Дээд шүүхийн Тамгын газар 18 жилийн түүхтэй Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээ татан буулгах шийдвэрээ баталжээ. Эл асуудалд сэтгүүлчид болоод олон нийт бухимдлаа илэрхийлж эсрэг байр суурьтай байгаа юм. Тэд “Монгол Улсын Дээд шүүх хаалгаа барьж, хэвлэл мэдээлэлд таг хаалттай боллоо. Олон нийттэй холбох гүүрээ нураачихаад дээрээс шүүх гоё, шударга ажиллаж байна гэж сурталдах нь” гэх мэтээр байр сууриа илэрхийлсээр байна. Мөн асуудлыг УХРАЛТ гэж үзэж буй.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Р.Ганпүрэвээс асуудлын талаар тодруулахыг хүсэхэд, ярилцлага өгөх боломжгүй гэдгээ хэлсэн юм. Ингээд түүний цахим хаягтаа илэрхийлсэн байр суурийг товчлон үзэгч танд хүргэж байна.
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРИЙН ТОДОРХОЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ ШҮҮМЖИЛСНИЙ УЛМААС БИДНИЙГ ШОГЛОЛОО ГЭЖ ХАРДАЖ БАЙНА
Тэрээр: Дээд шүүхийн Тамгын газар орон тоогоо үлэмж нэмэгдүүлж, 239 хүнтэй “данхар” бүтцээр ажиллах болсон ч 18 жилийн түүхтэй Хэвлэлийн хэлтсээ "татан буулгав". Цөөн хүнтэй ч чадварлаг бүтцээ хамгаалж чадаагүй учир ажлаас гарах шийдвэр гаргаж байна.
Манайх бусад хэвлэлийн алба шиг мөнгө зардаггүй, ер нь л 0 төгрөгийн зардалтайг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэх байх. Гэсэн ч ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсний цаана хамтран ажилладаг сэтгүүлчид та бүхний минь сайхан сэтгэл оршиж байсанд талархаж байна.
Миний хувьд хэвлэлийн алба бол олон нийтийн мэдэх эрхийг хангах алба гэж үзэж, ноён нуруутай, төвийг баримтлан ажиллахыг хичээж ирсэн. Хэвлэлийн ажил багаар хийхэд үр дүн нь илүү байдаг. Гэтэл хэлтсийг татан буулгаад Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхим тус бүрт 1 хэвлэлийн ажилтан байхаар тусгасан нь нэгт сэтгүүлч олддоггүй, хоёрт ажил тарамдах гэх мэт зөндөө л асуудал гарна. Хэлтсээр нь байлгаад хүмүүсээ танхимдаа хуваагаад багаар ажиллах боломж өгөөч гэж хүссэн ч болсонгүй.
Миний хувьд Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн “ангийн охин” Тамгын газрын дарга С.Заяадэлгэрийн тодорхой үйлдлүүдийг удаа дараа шүүмжилсний улмаас түүний шууд оролцон хийсэн бүтцээр хэлтсийг байхгүй болгож “шоглосон” л гэж харж байгаагаа нуумааргүй байна гэжээ.
Бид Улсын дээд шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтантай холбогдож тодрууллаа.
-Сайн байна уу? Танай хэвлэлийн хэлтэс татан буугдсан юм байна. Эх сурвалжтайгаа хэнээр дамжуулж холбогдоно гэсэн үг вэ?
-Өнөөдрийн байдлаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс ажиллаж байгаа. Тийм болохоор хариуцсан хүнээс нь тодруул.
-Цаашдаа яахыг нь асуугаад байгаа юм.
-Цаашдаа яахыг наад хоёр хүн чинь мэднэ.
-Дарга нь хэлтсээ хамгаалж үлдэж чадсангүй гээд ажлаа өгч байгаа юм билээ шүү дээ.
-Мэдэхгүй ээ. Тамгын даргын туслахтай холбож өгье.
Ингээд бид н.Оюунзаяа гэх хүнтэй холбогдож, тайлбар авмаар байгаагаа хэлэхэд, “Дарга өнөөдөр уулзалт, хурал ихтэй болохоор боломжгүй” гэв.
Мөн тэрээр, “Манай улсын дээд шүхэд бүтэц орон тооны өөрчлөлт гарч байгаа. Ингээд хэвлэлийн хэлтсийг өөр хэлтэстэй нэгтгээд, татан буулгасан. Бүтэц батлагдсан ч ажил үүргийнхээ дагуу мэргэжилтнүүд томилогдоод ирэхээр сэтгүүлч, олон нийтийг эх сурвалжуудтай холбох үүрэг бүхий хүн тодорхой болно. Албан ёсоор тун удахгүй мэдээлэл өгөх болно” гэсэн юм.