Автомашины RFID наалт болон торгуулийн асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээллээ.
Тэрээр “Хоёр зүйлийг тодруулж хэлье.
- Нэгдүгээрт, одоо тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Мөн ямар нэгэн торгууль зэрэг хийгдэхгүй.
- Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээнд шилжээгүй тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхэд ямар нэгэн байдлаар хязгаарлалтын арга хэмжээ авч, хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн хязгаарлалтын арга хэмжээ хийгдээгүй учраас энгийн горимоор тээврийн хэрэгслийг цахимжуулах ажлыг хийх хэрэгтэй.
Улаанбаатар хотын хувьд долоодугаар сар гэхэд бид 4470 ширхгийг нийлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод олгогдоод явж байна. Зам тээвэр, хөгжлийн яамны хувьд үлдсэн 800 гаруй мянган таг-ийн худалдан авалтыг зохион байгуулсан. Энэ нь 21 аймгаар явж байна. Мөн үлдсэн нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдэд наагдах ёстой. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын хувьд таг дууссан, хомсодсон зүйл байхгүй. Тендерээр нийлүүлсэн үнэ 6700 төгрөгөөр наагдаж байна.
Өнгөрсөн долоодугаар сард Зам тээвэр, хөгжлийн яам НЗДТГ хамтран нийт 100 гаруй ажилтныг цахим гэрчилгээ олгох үйл явцад хамруулахаар сургалтад хамруулсан. Эдгээр 100 хүн одоогийн байдлаар бүрэн хүчин чадлаар ажиллаж байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Цэг цөөн байгаа нь үнэн. Бид нийслэлээс байнга АТҮТ-д энэ асуудлаар хандсан. Энэ хандсан асуудал маань цэгийн тоог олшруулах, И-март, Номин зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр цахим гэрчилгээ олгох асуудлыг удаа дараа шаардаж байна” гэв.