Эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар өнөөдөр ХЗДХЯ-аас мэдээллээ. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэргийн ялын бодлогын өөрчлөлтийг танилцууллаа.
“Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт өмнө нь зөрчлийн хуулиар жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог байсан. Мөн ингэж эрхээ хасуулсан хүн дахин ийм үйлдэл гаргасан байвал шүүхээс 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байсан. Шинэ хуулиар жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд өөрчлөлт орсон.
Мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон. Эрхээ хасуулсан хүн дахин ийм үйлдэл гаргасан байвал Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж, 1-3 жилийн хугацаанд жолоодох эрхийг хасаж, 2,7-14 сая хүртэл төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 6 сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 6 сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих шийтгэл үзүүлэх зэрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн ялын бодлого чангарч байна” гэв.