“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Шар гэгээ” уран сайхны киноны Хоролгаравын дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Л.Жижжаламыг урьж, ярилцлаа. Тэрээр Кино урлагийн дээд сургуулийг тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгсөж, Архангай аймгийн театрт ажиллаж байжээ. Анх оюутан байхдаа “650” гэх инээдмийн кинонд тоглосноос хойш 15 жилийн дараа дахин дэлгэцийн уран бүтээлд тоглосон нь “Бүүвэй” уран сайхны кино юм. Үүний дараа “Шар гэгээ” УСК-нд Хоролгаравын дүр бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн.
-Сайн байна уу. Ярилцлагаа таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн талаар эхэлье.
-Сайн байна уу. Би Архангай аймагт төрж, өссөн. Хүүхэд нас маань Архангай аймагт өнгөрсөн. Би их дэггүй хүүхэд байлаа. Сахилагагүй, марзан, хөгжилтэй хүүхэд байсан. Тийм ч учраас ангийнхан, найзууд гээд намайг хүүхдүүд их хүрээлдэг байсан. Юм ярьж найзуудаа инээлгэдэг, хөгжилтэй, нийтэч байсан. Одоо ч хэвээрээ л байна.
Гэхдээ хүн хүнтэй сууж, хүүхэд гаргахаар цаанаасаа л намбатай болдог юм байна. Одоо арван жилийн найзууд, оюутан ангийнхантайгаа уулзахаар яг л өөрийнхөөрөө чөлөөтэй маазарч, инээлддэг. Яг л тэр насандаа очсон мэт сайхан байдаг.
-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Миний эргэн тойронд байсан бүх л хүн намайг жүжигчин болоорой гэж хэлдэг байсан. Арван жилээ төгсөөд, СУИС-д менежментийн ангид элсэж байсан. Тэр үед яагаад ч жүжигчний ангийн үүдэнд тэднийг хараад зогсдог байлаа. Жүжиглэж байгаа хүүхдүүд л их гоё харагдаж “Нээрээ би чинь жүжигчин болох ёстой юм байна” гэж бодоод, хоёрдугаар курсээсээ менежментийн ангиа хаяад, Кино урлагийн дээд сургуулийн тайз, дэлгэцийн жүжигчний ангид элссэн.
Би хэзээ ч жүжигчин мэргэжил сонгосондоо харамсаж байгаагүй. Миний амьдралдаа хийсэн цөөн хэдэн зөв сонголтын нэг нь миний мэргэжил.
-Өнөөдрийн таныг бүтээхэд хамгийн их дэм болсон дадал тань юу байв?
-Өнөөдрийн намайг бүтээхэд, хувь хүн болж төлөвшихөд миний өөрийн чадвар, дадал гэхээс илүү миний том эгчийн дэмжлэг хамгийн их нөлөөлсөн. Эгч маань намайг үргэлж урамшуулж, дэмждэг.
Аав минь намайг хүүхэд байхад тэнгэрт дэвшсэн. Тэр цагаас хойш их л зүйл үзэж, туулсан. Том эгч маань л бидний сэтгэлийг чангалж “Та нар ийм байх ёстой, ингэх ёстой. Амьдрал ийм байдаг юм. Ингэ, тэг” гээд л аргадахдаа аргадаж, загнихдаа загинаж хатуужуулж өсгөсөн.
Миний ээж бол аавын гар дээр бөмбөрсөн эрх танхи эмэгтэй. Би бас айлын эрх хүүхэд. Миний том эгч л аавын оронд аав болж, өрх гэрийг базаж, зангидаж, биднийг хүмүүжүүлсэн.
Эгч минь “Чи хэнд ч битгий найд. Зөвхөн өөртөө л найд” байнга хэлдэг. Нээрэн л эгчийн минь зөв байсан. Хэнд ч найдахгүй, зөвхөн өөртөө найдаад ирэхийн цагт бүхнийг давж туулах их хүч гардаг юм билээ. Хүн бүрийн дотор агуу гайхамшигтай хүч байдаг. Түүнийг мэдэрч, гаргаж ирэх нь их чухал. Түүнийг гаргаж ирэхэд хэн нэгний түлхэц, дэмжлэг хэрэгтэй. Хэн ч байхгүй, зөвхөн өөрөө өөртөө л найдах цаг тулгарахад хүнээс төсөөлөөгүй ухаан, тэсвэр тэвчээр, чадал гардаг юм билээ. Туулж ирсэн амьдрал л хүнийг сургадаг. Хүн зовлон сайн даадаг ч жаргал даадаггүй гэдэг. Амьдралын уналт босолтоос л туршлага хуримтлуулж, ухаан суудаг юм байна.
-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
–Би тийм байх ёстой, ингэх ёстой гэсэн хэт сүртэй зарчим баримталдаггүй. Зүгээр л амар амгалан амьдрахыг хүсэж, түүнийхээ төлөө алхмууд хийдэг.
Хүн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ хэн нэгнээс, хөндлөнгийн хүнээс хайх бус өөр дээрээ төвлөрөх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө болж бүтэж байгаатай нь, алдаа дутагдалтай нь ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Хүн өөрөө л өөрийгөө оношилдог. Өөртэйгөө сайн ярилцаж, өөрийгөө ойлгох нь маш чухал. Өөрийгөө ойлгосон хүн бусдад өөрийгөө ойлгуулах хэрэгтэй. Хүнийг бас сайн ойлгодог болдог.
Өөрийгөө байгаагаар нь буюу алдаа дутагдалтай, давуу талтайгаа хүлээн зөвшөөрч, бусдыг ч яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд сурах хэрэгтэй. Тэгвэл бүх зүйл маш амар амгалан болно. Ямар зүйл тулгарахад өөрийгөө л ойлгохыг хичээдэг.
Би их азтай. Миний аав их ховор төрлийн олонтой, хүн чанартай их сайхан хүн байсан. Аав шигээ хүнтэй сууна даа гэж бодсоор байгаад яг аав шигээ хүнтэй суусан. Миний хань ижил аав шиг нөмөр, түшигтэй хүн байдаг. Яг л аавдаа эрхэлж байгаа юм шиг эрхэлнэ. Сайхан хүмүүсээр хүрээлүүлж явдаг даа.
Манайн нөхөр найруулагч. Нөхөр СУИС-ийг, би КУДС-ийг төгсөөд, манай нөхөр Төв аймгийн театрт ангийнхантайгаа очиж ажиллаад, дараа нь Увсын театрт очоод, би Архангайд очоод, намайг Төв аймаг руу ирэх үү, Увс руу ирэх үү гээд. Би “Очихгүй ээ” гэсээр манай аймгийн театр найруулагч авна гээд. Нөхрийгөө өөр дээрээ татчихсан. “Манай театр найруулагч авна гэнээ. Чи энд ирж найруулагч хий” гээд. Бид хоёр Архангайн театрт найруулагч, жүжигчнээр хэсэг хугацаанд ажилласан. Бидний амьдралын ихэнх дурсамж, түүх Архангайд өрнөсөн байдаг. Манайх таван хүүхэдтэй. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ харлаа. Би хүүхдүүдээ өөрөө гардаж хардаг, өөрийн гараар өсгөдөг. Тийм болохоор шууд ажилдаа орж, тогтмол ажиллах боломж байхгүй. Бага хүүхдүүд маань нэлээн том болоод, би гэрээс гарч ажил хийх нөхцөл бүрдээд, өнгөрсөн жилээс эхлээд ажлаа хийгээд эхэлж байна.
15 жилийн өмнө оюутан байхдаа анх удаа кинонд тоглож байсан. Оюутан байхдаа би дэлгэцийн ажилд бага оролцдог байсан. Хөдөөний хүүхэд болохоор сургууль амрангуут хөдөө гэр лүүгээ явчихдаг. Манай ангийнхан дэлгэцийн ажил гээд хийдэг. Сургуульд орсон цагаасаа дээд курсын ангийнхны дипломын ажилд оролцоод явчихдаг байсан. Гуравдугаар курсын оюутан байхдаа анхны дэлгэцийн уран бүтээл 650 гээд кинонд тоглоод, түүнээс хойш 15 жил дэлгэцийн өмнө гараагүй байж байгаад өнгөрсөн жилээс дэлгэцийн урлагт хөл тавьж, кинонд тоглож байна. 15 жилийн дараах анхны гол дүр.
Анхны гол дүр нь “Бүүвэй” УСК. Үүний дараа “Шар гэгээ” УСК хийсэн. Одоо манай “Бүүвэй” УСК гарах гэж байна. Энэ сарын 23-аас бүх IPTV гарна гэсэн. Энэ кино маань их онцлогтой. Юу нь онцлог вэ гэвэл өмнө нь Монголд хийгдэж байгаагүй юм билээ. Яг ганцхан хүний кино. Гадаадад, олон улсад тийм ч их хийгддэггүй. Монголд анх удаа хийсэн. Ганцхан жүжигчинтэй бүрэн хэмжээний уран сайхны кино. Дэлгэцээс хөндлөн, камер, планаа мэдэхгүй хүн гэнэт л нэг хүнтэй киноны гол дүр авна гэдэг надад үнэхээр айдастай байсан. Хамтарч ажиллаж байгаа кино групп маань туршлагатай, мэдрэмжтэй, чадвартай баг хамт олон байсан учраас хамтдаа ард нь амжилттай гарсан байх гэж найдаж байна. Бүүвэйгийн дараа Шар гэгээ хийгдсэн. Шар гэгээ үзэгчдэд маш сайн хүрч байна. Бас бүх IPTV-ээр гарч байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.