“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт залуу жүжигчин О.Самданпүрэвийг урьж, ярилцлаа. Түүний хувьд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж, “Ахлах сургууль”, “37-р точка”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Ээжээ зорино” зэрэг олон уран бүтээлээр үзэгчдэд танигдаж яваа шинэхэн “од” юм.
О.Самданпүрэв зурах авьяастай. Анх архитектур мэргэжлээр суралцаж байсан ч урлагт хайртай сэтгэлдээ хөтлөгдөн сургуулиа хаяж, жүжигчин мэргэжлийг сонгож байжээ. Тэр аав, ээжийнхээ үгэнд тун сайн ордог. “Үргэлж ээжийн зөв байдаг учраас тэднийхээ үгнээс зөрөхийг хүсдэггүй” гэв.
Тэрээр “Би 1993 оны арванхоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр 2020 онд төгссөн. Одоо жүжигчнээр ажиллаж байна. Хүүхэд байхдаа ер нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Зуны амралтаар дандаа сагс тоглоод шөнө орж ирдэг. Өсвөр насанд байхад зуны амралтаар эмээ бил үү, ээж бил үү авч өгсөн нэг хамер шар бөмбөгөөр орой болохоор ах нар шийд дээр тоглодог учраас өглөөнөөс эхлээд л ах нар байхгүй үед шийд дээр ганцаараа гарч бөмбөг залаад л, шөнө болтол гадаа тоглосоор байгаад орж ирдэг хүүхэд байсан. Хүүхэд байхдаа компанийн захирал болохыг мөрөөддөг байсан. Том босс болж, жийп машин унана гээд л. Яг жүжигчин болох сонголтыг яваандаа өөрийгөө олно гэдэг шиг “Би ийм мэргэжлээр ингэж явахыг хүсдэг хүн юм байна” гэдгээ мэдсэн. ТИС-д архитектураар шалгалт өгөөд, тэнцсэн. Орсон хойноо өөр урлагийн бүх л тэмцээн, урлагийн наадам, бага наадам гээд бүх л зүйл явдаг. Тэгсэн хэр нь зарим хичээлдээ сонирхолгүй. Ингэж явсаар сүүлд нь “Би яг энэ мэргэжлээр явах хүн юм байна” гээд, гэрийнхэндээ хэлж албан ёсны зөвшөөрөл авсан. Тэр хүртэл нэлээн юм болж байгаа юм. Хэлэх үү, яах уу, хэлээд ч гэрийнхэн зөвшөөрөхгүй гээд нууж явсаар нэг өдөр хэлээд, сургуулиасаа гараад, эхнээс нь шалгалт өгөөд СУИС-д орж байсан.
Манай үеийнхэн ихэнх нь төгсөөд л, миний төгсөх хугацаа болсон ч би хичээлээ таслаад урлаг гээд явдаг байснаасаа болоод төгсөлт маань хойшилсон. Гэтэл найзууд маань төгсөөд л, хонхны баяр хийгээд л. Нэг найзынхаа хонхны баярт цэцэг авч оччихоод ганцаараа тэд нарыг баярлаад оргилуун дарс буудуулж байхыг нь хараад, бодож байсан. “Хэзээ хүссэн мэргэжлээ эзэмшээд, хэзээ ингэж орилоод зогсож байх юм бол” гээд их ганцаардсан, хэн ч биш юм шиг мэдрэмж авч байсан. Түүний дараа ер нь хэлээд үзье. Би өөрөө юу хүсэж байгаагаа олж, хүсэж байгаагаараа амьдрахгүй бол хэн ч биш байгаагаа мэдэрсэн. Өөрийгөө хуураад байгаа юм байна гэдгээ гэр бүлдээ хэлсэн. Тухайн үед маш их айж байсан. Сургуулиа хаяна гэдэг маш том шийдвэр. Тэгээд айлын том. Би ээжийг зөвшөөрнө гэж бодоогүй. Гэтэл ээж намайг ойлгож байгаа харцаар хараад “Тэг тэг миний хүү” гээд. Тэгээд л асгарсан. Дотор байгаа хамаг юм гарсан. Түүнээс хойш өдөр, цаг, мөч бүрийг маш үнэ цэнтэй байлгах ёстой юм байна гэж боддог болсон.
Дуртай зүйлээ хийгээд байгаа учраас ядарснаа анзаардаггүй. Миний хийх ёстой зүйл гэж боддог учраас ялархдаггүй. Тийм хүмүүсийн дунд ороод ирэхээр уур хүрээд байдаг. Би төрсөн ахгүй ч аавын дүү нарын хүүхдүүд гээд дээрээ хоёр, гурван ахын гарт өссөн. Ах нартаа загнуулна, зодуулах үе байна, зарагдана, тэрийг хий, үүнийг хий гэхэд за л гэдэг. Одоо өөрөө доороо дүү нартай болоод, зарим нэг СУИС төгссөн хүүхдүүд ирээд, цуг кинонд ажиллахаар тэр хүүхдүүд ялархаад л, хүний өмнөөс хийгээд байгаа юм шиг байхаар уур хүрээд, бачуураад байдаг. Чи энэ зүйлийг хийх гэж сургуульд орж, энэ зүйлийг хийх гэж диплом авсан. Эсвэл больчих. Хүсэхгүй байвал юу хүсэж байна түүнийгээ л хий. Ийм хэцүү байна гээд байвал бүх зүйл л тэгж санагдана. Ер нь болно оо гээд яваад байвал болох юм шиг санагддаг.
Юмыг хийе гэвэл эцсийг нь үзэж байж л ард нь гарах хүсэл, зорилго, эрмэлзэл байдаг. Дундаас нь болиод л, шантраад л. Тийм байхыг хүсдэггүй. Нэг зүйлийг эхэлбэл дуусгахыг хүсдэг. Дандаа, бүх зүйлд. Энэ л миний өөртөө байлгаж, хадгалахыг хүсдэг чанар.
Би өөрөө нэг зүйл бодчихсон, зорьсон байгаа учраас гүйгээд явж байна гэж боддог. Хүмүүс хаана хүрэх цэгээ л бодох ёстой байх гэж боддог. Түүний төлөө тэмцэхэд надад ийм зорилго байх ёстой гээд. Ингээд шатууд гарч ирнэ. Хүрэх цэгээ сонгож, түүнийхээ төлөө зорилго тавиад, энэ зорилгод хүрэхийн тулд би ийм байх ёстой юм байна гээд явах ёстой юм болов уу гэж боддог. Түүнээс залуу хүмүүс ийм байх ёстой. Залуу юм чинь гэх зүйл байхгүй. Залуу хүн ч гэсэн ядардаг, нурмайх үе байна. Залуу хүн гээд ажлын мал шиг байх ёсгүй. Хүн бүр энэ насыг туулсан. Зарим ах эгч нар дээд өнцгөөс харчхаад “Чи залуу биз дээ” гээд л. Адилхан л нэг нийгэмд явж байгаа хүмүүс. Гэхдээ хүнд ёс зүй байх ёстой.
Аав ээж хоёр “Болоогүй байгаа шүү. Одоо хичээх ёстой шүү. Ингэв ээ, юм аа сур. Хэн ч биш байгаа шүү” гэж захидаг. Угаасаа л хэн ч биш. Хүн бүр л ажиллаж, хөдөлмөрлөөд явж байна. Нэг эмч байгаа гэдэг шиг би ч өөрийнхөө ажлыг хийгээд явж байгаа нэг хүн.
Хоол ундаа сайн идээд, эрүүл байгаарай гэж ээж байнга хэлдэг. Гэхдээ ажил мэргэжлийн хувьд, хувь хүний хувьд байнга зөвлөгөө өгдөг. Ямар нэгэн уран бүтээлд орохын өмнө байнга ярилцдаг. Бага насанд өдөр бүр гэрийн даалгавраа хийсэн үү, энэ хувцсаа өмс гэдэг нас өнгөрсөн. Одоо сард эсвэл хоёр сард нэг гэртээ очдог болсон. Нэг очихоороо бүх зүйлээ ярьдаг. Манай аав, ээж хоёр хоёулаа эмч хүмүүс. Тэгсэн хэр нь намайг жүжигчин мэргэжлийг сонгосноос эхлээд аав, ээж хоёр аль аль нь театр, кино, жүжиг маш сайн мэддэг болсон. Сонирхдог болсон. Сүүлдээ бүр миний мэдэхгүй зүйлсийг надад ярьдаг болсон. Одоо ярилцахад ээжийн үгнээс их гардаггүй. Тухайн үедээ “Би ийм юм хийж, ингэж ажилламаар байна” гэдэг. Харин ээж “Миний хүү ер нь тэр нь дээр байх даа” гээд л. Гараад явсныхаа дараа бодож бодож яг ээжийн хэлсэн ажил руу орсон байдаг. Аав, ээжийн үгнээс гарахыг их боддоггүй. Яагаад гэвэл өсвөр насандаа гардгаа гараад, гэмшдэгээ гэмшээд, болохгүй юм байна гэдгээ ойлгочихсон. Загнуулаад, бөөн юм болоод. Тэр хүмүүс бидний туулах зүйлийг туулаад үзчихсэн л хүмүүс юм байна гэдгийг боддог болсон. Аав, ээжийнхээ чихийг нь халууцуулчихгүй явж байх юм сан л гэж боддог. Урд юм аа сайн хийгээд, хүнд худлаа ярихгүй, хулгай хийхгүй, хичээнгүй явж байхад болно доо гээд л ээж хэлдэг. Чихийг нь халууцуулчихгүй л, сайн хүн байх юм сан гэж боддог доо” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.