Монгол Улсын Засгийн Газраас Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд GoMongolia – “Өөдөө тэмүүлэх Монгол” үндэсний зорилтод тулгуурлаж “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.
Дэлхийн газрын зурагт Хөвсгөл нуур нь баавгайн дүрсээр илэрхийлэгддэг төдийгүй их тайга нь баавгайн хөндий хэмээн нэрлэгдэж байгааг билэгшээж ийнхүү Хөх баавгайгаар тодотгож байна. Энэхүү хөтөлбөр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, хилийн бүсийн аялал жуулчлал, боомт худалдаа, зам дагуух аялал жуулчлал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.
Хөвсгөл аймгийн сум бүрийн онцлогт тулгуурлан тогтвортой аялал жуулчлалын эрчимжүүлэх зорилго бүхий хөнгөлөлттэй зээлийг Тогтвортой хөгжлийн төслөөс 2022 оноос санхүүжүүлж байгаа ба сум бүр өөрсдийн нэрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй болох, аялал жуулчлалын өртгийн сүлжээнд бүртгэх, брэнд бүүкээр хангах зэрэг томоохон зорилтыг тавьж байна.
Тухайлбал Арбулаг сум нь Их Монгол Улсын их хаан Мөнхийн туурь, Хотгойдын шадар ван Чингүнжав нарын түүхэн холбогдолтой Цагаанчулуутын овоо, Цагаанбулан, Буурлын овоо, Ёлт, Монгол орны хамгийн өндөр уран тод дүрслэлтэй буган чулуун хөшөө зэрэг түүх дурсгалын газрууд ихтэй. Дэлгэр мөрөнгийн голд загасчлал хийгддэг тул гадаад дотоодын жуулчид ихээр ирдэг. Арбулагийнхан #BlueBear брэнд тараг үйлдвэрлэх зорилттой байгаа бол Улаан Уулынхан аньсны чанамал брэнд бүтээгдэхүүнээ #онцолдог.
Энэ сум нь Улаан тайга, Хорьдолын нуруу, Ар босготын хавцал, Монгушын хавцал зэрэг үзэсгэлэнт газруудтай. Дархадын өв соёл болон тайгын нүүдэл гэх үнэ цэнэтэй биет бус соёлын өв хадгалагдан үлдсэн. Дархадын цагаан адуу болон бөөгийн зан үйлтэй. Харин Баянзүрх сум нь Бошлой хад, Бэлтэсийн гол, Дэлгэр мөрөн голын сав дагуух үзэсгэлэнт газруудтай тул дотоодын аялагч нар маш ихээр зорин ирдэг.
Баянзүрхчүүд сумаа “Байгалийн тансаг Баянзүрх” гэж тодорхойлдог нь ч учиртай. Зэрлэг сонгино элбэг ургадаг, энэ нь эрүүл мэндэд тустай, амт шимтээрээ гайхагддаг тул “Хөх баавгай” нэрээр ногоон сонгино брэнд бүтээгдэхүүнтэй болохоор зорьж байна. Ингэснээр иргэд нутгийнхаа аялал жуулчлалаар дамжуулж, гадаад дотоодын жуулчдад нэрийн бүтээгдэхүүнээ борлуулж, амьдралын чанараа дээшлүүлэхэд оршиж байна.
“Хөх баавгай” брэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон самбар, хаяг стандартчилал нь Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын томоохон бүс нутаг төдийгүй дэлхийн зайлшгүй хамгаалах өвд зүй ёсоор тооцогдох онцгой бүс байх ёстойг илэрхийлэх юм. Хөвсгөлчүүд тогтвортой аялал жуулчлал, тогтмол орлоготой бүс нутаг болохын тулд “Хөх баавгай” хэмээх брэнд нэрийн дор нэгдэж байна.