2024 он бол Монгол улсын үндэсний шигшээ баг тамирчдын хувьд маш хариуцлагатай бөгөөд өндөр үүрэг хүлээсэн жил. Ингэж хэлдгийн учир нь "Парис 2024" зуны олимпын XXXIII наадам зургаан сарын дараа эхэлнэ. Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний салхийг чөлөөт бөхийн төрөл хагалж байна.
Монголын чөлөөт бөхийн холбооноос 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 11-нээс 14-ний өдрүүдэд Буянт-ухаа спортын ордонд зохион байгуулж байна. Үүний дараа Буудлага спортын холбооноос буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингээд ар араасаа спортын гол төрлүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд үргэлжлэн явагдана.
Энэ өдрүүдэд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпын оноо олгох Португалын гран при залгуулаад Парисын "Их дуулга"-д зодоглохоор хилийн дээс алхаад байгаа билээ.
Өрөг.mn сайтын зүгээс БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгтээс цөөн асуултад тодруулга авлаа.
2024 оны олимпын эрх олгох тэмцээнүүдийн хувьд үндэсний шигшээ багийн тамирчид маш шахуу хуваарьтай байгаа байх?
Жүдо бөхийн баг тамирчид Португалын гран при, үргэлжлүүлээд Парисын "Их дуулга"-д зодоглоно
БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт
Шинэ он гарсаар хамгийн эхний тэмцээн бол буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Энэ тэмцээн хугацаа гэнэт наашилж болсон. Эхний хоёр байрт шалгарсан тамирчин Парисыг зорих эрхээ авах байсан. Харин эхний хоёрт байрт шалгарч, алт, мөнгөн медаль авсан хоёр тамирчин хоёулаа Энэтхэг улсын тамирчин байсан. Нэг тамирчин нь өмнө нь эрхээ авсан байсан учраас дараагийн тамирчин руу шилжиж манай тамирчин ОУХМ Э.Даваахүү маань амжилттай эрхээ авлаа. Дараагийн тэмцээнүүд бол ар араасаа үргэлжилнэ. Хоёр гурван янзын тэмцээн бий. Нэгдүгээрт нь жүдо бөхийн спортын төрлийн хувьд оноо цуглуулах гэж байгаа, шууд эрх олгох гэж байгаа, чансаа ахиулж байгаад чансааныхаа эрэмбээр эрхийн тэмцээнд оролцох гээд хоёр, гурван янзын шалгууртай тэмцээн бий. Тэрний дагуу ерөнхийдөө жүдо бөхийнхөн маань олимпын оноо цуглуулах тэмцээнд оролцоод, хамтарсан бэлтгэлдээ оролцоод явж байна. Эрхийн тэмцээний орох төрлүүд болохоор хамтарсан бэлтгэл, дотоодын бэлтгэл энэ зүйлүүд рүүгээ илүү чиглээд, төлөвлөөд ажиллаад явж байна.
2024 онд Парисыг зорих хэдэн эрх авахаар төлөвлөж байна вэ? Хамгийн гол нь Монголчууд сүүлийн хоёр олимп буюу Бразилын Рио Де Жанейро мөн Токиогийн олимпоос алтан медаль зүүж чадаагүй? Медалийн чанарт хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Парисын олимпт "медалийн чанар"-т илүү анхаарна
БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт
Олимп, паралимпын наадамд бол ерөнхийдөө 50 эрх авна гэсэн тоо тавьчихаад явж байгаа. Тэгээд яг энэ эрхээ авах бол бид нарын мөрөөдөл, зорилго. Энэ жилийн зорилго ийм байна. Гэхдээ бид нар үүнд хүргэхээсээ илүүтэйгээр яг өнөөдөр "медалийн чанар" дээрээ анхаарах талаас нь төвлөрч ажиллаж байгааг хэлье. Медалийн чанар буюу 2008 оноос хойш олимпын наадмаас хүртэж чадаагүй алтан медалийг авчрах, паралимпын наадамд бол 2022 онд болсон Токиогийн олимпын наадамд хүртсэн алтан медалийн амжилтаа бататгах гэсэн ийм том зорилгыг тавиад ажиллаж байгаа.
Үндэсний шигшээ багуудын бэлтгэл, сургуулилт илүү идэвхжиж байна уу?
БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт
Шигшээ багийн бэлтгэл сургуулилт ерөнхийдөө холбоодууд маань төлөвлөгөө гаргаад бид нар хяналт тавиад явж байна. "Дэмжих баг" буюу дөрвөн чиглэлийн баг ажлаа үргэлжлүүлж байна. Тэгээд бид нар энэ 2024 оны Парисын олимпын наадам хүртэл илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр илүү олон тамирчдад хүрч ажиллахаар зохион байгуулж байна.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.