Онцгой байдлын байгууллагад Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар энэ сарын 16-ны 20:00 цагийн орчим гэр лүүгээ малаа тууж явсан нэг гэр бүлийн хоёр хүн хоёр сураггүй болсон тухай дуудлага иржээ.
Тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хоёр малчныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хоёрдугаар сарын 18-ны 10:40 цагт нөхөр 53 настай, эрэгтэйг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олсон бол эхнэр 50 настай, эмэгтэйн цогцсыг 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, цаг агаарын мэдээллийг байнга авч байхыг зөвлөлөө.
Эх сурвалж: ОБЕГ