“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Happy flowers” компанийн үүсгэн байгуулагч Э.Ууганцэцэгийг урьж, ярилцлаа. Түүний хувьд ээжүүд, эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчлөх, тэдэнд өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргах боломжийг олгож буй асрахуйн салбарт үйл ажиллагаа эхлүүлээд 11 жилийг үдэж буй залуу бизнес эрхлэгч эмэгтэй юм.
Түүнтэй ярилцахад “Оргүй хоосноос бий болгож, бэрхшээлээс боломжийг харж чаддаг, тууштай, дайчин эмэгтэй” гэж тодорхойлоход хол зөрөхгүй санагдлаа. Түүний ярилцлагыг хүлээн авна уу.
Э.Ууганцэцэг Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрдэнэцогт гэдэг айлын ууган охин болон мэндэлжээ. Багадаа дайчин, онц сурлагатай, юмны түрүүнд манлайлж явдаг хүүхэд байсан аж. Арван жилээ аймагтаа төгсөж, МУИС-ийн Математикийн сургуулийг програм хангамжийн инженер мэргэжлээр дүүргэсэн. Их сургуульд байхдаа хичээлийнхээ хажуугаар хүүхэд асрагч хийж, сургалтын төлбөр, хэрэглээний зардлаа олдог байсан нь ирээдүйн бизнесийнх эхлэл болжээ.
Их сургуулиа төгсөж, ажилд гарахад сурсан мэргэжлээс илүү ажиллаж байсан хүүхэд асрагчаа үргэлжлүүлэн нэг жил ажиллаж, энэ салбарт зах зээлийн боломж, хэрэгцээ байгааг олж харан, 2013 онд “Happy flowers” компаниа үүсгэн байгуулсан байна.
Тэрээр “Анх ямар ч байсан эхлээд компани байгуулъя гэж бодсон. Компаниа байгуулчхаад нэг түрээсийн оффис олоод, оффистоо 100 айлаас эмульс, будаг авч ирээд, засаж байсан. Шинээр эхэлж байгаа учраас маш гоё эхлэх ёстой гээд тухайн үедээ маш гоё нээлт хийж байлаа. Их сургуулийн ангийнхан, найзууд, ах дүү, хамаатан саднаа дуудаад, босоо хүлээн авалт хийсэн.
Оффисоо түрээсэлж байхад надад мөнгө байгаагүй. Туслах хэн нэгэн байгаагүй. Хов хоосон оффист ямар ч тавилга байхгүй. Ямар гарц байж болох вэ гээд л. Тухайн үед хичээл амарсан байсан учраас МУИС-ийн тэнхмийн эрхлэгч рүү яриад “Багш аа, би компани байгуулсан юм аа. Зуны гурван сар сургуулийн ширээ сандлыг хэрэглүүлээч” гээд гуйж, сургуулийнхаа ширээ сандлыг хэрэглэж байсан. Хоёр сар гаран үйл ажиллагаагаа явуулж, тавилгынхаа зардлыг олж, Эрээнээс тавилга авсан. Намар хичээл эхлэд үеэр багш нартаа “Баярлалаа” гээд ширээ сандлаа өгч байсан. Тэгж л эхэлж байлаа.
Одоо ингээд бодохоор арван жилийн өмнөх эсвэл таван жилийн өмнөх өөрийгөө харахаар боломжгүй зүйл гэж байхгүй юм байна. Би хүсвэл бүхнийг хийж бүтээж болох юм байна гэж боддог. Өнөөдрийг хүртэл энэ шинэ зах зээлд 11 жил тогтвор суурьшилтай үйл ажиллагаагаа явуулна гэдэг тийм ч амар байгаагүй. Гэхдээ даван туулаад, оршин тогтнолоо. Мэдээж маш олон дайралтууд ирдэг. Энэ бүхнийг тэвчиж чадаад байгаагаараа бахархдаг. Том сэтгэлзүйн дархлаатай гэж боддог” гэв.
Хүслээ гээд бүх зүйл болохгүй. Түүндээ хүрэхийн тулд сайн бодож, төлөвлөж, зураглаж байсан талаараа ч хуваалцсан юм. Тэрээр “Зүгээр л бүтнэ гээд болохгүй. Яг эхлүүлсэн бол заавал эцсийг үзэж байж дуусгадаг төрлийн хүн болохоор бага багаар өрдөг. Шат дарааллаар нь төлөвлөгөөний дагуу хийгээд явдаг” гэв.
Э.Ууганцэцэг нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх хэмжээний чадвартай болчхоод гэр бүлтэй болно гэж боддог байсан тул харьцангуй хожуу гэр бүл зохиосон аж.
Тэрээр “Ээж жаргалтай байж тэр гэр бүл бүхлээрээ жаргалтай байна. Гэтэл дийлэнх ээжүүдийг харахаар ажил хөдөлмөр эрхлэхгүй нам хүүхдээ хараад байж байгаагаа хүүхдийнхээ, гэр бүлийнхээ төлөө гэж эндүүрдэг. Эсрэгээрээ ээж нь дуртай ажлаа хийгээд, дуртай юм аа хийгээд жаргалтай байвал хүүхэд адилхан л жаргалтай байх юм шиг санагддаг. Өөрсдөө тэр сонголтыг хийгээд хүүхдээ харж байгаа хэр нь “Би та нарын төлөө өөрийгөө зориулсан. Залуу насаа ингэж өнгөрүүлсэн” гээд буцаад хүүхдүүдээ дарамталдаг төрлийн эцэг эхчүүд их байдаг юм шиг санагддаг. Ээж өөрөө өөртөө илүү их цаг гаргаж, сурч, хөгжиж байх нь гэр бүлд илүү аз жаргал, амьдралын чанар өгдөг байх.
Яг надад тусалж байгаа зүйл хүүхэд асрагч. Хоёр хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд хүүхэд асрагчаар харуулсан учраас бусад цагт нь ажлаа хийж, сурч, бизнесээ хөгжүүлж, бизнес уулзалтуудад очно, бассейн, фитнест явна, гоо сайханд орно гэх мэт бүх зүйлээ амжуулаад явдаг.
Бизнес эрхлэгч эмэгтэй байна гэдэг маш өндөр хариуцлага. Маш олон хүний өмнө хариуцлага үүрч байгаа учраас хүнд даваа. Гэхдээ үүндээ маш дуртай байдаг. Өдөр бүр яагаад ч юм маш хүчирхэг байхыг, бүх зүйлд цагийн, хувийн зохион байгуулалттай, сэтгэл зүйн маш том дархлаатай байх, тасралтгүй суралцах гээд олон зүйлийг агуулдаг болохоор бизнес эрхлэгч мундаг эмэгтэй байж, үүгээрээ дамжуулан олон охид бүсгүйчүүдэд урам зориг өгөхийг хүсдэг” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.