ЮНЕСКО 1999 онд жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн тунхаглан дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэх болжээ. Бангладеш улсын иргэд 1952 онд өөрсдийн эх хэл Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн байна. Улмаар Бангладеш улсад хоёрдугаар сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгосон аж. Түүнээс улбаалан олон улсын эх хэлний өдөр үүсэлтэй гэж үздэг юм байна.
Дэлхий дээр албан ёсоор танигдсан 7139 хэл байдаг байна. Хүн бүр өөрийн эх хэл, бичиг үсгээ сурах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжлүүлэх, мэдээлэл авах боломж нөхцөлөөр хангагдах эрхтэй.
Монгол улсын хувьд эх хэл (Монгол хэл)-ний өдөртэй. Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд ийм өдөртэй болох зарлиг гаргасан ( 8 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 25) байдаг.Тус зарлигт:
1.Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
2.Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй гэжээ. Харин хамрах хүрээг нь “Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах” хэмээн тодорхойлж өгсөн байна. Тэгэхээр жил бүрийн есдүгээр сарын 1-нд бол Монгол улсын эх хэлний өдөр. Харин жил бүрийн хоёрдугаар сарын 21 нь дээр хэлсэнчлэн олон улсын эх хэлний өдөр юм.
Монгол хэлээр дэлхий нийтэд 10 сая гаруй хүн ярьдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, Монгол Улс (3 сая 300 мянга орчим), БНХАУ (өвөр Монгол 7 сая орчим), ОХУ (буриад Монгол 647 мянга) байдаг. Монгол Улсын иргэд төрөлх эх хэлээрээ хэлд ордог. Гэвч БНХАУ юм уу, ОХУ дахь (Монгол үндэстэн) тухайн улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болох магадлал өндөр болсон талаар зарим эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсэн байх юм. Эх хэлийг тухайн улсын тусгаар тогтнол, үндэстний дархлаа гэж үздэг юм байна. Ийм учраас олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэх утга учир энд оршиж байгаа бололтой.