нэг ч хүнтэй монголоор ярьж чадаагүй. Хүнд ярих хэрэгцээ гэж байдаг шүү дээ. Өөрийнхөө зөв гэдгийг илэрхийлж, өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа нь үгээр хэлэмгүй муухай мэдрэмж.
Тэр үед би ядарсандаа, бас химийн найрлага ихтэй угаагч бодисонд хордоод усанд угааж байгаа аягаа алдаж унагаад байсан. Хуруунууд өглөө тэнийхгүй. Гараа газар тэнийлгэн тавьж байгаад дээрээс нь хэд сайн цохиод л ажлаа хийдэг байлаа. Нурууны дасгал хийгээд л… Ингэхдээ, “За чи хоёрхон сар болох юм чинь…” гээд л гүрийсэн” хэмээн хуучиллаа.
Ингэж хичээсээр, ажилласаар тэр буцаад Сөүлд ирж өөр ажил хийх болжээ. Тэр ажил нь ч амар байсангүй. Барилгын хүнд ажлыг ханцуй шамлан нугалсаар хоёр биш найман сарыг үдсэн аж. Гар нь тэнийхгүй болтлоо ядарч, хөл нь гишгэж чадахгүй болтлоо өвдсөн тэр яагаад найман сар гүрийх болов. Үүний шалтгаан бол ээж, дүү хоёроо жаргалтай сайхан амьдруулахыг хичээсэн том охины хүсэл байсан юм.
ААВЫГАА ӨӨД БОЛСНООС ХОЙШ ЭЭЖ ДҮҮ ХОЁРЫНХОО ТӨЛӨӨ ЭР ХҮН ШИГ МАХАРЧ АМЬДАРСАН ЮМ БИЛЭЭ…
Тэрээр үргэлжлүүлэн, “Аавыг өөд болсноос хойш энэ амьдралд, ээжийгээ сайхан амьдруулах, дүүгийнхээ сургууль соёлыг төгсгөх үүрэг яагаад ч юм надад ирж байна гээд тархиндаа кодолчихсон байсан. Нэг удаа найз минь надад хэлсэн юм. “Хүүе ээ Булгаа! Одоо нэг жаахан эмэгтэй хүн шиг амьдар аа. Чи бүр өрх толгойлоод явж байгаа эрэгтэй хүн шиг махарч, зүтгэж байна” гээд. “Нээрээ юу билээ” гээд бодоход үнэхээр л тэгж амьдарсан юм билээ. Яг үнэндээ би одоо ядартлаа ажиллахаас, хичээхээс залхаж байгаа. Эх орондоо ирээд хөлний хагалгаанд орж хэсэгтээ амарч л байна. Одоо надад гадаадад хар ажил хийх зориг үлдээгүй. Явахаа хүрвэл сурах гэж л явна гэж шийдсэн” гэсэн юм.
Сонголт бүхэн олон талтай байдаг. Ясандаа тултал хүнд хэцүүг мэдэрсэн ч, ямар ч ном уншиж, кино үзээд ойлгохгүй туршлага хуримтлуулсан эдгээр урт өдрүүдэд сайн тал ч байв.
ХЭН Ч БИШ БАЙЖ ЧАДСАН НАЙМАН САР НАДАД ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ СУРАХЫГ ЗААСАН
“…Шавхай болсон, лак дуссан ямар ч хамаагүй хувцас өмсөөд, жил хэн ч биш байчих” гээд өөртөө би тэр үед хэлсэн. Гэхдээ зөрчилдөж байгаа юм л даа. Чи ингэж амьдрах гэж их сургууль төгссөн юм гэж үү гээд л бодно, гутарна. Гэхдээ хүний амьдралд мөнгөнөөс чухал зүйл гэж байдаг гэдгийг жинхэнээсээ ойлгосон. Энэ бол эрүүл мэнд. Өөрийгөө хайрлаж сурсан найман сарын хугацаа байсан даа. Надад би л байгаа. Би л өөрийгөө хайрлахгүй бол намайг өөр хэн ч хайрлахгүй. Дараа нь мөнгө байгаад, яаж ч чадахгүй болох вий л гэж үнэхээр айсан. Тэгээд л эх орондоо ирье гэж зориглосон юм.
ГАДААДАД АЖИЛЛАЖ БАЙГАА НЭГНЭЭ “МӨНГӨ” ГЭЖ ХАРАХААСАА ӨМНӨ БИЕИЙГ НЬ АСУУЖ, ДУЛААН ҮГСЭЭР ТЭВРЭЭРЭЙ
Гэр бүлийн хэн нэг гишүүн нь гадагшаа яваад удчихсан бол тэднийг гэрийнхэн нь мөнгө гэж хараад байдаг юм билээ. Утсаар ярихдаа тийм ч мөнгө хэрэгтэй байна гэдэг. Уг нь энд өөрсдөө ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Гадаадад ажиллаж байгаа хүмүүс, над руу хэн нэгэн залгаад яриасай. “Хэцүү байвал хүрээд ир” гээд хэн нэгэн хэлээсэй л гэж их хүсдэг байх.
Та бүхний хайртай дотны хэн нэгэн хүний нутагт ажиллаж амьдарч байгаа бол, “надад мөнгө зээлээч” гэж асуухаасаа өмнө сардаа нэг удаа залгаад биеийг нь асуучихдаг байгаарай. Хүмүүс халуун дулаан үгээр дутаж явдаг юм байна гэдгийг ойлгосон маш сайн мэдэрсэн. Одоо би өөрөө ч тийм үгсийг хэлдэг хүн байх гэж хичээж байгаа” гэсээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.