2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Өвөрхангай аймгийн Засаг дарга Ишдоржийн Доржсүрэн нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр(※)-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Гочоогийн Ганболд оролцов.
Төслийн нэр : “Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”
Уг төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуульд их засварын ажил хийгдэх юм. Үүнд: хичээлийн байрны дээвэр, гадна фасад, дотор засал (хана, тааз, хаалга, шал)-ын ажил, агааржуулалтын систем, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж (анги танхимын гэрэлтүүлэг, аваарын гэрэл, залгуур, унтраалга, цахилгааны самбар, галын дохиолол, холбоо мэдээллийн систем)-ийг суурилуулах ажил хийгдэх ба уг төсөл хэрэгжсэнээр эрүүл, аюулгүй орчин бий болж, тус сумын боловсролын чанар дээшлэх боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 600 дахь, Өвөрхангай аймагт хэрэгжих 20 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 253,011 ам.доллар юм.
“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам