Гадаадын иргэн, харьяатын газар 2023 онд гадаадын 44831 иргэнд визийн зөвшөөрөл, 40734 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгосноос 31242 визийг цахимаар олголоо. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт 3 дахин, цахим виз олголт 4 дахин өссөн байна.
Мөн гадаадын 23555 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 19488 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган оршин суух зөвшөөрөлтэй 12658 иргэний бүртгэлд хасалт хийлээ. Оршин суух зөвшөөрөл олголт 2022 онтой харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 34992 оршин суух үнэмлэхийг шинээр хэвлэж, 4664 үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгалаа.
Түүнчлэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чирэгдэл, олон шат дамжлагыг багасгах зорилгоор 2021 оноос хойш цахимжилтын ажлыг тасралтгүй хийсний үр дүнд виз, зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 7-15 удаа биечлэн ирдэг иргэдийн ачааллыг хоёр удаа ирдэг болгон бууруулж, цахимаар үйлчилгээ авах нөхцөлийг бий болголоо. Ингэснээр 2023 онд цахим үйлчилгээний системээр нийт 115211 хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлээд байна.